Айлчлал: "Ухаалаг хот" байгуулахад сингапурчууд туслахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Айлчлал: "Ухаалаг хот" байгуулахад сингапурчууд туслахад бэлэн байна

Айлчлал: "Ухаалаг хот" байгуулахад сингапурчууд туслахад бэлэн байна

Манай сурвалжлагч Б.Батболд Сингапур улсаас мэдээлж байна.


Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жосефин Тео бараалхсан. Монгол Улс цахим үндэстэн болох том зорилго тавьж үүнийг төрийн албаны шинэчлэлтэй уялдуудан хийж байгаа юм.  Анх удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Дижитал үндэстэн болсноор төрийн албанд реформ хийгдэж, авлига буурна гэж Засгийн газар үзэж байгаа. Тэгвэл Сингапур нь цахим хөгжил, дижитал шилжилт, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орны нэг.  Тиймээс цахим хөгжил, дижитал шилжилт, харилцаа холбооны шинэчлэл, технологийн хөгжилд сайн менежмент, шинэ ноу-хау, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор  Сингапур улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Айлчлалын хүрээнд “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Сингапурын Үндэсний их сургууль хооронд хамтран ажиллахаар болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс гурван жилийн өмнө ирж судалсан,  ярьж тохиролцсон зарим асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжиж эхэлсэнд баяртай байгаагаа дуулгаад "Монгол Улс цахим үндэстэн болох зорилт тавин энэ салбарт эрчимтэй шинэчлэл хийж байна. Тухайлбал, “E-Mongolia” платформыг Эстони Улсын жишгээр хөгжүүлж, 670 гаруй төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй цахимаар үзүүлж байна. Насанд хүрэгчдийн 70 гаруй хувь нь уг системийг ашиглаж байгаа"-г танилцууллаа.

Мэдээллийн технологи, бүтээлч үйлдвэрлэл нь Ерөнхий сайдын  дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан эдийн засгийн зургаан тэргүүлэх чиглэлийн нэг юм. Уг хөгжлийн бодлогын хүрээнд хүн төвтэй хот, төлөвлөлт төвтэй хөгжил, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар олон улсын сайн жишгийг Монгол Улсын нийслэлд нутагшуулж, улмаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх зорилт тавьсан. Монголд 5000 гаруй мэдээллийн технологийн компани идэхтэй ажилладаг. Тэдний тусламжтайгаар ухаалаг системд суурилсан технологийн шийдлүүдийг нэвтрүүлж, хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилго тавин ажиллаж байгаагаа Ерөнхий сайд онцолж, сингапурчуудыг хамтран ажиллахыг урилаа.

Сингапур нь хот төлөвлөлтөөрөө алдартай. Нийт 5.3 хүн амтай. Замын хөдөлгөөнд нэг сая авто машин оролдог байна. Мөн жилд 15 сая жуулчин ирдэг тус улсад түгжрэл байхгүй. Хот төлөвлөлтөөрөө Сингапур мөн л дэлхийд жижиг болж яригддаг. Тэгвэл Улаанбаатар нэг сая гаруй иргэн амьдардаг. Зарим үед зам дээрээ "өнжих"-өд хүрдэг нь дэгсдүүлсэн ч болохгүй биз. Газар нутгийн хувьд Монгол өргөн дэлгэр. Харин Сингапур хязгаарлагдмал, тиймээс газар ашиглалт, хот төлөвлөлтөө маш нарийн, оновчтой зохион байгуулжээ. 5.3 сая хүнийг 700 км2 нутагт багтаахын тулд маш сайн төлөвлөхөөс өөр аргагүй.

Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жосефин Тео түгжрэлийг шийдсэн туршлагаа монголчуудтай хуваалцахад бэлэн байна гээд гэвч Улаанбаатарын хотын түгжрэлийг маш хурдан шийдчих асуудал би, улаанбаатарчуудын сэтгэлгээг эхлээд өөрчлөх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах асуудлыг ярихгүйгээр түгжрэл буурах боломжгүйг хэллээ.

Дэлхийн инновацын индексийн 2021 оны үзүүлэлтээр Сингапур 132 орноос наймдугаар байранд жагссан байна.  Улс төр, хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн орчны үзүүлэлтээр нэгдүгээр байр, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, бизнесийн төлөвшил зэрэг үзүүлэлтээр ес болон гуравдугаар байранд бичигддэг.

Сингапурт газар чөлөөлөлтийн хууль маш сайн хэрэгждэг юм байна. Хотын хөгжилд зориулан дэд бүтцийн ажил хийхээр бол тухайн газрыг эзнээс нь худалдаж авдаг аж. Монголчууд шиг явж очоод нураачихдаггүй, үүнээс болоод шүүх цагдаадаа тулж, хугацаа алдах шаардлагагүй байдаг бололтой.  Сингапур нь түгжрэл багатай байдаг шалтгаан нь хотын хөдөлгөөнд оролцох машинуудад эрх өгдөг. Энэхүү эрхээ дуудлага худалдаагаар зардаг аж. Бүх авто зогсоол нь төлбөртэй. Хотын гол замуудын ид ачаалалтай үеэр хөдөлгөөнд оролцох бол төлбөр төлнө. Машин болгон  карттай, тэндээс нь автоматаар төлбөр нь суутгадаг. Хүмүүс нь мөнгөө төлөөд картаа цэнэглээд явдаг гээд түгжрэлийнхээ асуудлыг шийдэхдээ эдийн засагтай, төлбөр мөнгөтэй уялдуулж өгчээ.

Айлчлалаар яригдсан асуудлын талаар БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан дүгнэхдээ "Темасек нь  нийт 600 тэрбум орчим ам.долларын өөрийн үнэлгээтэй сан болсон байна.  Монгол Улс аяллын менежментийн хувьд энэ улсаас суралцах, суралцаад зогсохгүй хамтарч ажиллах бололцоо байгаа гэж харж байгаа. Одоо Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж эхлэх гэж байна. Монгол хамгийн их баялагтай мөртлөө яагаад баялгийнхаа үр өгөөжийг ард иргэдэдээ хүртээж чаддаггүй юм бэ гэдэг энэ асуудал, засаглалын асуудлууд, менежментийн асуудлууд, баялгийн зөв хуваарилалтын асуудлуудыг анхаарч суралцах, хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага гарч байна гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, Сингапур улс нь цахим үндэстэн болсон ард түмэн. Дэлхий дээр цахим засаглалаар Эстони, Сингапур улс хоёр тэргүүлж явна. Манай Засгийн газар шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яам зохион байгуулсан. Үүний гол зорилго бол Монгол Улсыг цахим үндэстэн болгох. Цахим үндэстэн болсноор төрийн үйлчилгээг гар утсан дээрээсээ цаг алдалгүйгээр, авилгагүйгээр, хүнд сурталгүйгээр авах энэ боломжуудыг бүрдүүлж өгч байгаа. E-Mongolia платформ дээр 700 орчим төрийн үйлчилгээг оруулсан. Сингапур улсад ч гэсэн E-Mongolia платформыг үнэлж байгаа. Зөв платформ байна гэж харж байгаа. Цаашдаа бид Сингапур улстай баялгийн менежмент, цахим шилжилт дээр хамтарч ажиллах ёстой юм байна гэж харж байгаа. Хот улсад 5 сая хүн амьдарч байгаа. Гэтэс манай Улаанбаатар хоттой адил агаарын бохирдол, хөрсний бохирдол алга.  Хамгийн гол нь Сингапур улс түгжрэлийн асуудлаа шийдчихсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайдад  Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жосефин Тео түгжрэлийг технологиор шийдээгүй, ард иргэдэдээ нийтийн тээврийн олон хувилбарыг санал болгож байснаа хэллээ" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү уулзалтын дараа Бүгд Найрамдах Сингапур Улсын Ухаалаг үндэстэн, цахим Засгийн газар, Хотын дахин хөгжүүлэлтийн газрын харьяа "Ухаалаг үндэстэн’"үзэсгэлэн үзэж сонирхлоо. "Ухаалаг үндэстэн" үзэсгэлэнг фотог мэдээгээр хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж