Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж зургадугаар сарын 13-нд гарч, аймгийнхаа сумуудын баяр наадмын товыг баталсан. Тухайлбал, тус аймаг нийт 17 сумтай бөгөөд сумдын наадам өнгөрсөн сарын 24-нөөс эхэлсэн юм. Харин өчигдөр /2022.07.06/ Орхон сумын баяр наадам болж, нээлтийн үйл ажиллагааг нь олон хүн цахим хуудаст шүүмжилжээ. Учир нь тус сумынхан 60 жилийн ойн хүрээнд нутаг орныхоо брэнд болох онцлог агуулгыг гаргаж, нээлтийн хөтөлбөрөө хоньтой бүжгээр найруулсан. Гэхдээ тэрхүү найруулга гоо зүйн хувьд учир дутагдалтай болохыг иргэд шүүмжилж буй бол тухайн сумынхан үүний эсрэг байгаагаа илэрхийлжээ.
Орхон сумын Засаг даргын хэлснээр сумынхаа наадмын нээлтийг Соёлын төвөөс нь найруулж, зохион байгуулсан. 1961 онд “Орхон хонь” гэж мах чиглэлийн ноосны хонийг өргөмжилж, баталсан байдаг учраас сумын төв хаалганы хажууд хонины хөшөө энэ жил босгосон байгаа.
Тиймээс тус хониныхоо хөшөөний нээлт, сумын наадмын нээлтийг хамтад нь хийж, нутгийнхаа онцлогийг харуулж, хүүхэд багачуудтайгаа хамтарсан хоньтой үзүүлбэр, тоглолт зохион байгуулсан.
Ойлгохгүй хүмүүс янз бүрээр бичиж байгаа. Гэхдээ энэ бол орон нутгийн онцлог гэдгийг хүмүүс хүндэтгэх хэрэгтэй гэв. Ямартай ч Сэлэнгэ аймгийн Засаг даргын тушаалын дагуу сумууд баярын хөтөлбөр, нээлт, хаалтын арга хэмжээг өөрсдийн онцлогийг харуулан гаргажээ.