Бизнесийн “мангасууд” хүүхдүүдэд хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Бизнесийн “мангасууд” хүүхдүүдэд хандив өргөв

“Central Tower”-ийн 17 давхарт байрлах “Sky Lounge”-д өчигдөр Монголд үйл ажиллагаагаа явуулдаг гадаад, дотоодын бизнеснийн салбарын бүхий л томчуул цугларлаа. Тэд өнчин ядуу, гэр оронгүй хүүхдүүдэд хандиваа өргөж, нэг оройг хамтдаа цэнгэн өнгөрүүлэв. Монголдоо л анхных гэхээр дээд зэрэглэлийн хүлэн авалт, тансаг цэнгүүний такс 1000 ам.доллар.

 “HERO’S of INDUSTRY GALA DINNER” нэртэй энэхүү цэнгүүнийг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лейтон” ХХК-ийн захирал Марк Бэйли болон Монголын хүүхдийг ивээх сангаас санаачлан зохион байгуулжээ. Тасалбараас олсон орлогын тодорхой хувийг Монголын хүүхдийг дэмжих сан, Өнчин ядуу хүүхдийг асрах “Лотус” буюу “Бадамлянхуа төв”-д хандивлах  аж. Арга хэмжээнд 130 гаруй зочид хүрэлцэн ирсэний дийлэнх нь  Монголын бизнесийн салбарын “баатрууд”, “гавъяатнууд” гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Тухайлбал, Лейтон, Monniis, MSC, Red Hill, Komatsu, MonEnCo, Standart Bank, Doug Mv Gay, Monsped, Newcom, Sandvik, Petrovis, APU, Major Drilling, Od Shunhlai, EPTM, SMEC, CAMS,  Triton Coal, Firebird, Huinday Motors, Nomgon Gol, Rod Comerford, Graham Taylor, MSAF, Wagner, EBRD, Khaan Bank, SGS зэрэг компанийн зочид төлөөлөгчид голдуу уригджээ. Цэнгүүнийг нээж хийлч Ч.Дэлгэрцэцэг болон Филиппин улсаас уригдаж ирсэн хийлч  Жей Каюуко нар хийлийн гайхалтай аялгуугаар зочдын сонорыг мялаасан.

Сонирхуулахад, 1993 онд Австрали гаралтай Иогийн багш хатагтай Диди Ананда Калика Монголд анх удаа ирээд өнчин, ядуу хүүхдүүдийг харж, тэдэнд хоол ундаар тусалсаар нэг мэдэхэд найман хүүхдийн “ээж” болсон байжээ. Тиймээс 1995 онд хүүхэд асран хамгаалах “Лотус” буюу Бадамлянхуа төвөө байгуулсан нь өдгөө Монголдоо томоохон асрамжийн газар болсон байна. Яармагийн гэр хорооллын дунд орших энэхүү төвийн байрыг нүүлгэн шилжүүлж, хүүхэд өсөж хүмүүжих таатай нөхцөл бүрдсэн цогцолбор барих төслийн дагуу Монголын хүүхдийг дэмжих сан 2006 онд зохион байгуулагдсан аж.

 Хатагтай Диди асран хамгаалж буй хүүхдүүдээ гэр бүлийн хэв маяг бүхий цөөн тооны хүүхэдтэй бүлэгт хуваадаг бөгөөд 2004 онд хуучин агуулахын байраа шинэчилж, цэцэрлэг, бага сургуулийн байрыг бий болгосон байна. Ингэснээр тус төвийн хүүхэд бүр тавдугаар анги хүртэлх боловсролыг олгож эхэлсэн ч тэдний одоогийн байрлаж буй газар нь төвийн халаалтгүй, цахилгаан станцын утаа униартай, хог хаягдал ихтэй тул хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх боломжоор хомс. Энэ нь өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй орчин тул Гачууртад шинэ цогцолбор барих ажлыг эхлүүлсэн аж.

Монголын хүүхдийг ивээх сангийн гүйцэтгэх захирал хатагтай Руд Пуласки

-Бид 2006 оноос эхлэн хүүхдийн цогцолбор барих газраа хөөцөлдөж, ажлаа эхлүүлсэн ч маш их хөрөнгө мөнгө шаардагдаж байна. Хүүхэд өсч бойжихоос гадна сурч боловсрон амьдралд хөл тавих хүртэл бүхий л боломжоор хангах ёстой. Тиймээс цэцэрлэг, сургуулиас гадна хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар, биеийн тамирын талбай гээд бүгд цогцоороо байх учиртай. Энд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын компани, хувь хүмүүсийн дэмжлэг туслалцаа, хөрөнгө мөнгөөр  бид байгууламжаа барьж дуусгах юм. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрээгүй, харах хандах хүнгүй өнчин хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж буй ирсэн бүх зочиддоо баярлалаа гэсэн юм.

Мөн энэ үеэр “Лейтон” компанийн гүйцэтгэх захирал Марк Бейлитэй цөөн хором ярилцлаа.

-Хүүхдэд туслах буянтай ажил сэдсэн танд баярлалаа. Яагаад энэ арга хэмжээг сэдсэн юм бэ?

-Өнөөдрийн арга хэмжээг би “Лейтон” компанийн захирал гэдэг утгаар биш, Марк Бейли гэдэг хувь хүн хүүхдүүдэд хайртайгаа харуулахыг хүссэн юм. “Бадамлянхуа төв”-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эцэг эхгүй өнчин хүүхдүүд сурч хүмүүждэг. Эдгээр хүүхдэд хэн нэгний туслалцаа хэрэгтэй. Тиймээс нийгэмд тодорхой хэмжээний байр сууриа эзэлсэн, эдийн засгийн боломжтой хүмүүсийг цуглуулж, тэдэнд хэрэгтэй шинэ цогцолборыг барьж дуусгахад шаардлагатай мөнгийг хуримтлуулж байна. Нэг байшин биш, бүхэл бүтэн цогцолбор барихад мөнгө их хэрэгтэй байгаа тул эдийн засгийн бололцоотой найз нөхөд, компаниудыг уриалан дуудсан.

-1000 ам долларын такстай арга хэмжээ манайд бараг анх удаа болж байгаа байх. Үүнийг таны найз нөхөд, компаниуд хэрхэн хүлээж авсан бэ?

-Би сайн дарс ууж, сайхан хоол идэх дуртай. Уригдсан зочид ч мөн адил, энэ хэмжээний мөнгийг сайн дарс, сайхан хоолонд зарцуулдаг. Тиймээс нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, хүүхдэд туслах ажилд хандив өргөх саналыг дуртай хүлээж авсан.

П.Наран
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж