Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам эхлэхэд хуруу дарам цөөн хоног үлдлээ. Хүчит бөхчүүдийн ч бэлтгэл ханаж, бяр тэнхээ нь торгон ир дээрээ ирсэн нь лавтай. Эхнээсээ нийслэл хүрээ рүү дөхөж, хэд хоног амарч, шашны зан үйл хийн, сэтгэл зүйгээ бэлдэж байгаа сурагтай. Бөхдөө хайртай түмэн олон ч дор бүрнээ таамаг дэвшүүлж, цэц булаалдаж байгаа биз. Үүнтэй холбогдуулан энэ жилийн наадмын түрүү бөхийн тааврыг та бүхэндээ хүргэж байна.
ТҮҮХТ ОЙН ТҮРҮҮ АЛДАЖ ҮЗЭЭГҮЙ УВСЫНХАН
Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор С.Мөнхбат аварга, 80 жилийн ойгоор дархан аварга А.Сүхбат, 70 жилийн ойгоор О.Балжинням аварга, 60, 50 жилийн ойгоор дархан аварга Х.Баянмөнх зэрэг Увс аймагт төрсөн болон тус нутгийн хүргэн байсан бөхчүүд тэгш ойгоор түрүүлээд буй. Энэ ч утгаараа тэд 100 жилийн түрүүг дахин авахыг хүснэ.
Увс нутгаас түрүү хүртэх хамгийн өндөр магадлалтай бөх бол даян аварга Н.Батсуурь. Допингоос болж хэсэг хугацаанд барилдаагүй тэрбээр улирлын хаалтын барилдаануудад зодоглож, формондоо орсон гэхэд хилсдэхгүй. Мэдээж түүнийг өрсөлдөгч нараа сайн судалдаг, ам зөв авдаг гэх зэрэг барилдааны ур чадвараас гадна онцгой болгодог зүйлс бий. Тэрбээр энэ жил түрүүлбэл дархан аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болно.
Даян аваргын араас залуу аварга П.Бүрэнтөгс яригдана. Нэг мэдрээд дайрчихвал ч түүнийг зогсоох бөх төв цэнгэлдэхэд олдохгүй л байх. Нагалхаан уулын хормойд болсон сүүлийн наадамд түүнийг хэрхэн барилдсаныг түмэн мэднэ. Гэхдээ идэр аварга доор даваанд тахим буулгачихдаг сул талтай.
Хоёр аваргын араас улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү нарыг дээшээ үзнэ гэж бөх сонирхогчид харуулдана. 2012, 2017 онуудад Ө.Бат-Орших гарьд ярилтгүй сайн байсан даа. Тав, таван жилийн зайтай төрийн наадамд цахиур хагалсан. Одоо дахиад таван жил өнгөрлөө. Энэ жил мөн өнгөтэй байгаа даа. Цэнхэр тэнгэрийн орноос төрөх ээлжит аварга нь тэр ч байж магадгүй. Харин Н.Жаргалбаяр зааны тухайд 100 жилийн ойгоор түрүүлнэ гэсэн том амлалттай. Бэртэл гэмтэл, Covid-19-ийн халдварын улмаас жил гаруй хугацаанд заал танхимын барилдаанд барилдаагүй тэрбээр сүүлд Сэлэнгийн сорилго барилдаанд түрүүлсэн. 2017, 2018 онуудад жил дараалан ямар аюумшигтай байсныг нь монгол даяар санаж байгаа биз ээ. Эцэст нь Төрөөгийн Баасанхүү гэж төрчихсөн бөхийг ярихгүй байж үл болно. Бие жижиг ч бэлчээр том, уран хурц барилдаант харцагыг долдугаар сарын 12-ны өдөр төв цэнгэлдэхэд түрүү, үзүүр булаалдахаар зогсч байхыг үгүйсгэхгүй.
ХОВДЫН ХОЛБООТОЙ ГУРАВ
Өнгөрсөн улирал заал танхимын барилдаанд Ховдын гурав элдэвлэсэн. Худалч хүнд ээлжлээд үзүүр, түрүү хүртэж, их шөвөгт үлдэж байлаа. Мэдээж энэ жилийн наадмын гол фаворит нь Б.Бат-Өлзий харцага. Өнгөрсөн жилийн Хүй долоо худагт болсон барилдаанд ес даван түрүүлж, нутгийн зон олондоо “Улсын арслан” хэмээн хүндлэгдсэн. Заал танхимын барилдаанд гаргасан амжилтаараа ч бусдыгаа манлайлсан нэгэн. Учир мэдэх ойр тойрны хүмүүс нь түүний бэлтгэлжилт энэ жил онцгой байгааг ярьж байлаа.
О.Хангай харцагын түрүүлэх цаг болсон гэж бөх сонирхогчид ярьдаг. Жил бүрийн наадамд л өндөр хүлээлттэй түүний барилдааныг үздэг. Харамсалтай нь идэр хүчтэн маань 2017 онд харцага цол хүртсэнээсээ хойш төв цэнгэлдэхэд гавьсангүй. Бөхийн өргөөндөө бол эзэн нь юм шиг аашилж, уран тансаг барилдаанаар үзэгчдийг уяраадаг юм шүү дээ. Ховдын харьяат, Говь-Алтайн уугуул О.Хангай харцагыг яг энэ жил түрүүлнэ гэсэн итгэл, найдварыг фэнүүд нь хүлээлгэж байна.
Ховдын холбоотой хоёр харцага л гээд байдаг болохоос биш тэр хоёрын дээр Б.Пүрэвсайхан хэмээх халх дөрөв, шавь тавд цуутай манлай заан бий. Сүүлийн наадмаар цолоо бататгасан түүнийг энэ жил цолоо ахиулна гэж бөх сонирхогчид харж байгаа. Бас л дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай, уран гоё барилдаан бөх.
Ховдын хязгаараас хамгийн сүүлд 1940 онд Ш.Ванчинхүү арслан төрийн наадамд түрүүлж байв.
АР, ӨВРИЙН ХАНГАЙН ХҮЧТЭНҮҮД
Хүчтэний өлгий Архангай, Өвөрхангайн бөхчүүдийг түрүү бөхийн тоонд оруулахгүй бол алдас болох нь дамжиггүй. Булган уулын хормой, Тамирын голын хөвөөнөөс энэ жил улсын гарьд М.Бадарч ойгүй их бяртай байгаа. Зөвхөн наадамд л зориулан бэлтгэл хийдэг тэрбээр өнгөрсөн улирал заал танхимын барилдаанд хэдэнтээ түрүүлсэн. Түрүүлэхгүй юм аа гэхэд л үзүүрлэж, шөвгөрч байв. Архангайгаас арав давж мэдэх хамгийн боломжтой хүн бол М.Бадарч гарьд.
Түүний араас улсын харцага “Цахилгаан” Б.Зоригтбаатар, улсын начин “Өндөр” О.Мөнх-Эрдэнэ нар яригдана. Ээ дээ, цахилгаан Зоригоо нэг салхилвал арга мэхнийх нь учрыг олно гэдэг амаргүй. Барилдааны дүрэмд өөрчлөлт орж, барьц сонгоог халснаар Б.Зоригтбаатар, Т.Баасанхүү зэрэг бие жижиг, хурдтай бөхчүүдэд боломж гарсан. Энэ ч утгаараа эдгээр бөхчүүдийг дээшээ үзэх болов уу гэж бөхийн хүрээнийхэн үзэж байна. Харин залуу начин О.Мөнх-Эрдэнэд Хайрхан сумынхан их итгэл хүлээлгэж байгаа. Арал чац, бие хааг нь харвал дархан аварга Г.Өсөхбаярыг санагдуулам энэ залууд цолоо ахиулах боломж бүрэн бий.
Тэгвэл Арц богд уул, Улаан цутгалангийн хөндийгөөс Б.Цэдэнсодном, Х.Гантулга гэсэн идэрхэн хоёр харцагыг төрийн наадмыг тэргүүлэх бөхчүүд гэж харж байна. Б.Цэдэнсодном харцага өнгөрсөн улирлын заал танхимын барилдаануудад хоёр түрүүлж, наадамд дээгүүр яригдах ёстой гэдгээ баталчихсан хүн. Х.Гантулга харцага ч харайдаг цолон дээрээс харайх бэлтгэлээ хангаад бараг л болчихсон бөх. Өвөрхангайн хоёр харцага наадамд дээгүүр даваанд барилдаж, нутгийнхнаа баярлуулах биз.
ЗҮГ ЗҮГИЙН БИТҮҮ МОРЬД
Мэдээж аймаг бүр л түүхт тэгш ойн түрүүг хүртэхийг хүсч байгаа. Эхлээд Хэнтийн Э.Оюунболд арсланг ярих хэрэгтэй. Дөнгөж 22 насандаа наадамд ес даван түрүүлэн залуу арслан гэж цоллуулж байсан тэрбээр одоо хэдийнэ туршлагажиж, нас нь ч 30 руу дөхөж явна. Допингтой нэр холбогдож аварга цолноосоо салсан түүнийг энэ жил цолоо эргүүлэн авахыг фэнүүд нь хүлээж байна. Сүүлд ч Э.Оюунболд арслан наадмын сорилго барилдаанд үзүүрлэж, формтой байгаа шүү гэдгээ харуулсан. Харин баруун хөл нь л зовиуртай харагдсан.
Дараагийн нэрлэх бөх бол Сэлэнгийн Б.Орхонбаяр харцага. Түүнд төрийн наадмын төр хаяж нэг түрүү бий гэж бөх сонирхогчид ярьдаг, хүлээдэг. Магадгүй тэр түрүү нь энэ жил ч байж болох юм. Жил дараалан цолоо ахиулсан тэрбээр энэ жил дээшээ үзэх бөхчүүдийн тоонд яахын аргагүй багтана. Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа үгээр, Г.Эрхэмбаяр аваргынхаа замаар явбал түрүүлэх нь ч цаг хугацааны асуудал байх.
Дорнодын хүчит заан Д.Анар мөн л түрүүлэх боломжтой цөөн бөхийн нэг. Харамсалтай нь, допингтой бөхчүүдийн золиос болдог азгүй тохиол бий. Түүнтэй адил допингийн хохирогч болсон бас нэгэн зааныг дээшээ үзнэ гэж нутгийнхан нь үзэж байгаа. Тэр бол Өмнөговийн Ц.Одбаяр заан. Мөн л ярилтгүй хэрхэн барилддаг вэ гэдгийг нь түмэн мэднэ.
Долдугаар сарын 12-ны өдөр төв цэнгэлдэхэд торойгоод зогсч байх хувьтай Завханы Т.Бэгзсүрэн харцага, Д.Бат-Эрдэнэ харцага, Баянхонгорын Н.Золбоо харцага, Д.Цэрэнтогтох начин, Хөвсгөлийн Ц.Сандагдорж начин, Ч.Батчулуун начин, Баян-Өлгийн Серик начин, Дундговийн Э.Даш начин, Булганы Д.Амарсайхан начин тэргүүтэй зүг зүгийн битүү морьд байна.
ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭГЧИД
Бөх сонирхогчид 1980-аад оны том цолтнуудаас их зүйлийг хүсч, хүлээж байна. Тодруулбал, С.Мөнхбат аварга, Ч.Санжаадамба аварга, Ц.Содномдорж арслан, Р.Пүрэвдагва арслан, Ч.Гончигдамба гарьд, Ж.Бат-Эрдэнэ гарьд, Б.Соронзонболд заан, Б.Батмөнх заан, М.Өсөхбаяр заан зэрэг 1984, 1985, 1986 оны төлөөллүүдийг их шөвөгт цаашлаад үзүүр түрүүнд үлдээсэй гэж хүсч буй.
С.Мөнхбат аварга нэг хэсэг заал танхимын барилдаанд зодоглохгүй байж байгаад өнгөрсөн сард болсон Булган аймгаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит барилдаанд барилдсан. Харин Ч.Санжаадамба аварга хоёр жил зодог шуудагтай өргөөнд харагдсангүй. Ц.Содномдорж арслан, Ч.Гончигдамба гарьд хоёр өргөөндөө ойр ойрхон хоёр шөвгөрсөн бол дээрх жагсаалтад байгаа бусад бөхчүүд өнгөрсөн улирал сайн байсангүй. Тэднийг сүүлийн том сумаа тавина гэж бөх сонирхогчид хүлээсээр, итгэсээр. Ялангуяа Ч.Санжаадамба аваргыг наадмаар барилдах эсэх тал дээр түмэн олон их л санаа зовж байна.
Ерөнхийдөө 2020 оны наадмаас хойш хэн сайн бэлтгэлтэй, сэтгэл зүйгээ бэлдсэн нь тэгш ойн наадамд дээшээ үзэх нь ойлгомжтой. Наадмын ногоон дэвжээ хатуу, зорьсон бүхэн нь хүссэндээ хүрч чаддаггүй тийм л ховор заяа. Од нь гүйчихсэн, онгод нь орчихсон ямар ч цолтой, хэний ч аавын хүү тэр өдөр түрүүлж болох юм.
Холбоотой мэдээ