"Жигтэй зүйлс"-ийн жигтэй охин

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

"Жигтэй зүйлс"-ийн жигтэй охин

"Жигтэй зүйлс"-ийн жигтэй охин

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа дэлхий дахиныг байлдан дагуулж буй “Stranger things” цуврал гол дүрийн жүжигчин Милли Бобби Брауныг онцолж байна. Тус цувралын дөрөвдүгээр улирлын эхний ангиуд саяхан үзэгчдэд хүрч, кинонд дурлагсдын ярианы гол сэдэв болж байна. 


СОНСГОЛГҮЙ МИЛЛИ

Милли Бобби Браун нь Испанийн Марбелла хотод 2004 онд мэндэлжээ. Тэрбээр дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь нь бөгөөд зүүн чихний сонсгол муу төрсөн аж. Сонсгол нь улам муудсаар одоо зүүн чих нь бүрэн сонсголгүй болсон гэнэ. Түүнийг дөрвөн настай байхад гэр бүл нь Англи руу, найман настайд нь Флоридагийн Орландо руу нүүсэн байна. Миллигийн аав ээж хоёр түүнийг жүжигчин болгохын тулд бүх зүйлээ зарсан гэдэг. “Stranger things” кинонд тоглохоос өмнө тэдний гэр бүл тун хүнд цаг үеийг туулсан гэж Милли ярьж байв.

АЛИСА ГАЙХАМШГИЙН ОРОНД

Тэрбээр ердөө есхөн настайдаа анхны уран бүтээлдээ тоглосон нь “ABC” телевизийн “Once upon a time in Wonderland” цувралын залуу Алисын дүр байв. Дараа нь 2014 онд “Intruders” нэртэй триллер цувралд тогложээ. Үүнээс гадна туслах дүрд тоглосон цөөнгүй цуврал бий.

Улмаар 2016 онд 12 насандаа “Netflix”-ийн шинжлэх ухааны, зөгнөлт, аймшгийн цуврал болох алдарт “Stranger things”-т Элевений дүрд сонгогджээ. Энэ дүр нь түүнд төсөөлөмгүй их амжилт, нэр хүндийг авчирсан гэхэд болно. Тэрбээр драмын цувралын шилдэг эмэгтэй дүр, Эммигийн шагнал зэрэг олон шагналд нэр дэвшиж, хамтран тоглосон жүжигчдийнхээ хамтаар олон ангит киноны шилдэг тоглолт шагналыг хүртсэн байна. Түүнчлэн 43 дахь удаагийн “Saturn award”-ын эзэн болжээ. Нэгтгээд хэлбэл, 2017 оноос хойш тэрбээр 34 шагналд нэр дэвшиж, эндээсээ 14-ийг нь өөрийн болгов.

“Stranger things” цувралд тоглосноос хойш тэрбээр олны анхаарлын төвд орж, реклам сурталчилгаа, загварын чиглэлээр ажиллаж эхэлсэн юм. Тодруулбал, 2016 оноос хойш Милли “Citigroup”, “Calven Klein”, “IMG Models”, “Moncler”, “Vogue”, “Louis Vuitton” гэсэн алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж, зар сурталчилгаанд нь тоглож, нүүр царай нь болжээ.

Хамгийн сүүлд 2022 оны тавдугаар сард “Louis Vuitton”-ий элч төлөөлөгчөөр сонгогдсон юм.

СЭТГЭЛ САНААГААР УНАСАН НЬ

Сайны хажуугаар саар гэгчээр “Stranger things” цуврал түүнд хар цагаан хэл амыг зэрэг авчирчээ. Киноноос хойш түүнийг ижил хүйстэн гэх утгатай меме цахим сүлжээгээр тарж, нийгмийн дарамт шахалтаас болж тэр “Twitter”-ээс гарахад хүрсэн юм. Тэр үед дөнгөж 14-хэн настай байсан Милли цахим дээрэлхэлтээс болж сэтгэл санаагаар унасан гэдэг. 16 насныхаа төрсөн өдрөөр Милли энэ тухайгаа инстаграм хуудсандаа хуваалцаж байжээ. “Буруу ташаа мэдээлэл, зохисгүй сэтгэгдэл, доромжлолоос болж бухимдах үе бий. Энэ нь эцэстээ намайг өөртөө итгэлгүй болгосон” гэж бичжээ.

Милли Бобби Браун нь цувралынхаа хоёр дахь хамгийн залуу гол дүрийн жүжигчин юм. Тодруулбал, тэрбээр Вилл Байерсын дүрд тоглодог Ноа Шнаппаас зургаахан сараар эгч.

Милли 2021 оноос хойш рок од Жон Бон Жовигийн хүү жүжигчин Жек Бонгиовитой үерхэж байна. Түүнээс өмнө Милли поп од Жейкоб Сарториустай үерхдэг байсан бөгөөд хосууд 2018 онд салжээ. Тэд 2017 оны арванхоёрдугаар сард нийлээд ердөө долоохон сар л хамт байсан гэнэ. Гэхдээ одоо ч аз жаргалтай, найзууд хэвээрээ гэдгээ инстаграмдаа нийтэлсэн удаатай.

МИЛЛИГИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сангийн хамгийн залуу сайн санааны элч юм. 2018 оны арваннэгдүгээр сард хамгийн залуу элчээр сонгогдсоныхоо дараа тэр сая сая хүүхдийн төлөө дуу хоолойгоо өргөж байхаа амласан юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн Дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “GoBlue” аянд Милли идэвхтэй оролцдог.

Милли, Дрэйк хоёр сайн найзууд. Австралид болсон реппер Дрэйкийн тоглолтонд Милли очсон бөгөөд шоуны дараа тайзны ард түүнтэй зургаа татуулсан байдаг.

“Stranger things” киноны хамгийн өндөр цалинтай жүжигчин бол Милли юм. Түүнийг Винона Райдер шиг их орлого олдог гэж эх сурвалжууд мэдээлсэн. Тодруулбал, нэг ангид тоглоод 300-350 мянган ам.доллар авдаг гэх мэдээлэл байна.

“Popbuzz” цахим хуудсанд мэдээлснээр, түүний нийт хөрөнгийн хэмжээ гурван сая орчим ам.доллар аж. Өсвөр насны хүүхэд гэхэд боломжийн орлого гэж тус хуудас онцолжээ.

Миллигийн нэг нууц авъяас бол реп үглэх юм. Тэр 2016 онд Жимми Фаллонтой ярилцлага хийх үеэрээ Канье Уэстийн “Monster” дууны Ники Минажийн хэсгийг бүтнээр нь үглэж үзүүлжээ. Үүнээсээ жилийн дараа “The tonight show”-д оролцохдоо мөн “Stranger things”-ийн тухай үглэсэн байна.

Миллигийн анхны үнсэлт “Stranger things” киноны үеэр тохиосон. Тодруулбал, нэгдүгээр улирал дээр Элевен, Майк хоёр үнсэлцдэг хэсэг бол Миллигийн анхны үнсэлт байжээ.

“Stranger things”-ээс хойш тоглосон түүний хамгийн том дүр бол Шерлок Холмсын дүү Энола Холмс юм.

Сонсголын бэрхшээлтэй тул “Stranger things”-ийн зураг авалт түүнд маш хэцүү байсан гэдэг. 2017 онд Австралийн “Studio 10” нэвтрүүлэгт оролцохдоо тэр энэ талаараа хэлж байв.

Тэр цахим сүлжээндээ нохойныхоо зургийг тогтмол нийтэлдэг. Милли 16 насныхаа төрсөн өдрөөр Винни Пүүх нэртэй гөлөгтэй болсон бөгөөд энэ нь эмчилгээний зориулалттай нохой юм байна. Айдас түгшүүр, сандрал мэдэрсэн үед нохойгоо хараад тайвширдаг гэж тэр хэлжээ. Эмчилгээний нохой гэдэг нь сургууль, эмнэлэг, асрамжийн газар гэх мэт орчинд сайн дурын ажил хийдэг нохдыг хэлдэг. Бусдын амьдралыг сайжруулж, тус дэм болохын тулд хүмүүстэй хамтарч ажилладаг ноход гэсэн үг юм. Милли ба түүний гэр бүл нийт зургаан нохойтой.

Милли “Game of Thrones” цувралын Лианна Мормонтын дүрд шалгуулаад тэнцээгүй. Үүнээсээ болж жүжигчний карьераа орхидог юм уу гэж бодсон ч удаатай аж. Энэ дүрд Белла Рамсэй тэнцсэн.

Эх сурвалж: POP BUZZ, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж