Хойд Солонгосын засгийн газрын дэмжлэгтэй хакерууд АНУ-ын эрүүл мэндийн системд “ransomware” ашиглан нэвтэрч, үйл ажиллагааг нь саатуулах гэж оролдсон болохыг Холбооны Мөрдөх Товчоо (FBI) мэдэгджээ. Тус хакерууд өнгөрсөн оноос хойш энэхүү үйлдлээ хийж байгаа аж.
Хойд Солонгосчууд эрүүл мэндийн цахим бүртгэл, оношилгоо, дүрс бичлэгийн үйлчилгээ бүхий компьютерын системийг шифрлэхийн тулд компьютерын файлуудыг түгждэг “ransomware”-г ашигласан гэж “FBI”, Сангийн яам, Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг (CISA) мэдэгдэв. Энэ нь Хойд Солонгос, Иран зэрэг орнууд дэлхий нийтэд аюул заналхийлж буй сүүлийн үеийн илрэл аж.
Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врей өнгөрсөн онд Бостоны хүүхдийн эмнэлэгт хийсэн кибер халдлагад Ираны засгийн газрын дэмжлэгтэй хакеруудыг буруутгасан. Харин Тегеран үүнийг үгүйсгэсэн юм. Тухайн үед ямар ч “ransomware” ашиглагдаагүй ч арваннэгдүгээр сард Ираны хакерууд АНУ-ын эрүүл мэндийн салбарт халдсан тохиолдол бүртгэгдсэн юм.
Covid-19-ийн улмаас нөөцийн хомсдолд орсон эрүүл мэндийн байгууллагууд тахлын үеэр “ransomware” халдлагыг даван туулах шаардлагатай болсон. Флоридагийн 100 ортой эмнэлгийн технологийн администратор өнгөрсөн нэгдүгээр сард “CNN”-д хандан "ransomware" халдлагаас сэргийлж эмнэлгийн системийг хаасан талаар ярьсан удаатай. Мөн 2020 оноос эхлэн Орос АНУ-ын эмнэлгүүд болон Вермонтын их сургуулийн системд халдсан тохиолдлууд гарсан юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ