Шинэ сэргэлтийн төслүүд ба Сингапурын хөгжлийн нууц!

Хуучирсан мэдээ: 2022.07.07-нд нийтлэгдсэн

Шинэ сэргэлтийн төслүүд ба Сингапурын хөгжлийн нууц!

Шинэ сэргэлтийн төслүүд ба Сингапурын хөгжлийн нууц!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм.  Энэхүү айлчлал нь Монгол Улсыэ гүйцэтгэх засаглалын тэргүүн төвшинд хийж буй 11 жилийн дараах айлчлал болохыг Засгийн газрыэ албан ёсны мэдээнд онцолжээ.

Ийнхүү танхимын сайд нараа дагуулаад, Шинэ сэргэлтийн бодлогоо тэврээд мордсон Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаас улс төр, эдийн засгийнхан багагүй хүлээлтэй байгаа нь худлаа биш.  Сүүлийн үед монголчууд Төв Ази болон Зүүн Азийн орнуудтай найрсаг харилцаагаа идэвхжүүлэх сонирхолтой болсон, Ерөнхий сайдын хувьд Шинэ сэргэлтийн бодлогоо амжилттай хэрэгжүүлэхэд сингапурчуудын туршлага, зөвлөгөө хэрэгтэй гэж үзсэн бололтой. Учир нь, төсөл хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд Сингапур Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах талаар тодорхой тохиролцоонд хүрч, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах аж.

Сингапур нь хүн ам цөөтэй, парламентын засаглалтай улс. Энэ талаасаа Монголтой адилхан. Атал тус улсын нэг  хүнд оногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч баян орнуудын нэг.  Инженерчлэл, дизайн, ложистик, эрүүл мэнд, боловсролын тогтолцооноос нь суралцах, сурах зүйл монголчуудад их. Авчиг, бид мөрөөдөхөөс цаашгүй.

Харин энэ удаад Л.Оюун-Эрдэнэ Сингапураас ганзага хоосон ирэх нь үү, ганзага дүүрэн ирэх нь үү. Ямар ч байсан Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Сингапураас суралцах, хамтарч ажиллах зорилготой явжээ.

Түүний дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого зургаан салбарт хэрэгжинэ. Тэрбээр гадагшаа айлчлалд явахынхаа өмнө төрсөн нутагтаа томилолтоор ажиллаж, боомтын сэргэлтийн хүрээнд Чингис хот-Ульхан чиглэлийн 318.3 км авто замыг ашиглалтад оруулахаар болсон.  Энэхүү замыг барьснаар нэг талаасаа эх түүхээ эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө босгох боломжтой. Нөгөө талаар  хойд хоёр хөршөө холбосон таранзит зам тавьснаар аялал жуулчлал хөгжих, ачаа тээврийн эргэлт хурдсана. Өөрөөр хэлбэл, “жалга дов”-ны зам гэхээсээ илүү транзит Монгол болох эхлэл тавигдсан гэсэн үг.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг хэрэгтэй. Тиймээс төр-хувийн хэвшил-хөрөнгө оруулагч гэх түншлэлээр төслүүдээ хэрэгжүүлэх бодлогыг Засгийн газраас барьж байгаа.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо хаа явсан газраа, тэрчлэн ирсэн зочид, элч төлөөлөгч болгонд танилцуулж буй. С.Лавровт ч Шиэн сэргэлтийн бодлогоо танилцуулахдаа  Эгийн голын цахилгаан станцыг барихад хамтран ажиллахыг урьсан гэх. Үнэндээ Эгийн голын цахилгаан станцыг барих асуудал оросууд эготой ханддаг. Хэдийгээр С.Лавров энэ хүсэлтийг хэр хүлээж авсан нь тодорхой биш ч Монголын Засгийн газар Эгийн голын цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах бодлого барьж буйгаа худлаа, үнэн ч гэсэн оросуудад хэлж, ярьж байх нь зөв.

Сингапур нь авлига багатай улс гэдгээрээ алдартай. Дэлхийд Шинэ Зеландын дараа ордог. Төрийн алба нь авлига багатай учраас эдийн засгийн хувьд хүчирхэг, улс хөгжжээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийнх нь нэг нууц нь төрийн албатай нь холбоотой аж.  Төрийн алба нь ёс зүйтэй, авлигагүй учраас боловсрол, эрүүл мэндийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг ч биз.

Харин Монголд төрийн алба нь төрлийн болоод хувирсан. Ялсан намын цүнх баригчид, улстөрчдийн гар хөл, эхнэр хүүхэд, ах дүүсээр дүүрчихдэг. Нэг үгээр хэлбэл, Монголын төрийн алба цалинтай өдөр өнжүүлэх болсон гэвэл бодит үнэнээс хөл зөрөхгүй байх. Төрийн бүтээмж тэг, авлигаараа Монгол дэлхийд 100 дугаарт жагсч байна гээд бод доо.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогодоо төрийн бүтээмжийн сэргэлтийг суулгаж өгсөн. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар бодлого барьж байгаа. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг энэ жилээс эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлэхээ амлаад лав жил гаруй болж байна. Журмын нөхдийнхөө авлигатай тэмцэнэ л гэсэн, иргэд харж хүлээсээр л байгаа.

Тэрчлэн авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавин, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулахаа ч зарласан юм.   АТГ-т өгсөн албан тушаалтнуудын ХОМ-ийг харахад эдийн засгийн хямрал эрх баригчдыг “тойрчихсон” л харагдана лээ.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Сингапураас авлигатай хэрхэн тэмцэж буй арга, туршлагаас сураад, судлаад ирэх аваас  Шинэ сэргэлтийн бодлого нь амжилттай хэрэгжинэ. Сингапурын хөгжлийн нууц бол ердөө авлигагүй төр л юм шүү дээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж