Сурвалжлага: Аяллын хэрэгслийн эрэлт нэмэгдэж, үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Аяллын хэрэгслийн эрэлт нэмэгдэж, үнэ өсчээ

Сурвалжлага: Аяллын хэрэгслийн эрэлт нэмэгдэж, үнэ өсчээ

Долдугаар сар бол бүхэлдээ амралт, зугаалга, аялал жуулчлалын ид цаг байдаг. Энэ жил иргэд наадмаар ес хоног амарна. Тиймээс орон нутагт хөл хөдөлгөөн ихсэж, нийслэл эзэнгүйрэх нь бий. Дотоодын аялагчдын хувьд аль нэг жуулчны баазад амрах нь бага. Амралтын баазуудын үнэ, зардал мөнгийг нь дийлэхээсээ дийлэхгүй нь олон тул майхан, тогоо шанагаа ачаад явах нь бий.

Нэг үеэ бодвол аялалын төрөлжсөн дэлгүүрүүд олширсон. Зах, дэлгүүрээр ч аялалын хэрэгслүүд зардаг лангуу ч цөөнгүй болжээ. Тиймээс аялалын хэрэгслийн үнэ болон иргэдийн худалдан авалт хэр байгааг сонирхохоор “Бөмбөгөр” захыг зорилоо.

Амралт, зугаалга эхэлсэн болоод ч тэр үү “Алтжин Бөмбөгөр” зах хөл хөдөлгөөн ихтэй, ялангуяа аяллын хэрэгсэл сонирхож асууж, сураглах хүмүүс олон байлаа. Тус захад майхан зарж байгаа худалдаачин Н.Баярмаа ярихдаа “Майхны үнэ өсөөгүй,аяллын хэрэгслүүдээ өмнөх жилийнхээ үнээр зарж байгаа. Удахгүй шинэ бараа бууна, тэгэхээр өсөх байх.  Өмнө нь өөрөө яваад үзэж хараад аваад ирдэг байсан бол одоо захиалгаар л авч байна. Хил хаалттай болохоор бэрхшээл багагүй гардаг” гэлээ. Тэрбээр тус захад найман жил аяллын хэрэгсэл зарж байгаа агаад энэ жил аялал зугаалгаар иргэд их явж буй бололтой, майхан сав, сандал сайн зарагдаж байна гэв.  Гэхдээ иргэдийн хувьд аль болох хямд үнэтэй майхан сураглах болжээ.

Тус захаар үйлчлүүлж яваа БЗД-ийн иргэн У.Мөнхбат энэ жил Архангай явж аялах гэнэ. Аяллын хэрэгслүүдээ шинэчлэх зорилготой ч майхны үнэ өнгөрсөн жилээс даруй 50 хувь өссөн болохыг хэллээ. Харин сандал суудлын үнэ нэмэгдсэн ч чанар нь муудсан байна гэв.   Аялалдаа зориулахаар 1.5 сая төгрөг хадгалсан. Хүрэх эсэхийг сайн мэдэхгүй байгаагаа ч нуусангүй.  Эрээний хилийн хориг, дайн байлдаанаас болоод энэ жил бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Өмнө нь 15 мянгаар авдаг байсан усны гутал хүртэл үнэ нь өсчихсөн байгааг ярилаа.

“Алтанжин Бөмбөгөр”-өөр явахад шиддэг, шиддэггүй болоод олон, цөөн хүний гээд майхан өнгө, өнгөөрөө янз бүрээрээ зарагдаж байна.  Худалдагч Д.Урнаагийн хэлснээр майхны үнэ том жижиг, чанартай, чанаргүйгэсээ хамаараад 185-715 мянган төгрөгийн үнэтэйгээр зарж байгаа аж.

Чийгний гудас 30 мянгаас дээш үнэтэй байгааг хэллээ. Зузаан, нимгэн, том жижгээсээ хамаараад.  Харин хоёр хүний өөрөө хийлдэг гудас 120 мянган төгрөгөөс дээш үнээр зарагдаж байлаа. Харин нимгэн нэг хүний хийлдэг гудас 30 мянгаас эхэлнэ. Тэмээний ноосон мешок 80 мянган төгрөгийн үнэтэй байв. Аяны эвхдэг ор 110 мянга, дүүжин ор хамгийн хямдхан нь 30 мянга гээд аяллын хэрэгслийн иж бүрнээр нь авбал багагүй зардал гарахаар шинжтэй.

6-8 хүний тогоо 130 мянга, аяны эвхдэг ширээ том жижиг, өндөр намаасаа хамаараад 60 мянгаас дээш үнэтэй байлаа. Мөн шорлогны зуух, нүүрс, аяга, тавагны хэрэгсэл гээд цуглуулах юм бол бараг амралтын баазуудад амрах нь илүү хямд тусахаар юм шиг. Гэхдээ монголчуудын хувьд ил задгаа гал түлээд, хээр хөдөө амрахыг чухалчилдаг.

“Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүж байсан Ө.Сайнсанаагийн гэр бүл аялалдаа авч явах зүйлсийн жагсаалт бичсэн урт цаас гартаа барьжээ. Бичсэн зүйлийн дагуу лангуунаас асуух ба хайсан зүйлээ олоогүй бололтой урам нь хугарсан шинжтэй явж байхтай нь таарлаа. Тэрбээр “Хөвсгөл нуур орох төлөвлөгөөтэй байгаа. Анх удаа халуун ам бүлээрээ аялалд гарах гэж байгаа учраас урьдаас сайн төлөвлөж бүх зүйлээ базаахыг хүссэн ч мэдэхгүй зүйл их байна. Хүүхдүүдээ л тухтай аялуулахыг хүсч байна. Зориулалтын аяллын дэлгүүр орж хэрэгтэй зүйлсээ авах нь дээр бололтой. Илүү найдвартай, бас чанартай байх” гэв.

Майхны үнэ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад нэг дахин өссөн байгааг худалдан авагч Г.Цэндсүрэн хэлэв. Хоёр жилийн өмнө 75 мянгаар авч байсан сандал гэхэд 125 мянга болж нэмэгдсэн байна гэлээ.  Аяллын хэрэгслүүдийг өвөл авбал арай хямдхан байдаг. Зун сезон нь орохоор эрэлт нь нэмэгдээд, үнэ нь өсчихдөг гэв.

Сүүлийн үед монголчууд аяллаар явахдаа бүх л хэрэгцээний зүйлсээ авч явахыг чухалчихдаг болжээ. Аяллын дэлгүүрээр дөрвөн хүний майхан нэг саяас дээш үнэтэй. Иргэдийн хувьд угсрахад хялбар майхан худалдан авдаг болсныг Улаанбаатар их дэлгүүрийн аяллын тасгийн худалдагч хэллээ.  Тус дэлгүүрт зарагдаж байгаа майхан гэхэд л захынхаас дарай нэг дахин үнэтэй, чанар нь харахад сайн нь илт. Сандал, ширээний хувьд ч зах дээр зарагдаж байгаагаас өөр болохыг худалдагч хэлсэн юм. Цаашлаад дуу өсгөгч, сүүдрэвч, дүүжин ор, био нойл өмбөг, агаарын теннес, зургийн аппарат, унших ном гээд яаж аялмаар байна, тэр болгоныг бүрдүүлэх аялалын бараа бүтээгдэхүүн сонголт ихтэй, мөнгө л байвал хүссэнээ авч болохоор болжээ.

Г.БҮЖИНЛХАМ

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж