Айлчлал: Сингапурын туршлага, менежментээр нийтийг орон сууцжуулна

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Айлчлал: Сингапурын туршлага, менежментээр нийтийг орон сууцжуулна

Айлчлал: Сингапурын туршлага, менежментээр нийтийг орон сууцжуулна

Манай сурвалжлагч Б.Батболд Сингапураас мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Сингапурын Хуримтлалын төв сангийн гүйцэтгэх захирал Августин Ли бараалхлаа.  Тус сан нь 1955 онд байгуулжээ. Монголчуудтай “Сингапурын хөгжлийн нууц" номоороо хэдийнэ танил болсон Ли Куан Югийн Засгийн газар 1968 онд анх Хуримтлалын төв сангийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулахад зарцуулж эхэлжээ.  1987 онд уг сангийн үйл ажиллагааг өргөжүүлж сингапурчууд орлогынхоо тодорхой хувийг зайвал хийж байхаар хуульчилж өгсөн байна. Тэтгэвэрт гарахдаа тус сангаас “цалингаа” авах зохицуулалттайгаар.

Монгол Улсын хувьд гол орлого нь байгалийн баялгийн экспорт. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Харамсалтай нь, байгалийн баялаг иргэдэд тэгш бус хүрч байгаа тул үр өгөөжийг нь тэгш шударгаар хүртээх үүднээс Үндэсний баялгийн сан байгуулсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уулзалтын үеэр хэлснээр Сингапурын Хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлд хоёр тал нягт хамтран ажиллаж байгаа аж. Тэрбээр Сингапурын Төрийн орон сууцжуулалтын санхүүжилтийн тогтолцоог Монголын онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх талаар хамтран ажиллах саналаа илэрхийлэв.   Мөн стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсын Баялгийн санг ‘Эрдэнэс Монгол’ компанийг түшиглэн байгуулахаар ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Айлчлалын хүрээнд   “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд санамж бичиг байгууллаа.

Хуримтлалын төв сангийн хөрөнгө тэтгэвэр, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилтэд зарцуулдаг. Орон сууцны санхүүжилтийн хувьд бага орлоготой иргэд хамрагддаг юм байна.

Монголд  аль нэг улстөрч ах дүү нартайгаа нийлээд хувийн банкиндаа  Нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад “алга болгох” явдал хэвийн үзэгдэл болсон.  Нөгөө талаар Сингапурт хүн бүр Хуримтлалын төв сандаа олсон орлогынхоо тодорхой хэсгийг заавал хийх хуультай  бол Монголд эсрэгээрээ, малчдаас эхлээд НДШ төлдөггүй бүлэг хүн цөөнгүй.

Тэндээс гараад Ерөнхий сайдын дараагийн уулзалт нь нийтийн орон сууцжуулах асуудлаар туршлага судлах байлаа. Сингапур улс нь  иргэдээ орон сууцжуулсан менежмент  туршлагаараа дэлхийд тэргүүлдэг.  Ядуу тосгоноос дэлхийн хамгийн баян хот улс болсон Сингапурын иргэдийн 80 хувь нь HDB орон сууцанд амьдардаг юм байна.  Дөч гаруй жилийн өмнө хүн амынх нь ердөө 9 хувь нь орон сууцанд амьдардаг байсан гэх.

Монголчуудын хувьд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, иргэдээ урт хугацаатай богино хүүтэй орон сууцаар хангах бодлогыг төрөөс хэрэгжүүлж буй юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын бас нэг зорилго нь Сингапур улсын төрийн орон сууцжуулалтын туршлага, загвараас судлах байв.  Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд  Сингапурын орон сууц, хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Тан Мэнг Дуй бараалхаж, хоёр улс туршлага судлах, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сингапур улсын хот байгуулалт, төлөвлөлт, загвар технологи болон түрээсийн орон сууцны менежментээс суралцах, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, “Монгол Улсын Засгийн газраас 6-8 хувийн хүүтэй урт хугацаатай хөнгөлөлттэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Урьдчилгаа төлбөр 30 хувийг банкинд байршуулах шаардлага гардаг. Тиймээс урьдчилгаа 30 хувийг банкинд байршуулах боломжгүй эмзэг бүлгийн иргэдийн орон сууцаар хангах асуудлыг чухалчилж байгааг” ноён Тан Мэнг Дуй-д танилцуулаад төрийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоог ихэд сонирхож буйгаа онцолсон. Ялангуяа хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, энэ талаар зөвлөгөө өгөх, хамтран ажиллахыг санал болгосон юм.

Сингапурын орон сууцны бодлогыг Орон сууцны хөгжлийн зөвлөл нь хэрэгжүүлдэг.  Тус зөвлөлийг 1960-онд байгуулсан агаад нэг сая гаруй орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.   Орон сууцны зөвлөл нь орон сууцны хорооллуудыг барихдаа багагүй төлөвлөж, цогцоор нь асуудлыг шийдвэрлэхэд анхаардаг аж. Жишээлбэл, орон сууцны хэмжээ, гадаад орчинд болон  сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээг бий болгох зэргээр стандартаа маш сайн мөрддөг, мөн иргэдийн худалдан авах нөхцөл боломжийг нь ч давхар шийдэж, хангаж өгдөг байна.  Иргэдийн хувьд тэтгэврийн нэрийн данстай бол урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцны зээл авах боломжтой гэнэ.

Хэдийгээр Монгол эрс тэс уур амьсгалтай. Бүтээн байгуулалтын улирал богинотой барилгын бүтээн байгуулалтад өндөр зардал шаарддаг Сингапур нь халуун дулаан уур амьсгалтай ч Сингапур улсын хувьд орон сууцны зөв менежмент, зөв зарчим баримталсны үр дүнд иргэдээ бүрэн орон сууцжуулж чадсан байна.

 Айлчлал үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж