ОХУ Украинд довтлоод 20 дахь долоо хоногтоо орж байна. Сүүлийн долоо хоногуудын байдлаар Оросын цэргүүд Северодонецкийн баруун захад Сиротиныг авахаар тулалдсан. Тэд Лысычанскийн бүслэлтээ үргэлжлүүлж, баруун зүгт Вовчояривка, өмнөд хэсэгт Рай-Олександривка, Лоскутивкийг авав. Сиверский Донец голын хоёр эрэг дээр Лисычанск хотын бүслэлт дуусах дөхөж байгаа тул оросууд гарам бэлдэж байна гэж “Al Jazeera” мэдээллээ. Мөн Лысычанскаас баруун өмнө зүгт Берестовыг эзлэхийг оролдож байгаа аж.
Тэгвэл Украины тал 1026 сууринг Оросын хяналтаас эргүүлэн авчээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский Ням гаригт Оросын ширүүн довтолгооны дараа Донбассын зүүн бүс дэх Лысычанскаас украин цэргүүд гарсныг хүлээн зөвшөөрсөн. Тэд барууны алсын тусгалын зэвсгийн тусламжтайгаар тус бүс нутагт хяналтаа эргүүлэн авна гэдгээ амлаад байна.
Украины цэргүүд ухарч буй хэдий ч дайны чухал эргэлтийн үйл явдлууд энэ зун өрнөнө гэж мэдэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Зүйрлэвэл украины цэргүүд пүрш адил ухарч байгаад эргээд хүчтэй харвана гэж мэдэгдсэн.
“Reuters” агентлагаас Даваа гаригт мэдээлснээр, өдгөө байлдааны гол цэг Донецк муж руу шилжсэн бөгөөд Киев газар нутгийнхаа зарим хэсгийг хяналтдаа авсан хэвээр байгаа аж. Украины зэвсэгт хүчин Орост эзлэгдсэн өмнөд хэсгийн Мелитополь хот дахь Оросын бааз руу 30 гаруй удаа цохилт өгчээ. Оросын албаны хүн ч үүнийг баталгаажуулсан байна.
Дайн судлалын хүрээлэнгээс долдугаар сарын 3-нд гаргасан хамгийн сүүлийн үеийн дайны газрын зургийг доор үзүүлэв.
ОРОС, УКРАИНЫ ДАЙНД БУСАД УЛСЫН ОРОЛЦОО
Калининград руу чиглэсэн төмөр замын нийлүүлэлтийг хааснаас болж Орос улс Литвийг заналхийлээд буй. Литва нь баруун, зүүн талаараа Оросын нутаг дэвсгэртэй хиллэдэг, төмөр замын ачаа тээврийн гол суваг юм. Уг төмөр замыг хааснаар ган болон бусад хар металын тээвэрлэлт зогссон.
АНУ-ын конгрессын гишүүн Адам Кинзингер Украины нисгэгчдийг сургах хуулийн төслийг өргөн барьлаа. Тодруулбал, Украины нисгэгчдэд F-15, F-16 сөнөөгч онгоцыг зааж сургана. Энэ нь Украинчууд НАТО-ийн байлдааны онгоцуудыг хамгаалалтад авах өдөр ойрхон ирсэн гэдгийг Орост харуулж байна.
Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас Европын орнуудад Путиныг дутуу үнэлж болохгүй гэж анхаарууллаа. “Одоо Оросын арми ядарч туйлдсан учраас онцын аюул заналхийлэл учруулж чадахгүй гэж ярьцгааж байна. Үгүй ээ. Тэд алдаж буй амьдрал, зэвсэг алийг нь ч тоодоггүй” гэж тэр хэлжээ.
Украины тал өнгөрсөн долоо хоногт Беларусийн нутаг дэвсгэрт байгаа цэргийн байгууламжид цохилт өгөхийг оролдсон ч амжилт олоогүй гэж Александр Лукашенко мэдэгдсэн. Гэвч Лукашенко уг мэдэгдлийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд Украины арми ч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Беларусь улс Украинтай дайн хийхийг хүсэхгүй байгаа ч өөрийн нутаг дэвсгэрт халдвал тулалдах болно гэжээ.
ДИПЛОМАТ ХАРИЛЦАА БА ЭДИЙН ЗАСАГ
ОХУ энэ сард төлөвлөсөн засвар үйлчилгээгээ зогсоосон тул “Хойд урсгал 1” хоолойгоор хий дамжуулахаа зогсоож магадгүй гэж Германы Эдийн засгийн сайд мэдэгдэв. Оросоос Европ руу Балтийн тэнгисээр дамжин байгалийн хий нийлүүлдэг тус хоолойн ээлжит засвар үйлчилгээг энэ сарын 11-21-ний хооронд хийхээр төлөвлөсөн. Энэ нь байгалийн хийн нийлүүлэлтийг бууруулах, цаашлаад бүрмөсөн зогсоох алхам байж магадгүй аж. Орос улс хийн нийлүүлэлтээ багасгасны дараа Герман улс өнгөрсөн сард гурван шатлалт яаралтай хийн төлөвлөгөөнийхөө хоёр дахь шат руу шилжжээ.
АНУ Украинд “Nasams”-ын хоёр пуужингийн систем, дөрвөн нэмэлт сөрөх их бууны радар, 155 мм-ийн их бууны сумыг илгээх боллоо. Энэхүү хамгийн сүүлийн тусламжийн багц нь 820 сая ам.долларын үнэтэй. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Мадридад болсон НАТО-ын дээд хэмжээний уулзалтын дараа эл шийдвэрээ зарлав.
Оросын батлан хамгаалах салбарыг бүрдүүлдэг олон тооны компани, түүний удирдлагууд болон хөрөнгө оруулагчид барууны хоригт өртөөгүй байна. Барууны орнууд Оросын батлан хамгаалах үйлдвэрүүдэд хориг арга хэмжээг хэсэгчлэн авсаар байгаа боловч бас л бүрэн гүйцэд болоогүй байгааг “Reuters” агентлаг дэлгэжээ.
Тодруулбал, Оросын зэвсгийн фирмүүдийн 30 шахам удирдагч, дор хаяж 14 батлан хамгаалах компани аливаа хориг арга хэмжээнд өртөөгүй байна. Их Британи, АНУ, Европын холбоо хориг арга хэмжээг хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэв. Зарим засгийн газар нь торгууль ногдуулсан бол зарим нь ямар ч шийтгэл оногдуулаагүй байжээ.
Хориг арга хэмжээ Оросын эдийн засагт хэрхэн нөлөөлснийг “BBC” агентлаг нэгтгэжээ. ОХУ-ын жилийн инфляц 2021 оны тавдугаар сард зургаан хувьтай байсан бол өнгөрсөн тавдугаар сард 17.1 болж өссөн байна. Илүү нарийвчилбал, Оросын жижиглэнгийн худалдаа 8-9 хувиар, машины борлуулалт 83.5 хувиар тус тус буурчээ. Мөн 2022 онд тус улсын ДНБ-ийг 7.8 хувиар буурна гэж албан ёсоор таамагласан бол Олон улсын санхүүгийн институтиэс дэвшүүлсэн албан бус таамгаар 30 хувь гэж гарчээ.
Европын засгийн газрын удирдагчдын зөвлөл Украинд есөн тэрбум еврогийн макро санхүүгийн тусламж үзүүлэх болсон. Мөн Батлан хамгаалахын сайд нарт цэргийн дэмжлэгийг цаашид нэмэгдүүлэх чиглэлээр яаралттай ажиллахыг үүрэгдсэн байна.
Европын зөвлөл Оросыг “хүнсээр зэвсэглэсэн” гэж зэмлэжээ. Энэ нь Украины нутаг дэвсгэрээс үр тариа гаргах ажиллагааг тасалдуулж, Хар тэнгисийн Одесса боомтод хориг тавьсантай холбоотой. Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг өдөөж буй Орос улс хариуцлагаа өөрөө үүрнэ гэж Европын зөвлөл үзэж байна.
Эх сурвалж: AL JAZEERA, REUTERS, BBC, NATIONAL REVIEW
Холбоотой мэдээ