"АНУ-д Монголыг сурталчлах олон улсын цогцолбор байгуулна"

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

"АНУ-д Монголыг сурталчлах олон улсын цогцолбор байгуулна"

"АНУ-д Монголыг сурталчлах олон улсын цогцолбор байгуулна"

АНУ дахь Монголын соёлын элч Н.Ганхуяг олон улсад Монголыг сурталчлах, дотоодын түүхт дурсгалын газрыг нэмэх төсөл хэрэгжүүлж буй талаар өнөөдөр /2022.07.07/ мэдээлэл хийлээ.


Соёлын элч Н.Ганхуяг:

-Миний бие өнгөрсөн жил Соёлын элч болсноос хойш Виржини мужид Монголыг сурталчлах соёлын арга хэмжээнд гар бие оролцож байна. Цаашид хэрэгжүүлэх төслийн хоёр санааг зурагжуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар өнөөдөр албаныханд танилцууллаа. Төслийн тухайд "Монгол бахархал", "Монгол ертөнц" буюу хаус интернейшл гэж ерөнхийд нь дотоод болоод гадаадад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Монгол бахархал төсөл нь Баянхонгор аймагт үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц хөтөлбөр болж хэрэгжинэ.

Тухайлбал, суурь тойрог бүхий түүхэн дурсгалын хэсэгт суварга босгож, гурван метр өндөр есөн багана мандал хэлбэрээр дэлгэрүүлж 12 жилийг сийлэхээр зурагласан. Мөн баганууд дээр түүх дурсгалын мөчлөгийг дүрслэхээс гадна байгууламжийг тойруулаад эрт үеийн түүхэн өгүүлэмж харуулах сандал, сүүдрэвчийг хийхээр төлөвлөж байна. Бүтээн байгуулалтын хувьд байгалийн боржин чулуугаар хийх учраас дотоод, гадаадын жуулчдыг татах онцлогтой гэж харж байгаа. Баянхонгор аймгийг сонгосон нь учиртай. Өмнө нь 2014 онд миний бие тус аймагт суварга хайрхан төслийг байгуулсан. Тэр утгаар үргэлжлүүлж, суваргыг зөвхөн шашин гэдэг талаас биш монгол түүхийг сурталчлах талаас харуулахыг зорьж байгаа.

Харин АНУ-д хэрэгжүүлэх "Монгол ертөнц" төсөл нь их хааны өргөө хэлбэрээр олон улсын хэмжээнд барихаар төлөвлөсөн.

Монголыг олон улсад сурталчлан таниулах монгол хаус байгууламж нь үндэсний хэв шинжийг агуулсан төдийгүй, түүх, соёлын үнэт өвийг олонд таниулах зориулалттай. Их хааны өргөө бүхий бүтээн байгуулалтад эв нэгдэл суварга, гурван давхар театр,  урц модерн чиглэлийн барилга байгууламж багтана. Гурван давхар театрыг цаашид улс төр, эдийн засгийн лобби бүхий олон улсын сүлжээ театр болгон үргэлжлүүлнэ. Төсөл одоогоор зураг төслийн шатанд явж байгаа бөгөөд наадмын дараа долдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ.

ТҮҮХ, ДУРСГАЛЫН ТӨСЛӨӨС ГАДНА МОНГОЛ АН АМЬТДЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛНА

Айдоха Фаллс хотын амьтны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Др.Дэвид Пэннок:

-Монголын ховордсон ан амьтдыг хамгаалах төслийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төслийн хүрээнд ирвэс, бөхөн зэрэг ховордсон ан амьтдыг амьтны хүрээлэнд нутагшуулж, олон нийтэд танилцуулах зорилготой. Ингэснээр хүмүүс байгаль эх дэлхийг хамгаалах, ан амьтдыг хайрлах, мөн Монголын талаар мэдлэгтэй болох юм. Айдоха Фаллсын амьтны хүрээлэнд нийт 350 гаруй ан амьтны төрөл зүйл бий. Үүн дээр монголд ховордоод буй амьтдыг нэмнэ гэдэг бол маш их утга учиртай. Хэдийгээр зарим хүн ойлголт мэдээлэлгүй байгаа ч амьтны хүрээлэнд ховордсон амьтдыг байршуулна гэдэг бол байгалиа хамгаалж буй зүйл. Тиймээс энэхүү төслийг  монголчууд дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд Гадаад харилцааны яам, Соёлын яам болон бусад харьяа нэгжүүд оролцоотой ажиллахаас гадна түүхчид, монгол судлаачид мөн хамтарч ажиллах юм байна. Үүнээс гадна Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр төслүүд хэрэгжих аж.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж