Шөлний хонь 280  мянган төгрөгт хүрч, шинэ махны эрэлт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Шөлний хонь 280  мянган төгрөгт хүрч, шинэ махны эрэлт нэмэгджээ

Баяр наадам хаяанд ирж, уухайн түрлэг эгшиглэж, гийнгоон дуу цангинаж байна. Урианхай сурын харваа өчигдөр эхэлж, баяр наадмын уур амьсгал хэдийнээ оржээ. Цар тахлын улмаас нэг жил өнжсөн Монголчууд өнөө жил дэнж хотойтол сайхан наадах нь ээ.  Баяр наадмын ширээг шинэ шөл, хорхогийн хоньгүй төсөөлшгүй. Тиймдээ  ч нийслэлчүүд бид наадмын ширээний зоогоо голцуу “Эмээлт” захаас авдаг. Энэ жилийн тухайд шатахууны үнийн өсөлт, “Эмээлтэд” үүссэн үйлдвэрийн махны асуудлаас улбаалан амьд хонины үнэ бага зэрэг нэмэгджээ. Бид шөлний хонины үнэ ханшийг сурвалжлахаар “Эмээлт” захад өнжлөө.

“Эмээлт” захын үүдээр ороход шар тор барьсан хүмүүс машин руугаа махаа зөөж байна. Харин амьд малын хашаанд малчид “ямар хонь авах вэ, сайхан тарган эр хонь байна” шүү гэхчлэн угтаж авлаа. Баярын өдөр хаяанд ирсэн тул хүмүүс ч хорхогны хонинд гар татахгүй. Ченжүүдээс  ханшийг лавлахад төлөг 130-150 мянга, эр хонь 230-280 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгааг хэллээ.

Баярын өдрүүд хаяанд ирсэн энэ л үед малчдын халаас түнтийдэг нь худлаа биш юм. Хорхогны хонь дунджаар 130-300 мянган төгрөгт хэлбэлзэх аж. Ченжүүд бүгд “Хонь аваарай”  гэж дуу дуугаа түрэх ч үнээ буулгах нь ховор. Хамгийн хямд хонь 130 мянгаас буулгаад 120 мянган төгрөг. Харин нас бие гүйцсэн, тарга тэвээргэтэйг нь авъя гэвэл 250 мянган төгрөг байна. Энэ талаар ченжүүдээс тодрууллаа.

БАРУУН АЙМГУУДААС ОРЖ ИРЖ БУЙ ХОНЬ ҮНЭТЭЙ БАЙНА

 

Ченж А.Батбаяр:

-Худалдан авалт гайгүй байна. Хонь ер нь хямдхан байна. Төлөг 120-150, эр хонь 150-270 мянга байна. Хүмүүс амьд хонь авах нь ихэссэн. Ноднин жил мөн наадам дөхөхөөр ингэж авдаг байсан. Энэ жилийн хувьд хонины үнэ жаахан өсөлттэй байна. Хөдөө орон нутагт түлш ямар үнэтэй болсон билээ. Баруун аймагт нэг литр түлш 4000 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр чинь өсөлгүй яах вэ. Ганц нэг хүмүүс хонь авчих гээд ирэхээр мах нь өндөр үнэтэй, түлш нь үнэтэй хэцүү л байх шиг байна. Ард түмний амьдрал хэцүү байх шиг байна. Төсвийн байгууллагынхан сарын нэг сая төгрөгийн цалинтай учраас хэдээр нь хонио авч, хэдээр нь амьдрах юм хэцүү шүү дээ. Уг нь болдог бол цалингаа нэмэх хэрэгтэй.

Ченж Ч.Гансүх:

-Хонь ер нь гайгүй үнэтэй байна. 150-280 мянган төгрөгийн хооронд байна. Дундаж нь 200 мянгатай байна. Маргаашнаас хүмүүс ихэснэ биз. Өдөртөө 20 хонь зарж байна. Махны үнэ ер нь нэмэгдсэн. Эмээлтийн  муу махны асуудлаас болж хүмүүс амьд малын мах авах нь ихэссэн. Цэвэр эко мах чинь энэ байна шүү дээ. Эр ямаа 150-170 мянгын хооронд үнэтэй байна. Хүмүүс голцуу  боодог хийхээр ямаа авч байна.

 

 

Ченж Ж.Дэмбэрэлжав:

-Төлөг 120-150 мянгын хооронд байна. Шүдлэн хонь 200 мянга, эр хонь 200-250 мянгын хооронд байна. Махны үйлдвэрүүдийн мах янз бүрийн бодис хэрэглэсэн гээд зурагтаар гарсан. Тиймээс амьд малын авах нь түлхүү байна. Нүдээрээ хараад, янзлуулаад авна гэвэл “муу” махнаас шөл өөр шүү дээ. Хөдөөнөөс голцуу мал их орж ирж байна. Бензиний үнэ нэмэгдэхэд махны үнэ бага зэрэг нэмэгдсэн. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулаад “шальтай” нэмэгдээгүй. Архангай, Өмнөгөвь, Төв аймгаас голцуу ирж байна.

 

ИДЭШНИЙ ХОНИО Л 210-250 МЯНГАН ТӨГРӨГТ БЭЛДЭЖ БАЙНА

Иргэдийн зүгээс ганц нэг тор барьсаар хонины үнэ ханшийг лавлан ченжүүдээс аль нь тарган бэ гэхчлэн яриа өрнүүлж байна. Нар хэдийн хэвийсэн тул энд хүний хөдөлгөөн буурчээ. Бидэнтэй тааралдсан иргэн Г.Бадрахаас үнэ ханшийн талаар тодруулбал “Хонины үнэ тэнгэрт хадсан байна. Шөлнийхөө хонийг 200 мянгад бэлтгэхээр сонирхож явна. Гэтэл тарга тэвээрэг нь дундаж хязаалан хонь 200 мянгаас л эхэлж байна. Үүнээс хямд гэхээр туранхай юм. Ченжүүд хониныхоо үнийг таван мянгаас илүүгүй бууруулахгүй гэж байна билээ. Өнгөрсөн жил наадмаар 170 мянган төгрөгт нас биед гүйцсэн тарган хонь авч байсан. Энэ жил идэшний хонио л 210-250 мянган төгрөгт бэлдэж байна. Монголчууд идэх махгүй болчих юм уу. Малынхаа махыг тэнгэрт хадсан үнээр л авч идэж байгаад бухимдалтай л байна” гэлээ.

Нийслэл, гэлтгүй хөдөө орон нутагт махны үнэ нэмэгджээ. Тухайлбал, нийслэлд энэ долоо хоногт махны үнэ бага зэрэг өсчээ. Нийслэлийн статистикийн мэдээллээс үзэхэд “2022 оны долдугаар сарын I долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 17 016 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15 214 төгрөгийн үнэ ханштай байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 138 төгрөгөөр өссөн,  үхрийн цул махны үнэ 245 төгрөгөөр буурсан байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 52 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ 58 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10 000 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

ХОНЬ МУУЛАХАД 20 МЯНГАН ТӨГРӨГ, ХУЙХЛАХАД 40 МЯНГАН ТӨГРӨГ

“Эмээлт” захад хонь муулах цэгийн гадна шар тор барьсан хүмүүсийн хөл хөдөлгөөн их. Амьдаар нь ачиж явахаас илүү саяхан авсан хонио хоёр тор мах болгоод авч яваа хүн олон. Хонио зарсан ченжүүд тэргэн дээр хоёр, гурваар нь түрсээр мал муулах цэг рүү оруулдаг.

Мал муулах цэгт ажилладаг иргэн Г.Баярсайхан “Наадам дөхсөн хөл хөдөлгөөн ихтэй байна. Хүмүүс хонь гаргаж чадахгүй, мэддэг нь ховордсон. Жилээс жилд хонио авчхаад муулуулдаг хүмүүс их болсон” гэв. Залуусын хувьд хонь муулж чадахгүй нь их. Гэдэс цэвэрлэдэг нь ч ховор аж. Иргэдийн зүгээс зах дээр муулуулж, цэвэрлүүлэх нь илүү хялбар гэдгийг хэлж байсан юм. Дээр нь хонио өөрсдөө гаргаж, цэвэрлэх нь ажиллагаатай, хагас өдрийг бардаг тул иргэдийн хувьд хонио авсан даруйдаа гаргуулдаг болсон. Үнийн хувьд 20 мянган төгрөг, харин хуйхлахад хэмжээнээс хамаарч  35-40 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.

“Эмээлт” захад хонь зарах, төхөөрч цэвэрлэхээс авхуулаад хуйхалж, хорхог боодог хийхэд бэлдэх хүртэл бүх үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Бүтэн хонь хуйхлуулж, угааж цэвэрлүүлэхэд 45 мянган төгрөгийн үнэтэй аж. Үүнээс гадна тус захад айраг, сүү цагаан идээ зарж буй хүмүүс ч цөөнгүй байна. Архангайн айраг литр нь 8000 төгрөг бөгөөд Архангай аймгаас орж ирсэн талаар худалдаачид ярьж байлаа.

Гэрэл зургийг Б.Эрдэнэ-Билгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж