Манай сурвалжлагч Б.Батболд Сингапураас мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурт хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд "Темасек" олон улсын сангаар зочиллоо. Түүнийг тус сангийн гүйцэтгэх захирал Нг Бүн Хонг, орлогч захирал Бенедикт Чеонг нар угтан авсан юм.
Ноён Нг Бүн Хонгийн танилцуулснаас тус компани нь Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн өөр соёл иргэншилтэй иргэд хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлж, хүн нийгмийн капитал бүтээх замаар бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд "Темасек" олон улсын санг байгуулжээ. Тус сангийн хөрөнгийн дийлэнх нь хувьцаа хэлбэрээр байршдаг. Хөрөнгийнх нь 30 хувь Сингапур, 41 хувь нь Ази, 25 хувь нь Хойд Америк, Европ, Шинэ Зеланд, Австрали, дөрвөн хувь нь Латин Америк, Африкийн зах зээлд хамаардаг гэх. Тус сан Сингапурын Сангийн яамны мэдэлд байдаг ч улстөрчид дотоод үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Сангийн удирдах зөвлөлд 10 хүн ажилладаг байна. “Темасек” нь дэлхийн хамгийн шилдэг менежменттэй. Сингапур өөрөө авлигатай маш сайн тэмцдэг, төрийн алба нь чадвартай, ёс зүйтэй улс болохоор ч тэр байх.
Тус сан одоогоор Вашингтон, Нью-Иорк, Лондон, Шанхай, Бээжин зэрэг нийт 9 улсад 13 төлөөлөгчийн газар ажиллуулдаг аж. Өнгөрөгч оны байдлаар 405 тэрбум синг.долларын хөрөнгөтэй аж.
Энэхүү дэлхийн шилдэг менежментээс туршлага судлаж, менежерүүдээс зөвлөгөө авах нь Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд багтсан нэг хөтөлбөр байв. Учир нь Монгол Улс Үндэсний баялгийн сан байгуулсан. Гэвч, баялгаа тэгш, оновчтой зарцуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн худлаа биш.
Жижигхэн статистик сонирхуулахад, дэлхийн топ 100 санд 9.2 триллион ам.доллар эргэлддэг, үүгээр дамжуулан хөрөнгө оруулалтыг хийдэг аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн албыг чадавхжуулах, төрийн өмчит компаниудыг нэгтгэх, өрсөлдөх чадварыг сайжруулах шийдвэр гаргах болсон. Түүний нэг жишээ “Эрдэнэс Монгол” холдинг байгуулж, баялгийн сан болгох зорилготой ажиллаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” холдингт нэгтгэсэн компаниудыг зэс металлийн, нүүрс эрчим хүчний гэж хоёр гурпп болгож буй.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлыг даван туулахад Сингапурын “Темасек” олон улсын сангаас Монгол Улсад нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласанд талархал илэрхийлээд “… мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах” талаар санал солилцсон юм. Тус сан нь Монгол Улсад 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн агаал эрүүл мэнд, нийгэм, нийтийн алба, боловсролын салбарт нийт 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд зориулан “Темасек “олон улсын сангаас 232,420 сингапур долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлэхээр боллоо.
“Темасек “олон улсын сангийн орлогч захирал Бенедикт Чеонг-д Монгол Улсын боловсрол, эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас одон”-гоор шагнасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гардуулсан юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн Гүйцэтгэх захирал Августин Ли тэргүүтэй удирдлагын багийнхан бараалхав. Сингапурын хуримтлалын нэгдсэн сан нь хүн амаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтээр насан туршид нь хангах боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг байна. Анх 1955 онд үүсгэн байгуулсан уг сан эдүгээ хүн амдаа хүрч үйлчилдэг нэгдсэн систем болтлоо бэхэжсэн байна. Сингапур улс нь боловсролынхоо тогтолцоогоор дэлхийд тэргүүлдэг.
Ерөнхий сайдын хийж буй энэ айлчлалын гол зорилго нь Сингапурын хуримтлалын сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологит суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулахад тэднээс ноу хау оруулж ирэх, хамтран ажиллах юм. Сингапурын үндэсний баялгийн сангууд Норвегиос ялгаатай нь байгалийн баялагт бус үйлдвэрлэл, нэмүү өртөг шингээсэн бүтээмжийн орлогоос бүрддэг аж.
Ерөнхий сайдын айлчлалын багт Засгийн газрын 5 сайд, гурван байнгын хорооны дарга нар дагалдаж, Сингапурын хөгжлийн нууцтай танилцаж яваа билээ. Айлчлал үргэлжилж байна.