Орчин цагийн боолчлол

Хуучирсан мэдээ: 2022.07.08-нд нийтлэгдсэн

Орчин цагийн боолчлол

Орчин цагийн боолчлол

Олон өнгийн амьдрал эрээлжилсээр, үргэлжилсээр. Бидний зарим улам л хүнлэг бус болж, үрээ энэрч, хайрлах нь битгий хэл араатнаас ч дор сэтгэхүйдээ хөтлөгдөн, уруудсаар л байна.

Нэгэн аймгийн цагдаагийн албан хаагч ярихдаа “…Аав, ээж нь гэрээ хийгээд, өөрсдийнхөө дансаар мөнгийг нь авч, хүүхэд нь өөр аймагт ажилладаг байсан тохиолдол бий. Тэр хүүхэд энд ирээд, хар үгээр хэлэхэд зарцын байдалтай, бүх л ажлыг нь хийж байгааг амьдрал дээр нь очоод харж байсан. Зарим хүүхэд гэрээ байхгүйгээ шууд хэлдэг. Зарим нь гэрээ байгаа гэдэг боловч харуулж байсан удаагүй” гэжээ.

Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын нэг хэсэгт “Найз маань онц сурдаг, ирээдүйд хуульч болно гэж ярьдаг байсан. Гэхдээ аав нь нас бараад, ээж нь өвчтэй болсон болохоор эцэг, эхийнхээ тавьсан өрийг дарах гээд аргагүйн эрхэнд 11 дүгээр ангиасаа сургуулиа хаяад, ажил хийж байна. Сардаа олсон мөнгөө өр төлөхөд зарцуулдаг болохоор гэртээ болон өөртөө юм авч чаддаггүй. Хүүхдэд өгдөг хөдөлмөрийн хөлс бага болохоор хоёр ажил хийж, сардаа 500.000-800.000 төгрөг олдог ч хүрэлцдэггүй.

Манай найз өглөө нь цагийн ажил хийдэг, худалдагч, бараа өрөх гэх мэт, үдээс хойш бааранд ажилладаг. Надад ажил хийдэг найз олон бий. Бид ажил хийж, олсон мөнгөөрөө энэ найзынхаа гэрт хоол унд авч өгдөг. Саяхан мөнгөө нийлүүлээд гэрт нь хонины мах авч өгсөн. Бүтэн том хонины мах авах гэсэн хүрээгүй л дээ. Тэгээд төлөгний мах авч өгсөн…” гэжээ.

Монгол Улсад хүүхдийн хөдөлмөр энэ мэтчилэн ядуурлаас их хэмжээгээр шалтгаалж байна. Ядуурал хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг хааж, үүнийг дагаад хүрэлцээтэй цалин хөлстэй хөдөлмөр эрхлэх нөхцөл буурахад хүргэсээр буй юм. Улмаар амьжиргааны түвшин доройтсоноос үүдэн гэр бүлийн зөрчил маргаан нэмэгдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цаашилбал үл хайхралт, хараа хяналтгүй хүүхэд бий болох нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар ярьж хэлэх хүн олон ч энэ асуудалд тодорхой ахиц дэвшил гарсангүй.

Монгол Улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцод нэгдэн орсноос хойш 20 гаруй жил өнгөрчээ. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг тодорхойлох, устгах, хүүхдийн хөдөлмөр эрхлэх насыг аажмаар бууруулах талаар бүрэн, цогц эрх зүйн орчин бүрдээгүй хэвээр байна.

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын 2008 оны “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” судалгааны тайланд “хүүхдийг өрийн төлөөс, хамжлагын албат болгох үйлдлийг гэмт хэрэг гэж тооцохоор Эрүүгийн хуульд тусгах шаардлагатай” гэж дүгнэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалт алга.

Монгол Улсад 2012 оны байдлаар 93968 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 5-11 насны 31301, 12-14 насны 28945, 15-19 насны 33,722 хүүхэд, хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 50869, эмэгтэй 43099 хүүхэд эзэлж байжээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн санд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бүртгэдэг мэдээллийн бааз бий. Гэвч мэдээллээ бүртгэдэг аргачлал нь тодорхойгүй, орон нутгийн хүүхдийн байгууллагын ажилтнууд мэдээлэл бүртгэх аргачлалаа ашиглах чадвар сул байгаагаас мэдээлэл зөрүүтэй бүртгэгддэг байна. Мэдээллийн эргэлт байхгүйгээс хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд үзүүлэх хариу үйлчилгээ, тэдний эрхийг хамгаалах асуудал орхигддог аж.

Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэх шалтгааныг нэг талаас ийнхүү ядуурал, түүнээс үүдсэн архидалт, үл хайхралтай холбон тайлбарлаж болох. Гэвч нөгөөтэйгүүр ядуу өрхөд амьдардаггүй боловч ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд цөөнгүй байдаг ажээ. Тэдгээр хүүхдүүдийн нөхцөл байдлыг авч үзвэл эцэг, эхийн хараа хяналт муу, үл хайхралд өртөн ажил, хөдөлмөр эрхлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирох эрсдэл өндөр байдаг байна.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь эцэг, эхийн боловсролгүй, хорт зуршилтай, өрхийн ядуурал, түүнээс үүдэлтэй архидалтаас хамаарч буй. Мөн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт тооцогдох гэмт хэрэг, зөрчил, хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлтэд өртөх байдал нь ядуурлаас тэр бүр хамааралгүй, харин үл хайхрахтай холбоотой болохыг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Түүнчлэн ядуурал болон үл хайхралд нэгэн зэрэг өртсөн хүүхэд байхыг үгүйсгээгүй юм.

Судалгаагаар өрхөд ажил хийдэг хүний тоо нэмэгдэх тусам хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурах харилцан хамаарал илэрчээ. Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад суралцагчдыг ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхдүүдтэй харьцуулахад ажил эрхлэлт 1.8 дахин их байгаа нь ажиглагджээ.

Ажил хийдэг хүүхдүүд мөнгө олохын зэрэгцээ гэрийн ажлаас гадна насанд хүрсэн хүний ажил, хөдөлмөрт үнэ төлбөргүй туслах байдлаар сурч боловсрох, ирээдүйгээ сайхнаар төсөөлөх итгэлгүй нөхцөлд амьдарч буй нь харамсалтай юм.

“Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэдгийг “Боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буюу албадан оролцуулах зэрэг боолчлолтой төстэй үйл ажиллагаа хамаарна” гэж тодорхойлжээ.

Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай нэмэлт конвенцийн IV хэсгийн 7 дугаар зүйлийн (а) хэсэгт өрөнд баригдаж боолчлогдсон, өөрөөр хэлбэл өртэй хүн өөрийнхөө, эсхүл өөрөөсөө хараат хүний үйлчилгээгээр өрөө төлөх үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүссэн барьцааны байдал буюу нөхцөл, эсхүл тэрхүү хөдөлмөрийн шинж чанар, үргэлжлэх хугацаа нь тодорхой бус бол гэж заасан байна.

Судалгааны явцад эцэг, эхийнхээ өрийг төлөх, орон гэргүй болох эрсдэлийг давхар үүрч ажил, хөдөлмөр хийж буй хүүхдүүд байсан нь дээрх конвенцод заасан “…хараат хүний үйлчилгээгээр өрөө төлөх үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор үүссэн барьцааны байдал буюу нөхцөл…” гэж заасантай дүйцэхүйц хэлбэрүүд ажээ.

Иймд хүүхдээ албадан хөдөлмөрлүүлэх эрсдэлд оруулж буй эцэг, эх, асран хамгаалагчид хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгах шаардлагатай байгааг Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд онцлон тэмдэглэжээ.

Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай нэмэлт конвенцэд “…хөдөлмөрийн шинж чанар, үргэлжлэх хугацаа нь тодорхой бус…” гэж тодорхойлсон тэвчишгүй хэлбэрийн хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд судалгаагаар цөөнгүй илэрсэн аж. Ялангуяа чанарын судалгааны явцад хүүхдүүд ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ, иргэний хэлцэл байгуулаагүйгээс үүдэн ямар ажил хийж гүйцэтгэх, хэдэн цаг ажиллах, ямар нөхцөлд, хэр хэмжээтэй ажил үүрэг гүйцэтгэхээ мэдэхгүйгээр ажиллаж буйгаа илэрхийлжээ.

Чанарын судалгааны явцад ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдээс гэрээ байгуулж ажил хийсэн нэг ч хүүхэд байгаагүй байна. Тоон болон чанарын судалгааны үр дүнг нэгтгэж үзэхэд дээр дурдсанчлан эцэг, эх нь хүүхдээ өөртөө туслуулах, эсвэл танилынхаа ажлын байранд ажиллуулах нь элбэг. Энэ тохиолдолд гэрээ байгуулахгүй, зөвхөн амаар тохиролцдог нийтлэг жишиг ажиглагджээ.

Хараа хяналтгүй хүүхдүүд хар тамхинд орох тохиолдол их. Тэд айх, санаа зовох юмгүй хэрэглэдэг байна.

Судалгаанд оролцсон нэгэн хүүхэд “Уг нь хүн уруу татахыг “нүгэл” гэж ярьдаг мөртлөө нэгнийгээ татуулаад, шоолсоор байгаад оруулдаг. Бага багаар дуртай болдог. Өвсийг хүмүүс зүгээр гэж боддог. Хамаг юмных нь суурь тамхи. Тамхи татаж чаддаг хүн өвс татна. Тэгээд эм ууна. Дараа нь сэргээшийн төрөл рүү орно. Цаашдаа хүндрэх магадлалтай…” гэж ярьжээ.

Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад, сүүлийн гурван жилд мансууруулах бодис худалдан борлуулах гэмт хэрэг үйлдсэн хүүхэд илрүүлээгүй, зөвхөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн 1067 хүүхдийг судалгаанд хамруулсан байна. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь мансууруулах бодис огт хэрэглэж байгаагүй, 13 хувь нь ганц удаа хэрэглэж байсан, 2 хувь нь хааяа хэрэглэдэг гэсэн бол 11 хувь нь олон удаа хэрэглэж байсан гэж хариулжээ.

Баримт бичгийн судалгаанаас хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисын хэрэглээ, эргэлтэд хүүхдийг ашиглах байдал илрээгүй байна. Гэвч энэхүү судалгааны хүрээнд мансууруулах бодис хэрэглэдэг 18 настай сурагч хүү хүүхдүүд төрөл бүрийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхи хэрэглэж, борлуулдаг тухай ярьжээ.

Харин мансууруулах бодис дамжуулан худалдагч буюу “дилер” гэх этгээдүүд мансуурах дуршилд нь тулгуурлаж хүүхдийг улам донтуулдаг байна. Улмаар тогтмол хэрэглэдэг болсных нь дараа цааш илүү ихийг борлуулах нөхцөлтэйгөөр тухайн хүүхдэд тодорхой хэмжээний хар тамхи үнэгүй өгч, байнгын борлуулагчаа болгодог аж.

Монголын ирээдүй болсон үр хүүхэд, үндэс угсаагаа хамгаалах юу юунаас чухал болсныг санацгаая!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж