Үндэсний их баяр наадмын тэгш ойг дотоодын гэлтгүй гадаадын жуулчид ч догдлон хүлээж буй. Тиймдээ ч цахимаар худалдаалах тасалбар борлуулалтын захиалга цагийн дотор 100 хувь дүүрсэн. Ингэснээр иргэдийн дунд эрэлт их үүсч, шагийн тасалбарын худалдаа цахим орчинд ихэсчээ. Сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй, олноор авах, хүргүүлэх зэргээс шалтгаалж тасалбарын үнэ харилцан адилгүй байна. Тэр ч бүү хэл "Наадам 2022" гэх цахим хуудаст тасалбарын худалдаа эд цэцгэлжээ.
Сүүдрэвчтэй хос тасалбар хүргэлтгүй очиж авах бол хамгийн хямд нь 250-300 мянган төгрөг. Гэхдээ 4-5 хос тасалбар авах бол энэ үнээс хямдарна гэдгийг онцолжээ.
Үндэсний их баяр наадмын тасалбарын борлуулалт цахимаар долдугаар сарын 1-нд эхэлж тухайн өдрөө дууссан. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдсан юм. Харин одоо энэ үнэ 3-5 дахин өсчээ. Тус тасалбараар баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх боломжтой.
Цахимаар тасалбар авсан нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл л авах боломжтой байсан.
Гэтэл цахим хуудаст нэг хаягаас наадмын тасалбар олноор хямд зарна гэх зар тавьсан олон зар байршуулжээ. Тиймээс бид хэд хэдэн дугаараар холбогдож асуулаа. 880911- Тасалбарыг зөвхөн хосоор нь зарна. Сүүдрэвчтэй тасалбарын ширхгийн үнэ 120 мянгаас дээш бий. 5, 6-г авах бол хаягаар нь хүргээд өгнө. Баяр дөхвөл энэ үнэ бүр ч нэмэгдэнэ шүү гэлээ. Харин 886633- тай дугаараар холбогдоход сүүдрэвчгүй дөрөв, сүүдрэвчтэй хоёр тасалбар л үлдсэн бүгдийг нь авбал хямдруулна гэв. Холбогдсон дугаар бүр зөвхөн олноор авах хүнд л тасалбар зарна гэж байлаа. Харин Нийслэлийн аялал жуулчлалын газар цахим тасалбарыг нэг хүн олноор худалдаж авах боломжгүй байсан гэх хариултыг өгсөн юм. Тиймээс цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулж буй талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА НААДМЫН ТАСАЛБАР ШАГЛАСАН ЯМАР Ч ХЭРЭГ ШАЛГААГҮЙ
Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн. Үүнд ямар нэгэн зөрчил маргаан үүсээгүй байна. Харин www.enaadam.mn цахим сайтаар борлуулсан тасалбаруудыг хэт өндөр үнээр шаглаж байгаа талаар цагдаагийн байгууллагад холбогдох албанаас шалгуулах хүсэлтээ өгсөн гэсэн юм.
Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Наадмын тасалбар өндөр үнээр зарсан ямар ч зөрчлийг шалгаагүй. Цахимаар худалдаалж байгаа зүйлийг хянахад хүндрэлтэй. Тухайн хүн өөрөө авсан тасалбараа зарж болно. Харин системийн хувьд нөлөөлсөн эсэх асуудлыг л шалгах боломжтой” гэх хариулт өглөө.
Тэгэхлээр тасалбар цахимаар шаглаж байгаа хэн нэгэнд одоогоор ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна. Харин нийслэлээс өргөдөл өгсөн тохиолдолд www.enaadam.mn цахим сайтаар тасалбар борлуулахад нөлөөлсөн эсэхийг шалгах боломжтой аж.
Холбоотой мэдээ