АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас зарим асуулталд хариулт авлаа.
-АН-ын Их хурал саяхан боллоо. Хурлаас ямар хүлээлттэй байна вэ?
-АН-ын их хуралд манай 330 сум, есөн дүүрэг 21 аймгаас ирсэн төлөөлөгчид цугларсан. Бид албан ёсны хуулийн дагуу, ҮБХ-той болж байгаа. Сүүлийн хоёр жил цар тахал, тамга тэмдгийн маргаанаас болоод эрх бүхий байгууллага гэж хэлэх албан ёсны байгууллага ҮБХ дүрэм журмынхаа дагуу ажиллаж чадаагүй.
Нам үзэл баримтлал дээрээ нэгдээд маш чухал хурлаа хийсэн. Хурлаас гарч буй шийдвэрийг АН-ын гишүүд орон даяар хэрэгжүүлнэ. Тамга тэмдгийн маргаан нэг тийш болж дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлчихлээ. ҮБХ байгуулагдаж, их хурлаа хийлээ. Бүгд дүрмийн дагуу явагдлаа.
-АН-ын бүлгийг тараах шийдвэр гаргаж байгаагаа та мэдээлсэн. Гэхдээ энэ шийдвэр танай бүлгийн бусад гишүүдэд хэр нөлөөлж чадах вэ?
-Нэгдүгээрт, наймаас дээш суудал авсан нам эвслийн бүлэг байгуулна гэдэг. Ардчилсан нам хэн нэгнийг аялдан дагалдсан, утсан хүүхэлдэй болохгүйгээр ажиллах ёстой.
АН өөрийнхөө үзэл баримтлал итгэл үнэмшилдээ үнэнч байж чаддаггүй, сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол тарах ёстой. Нөгөө талаар УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй. АН-аас гаргаж буй тогтоол шийдвэр үзэл баримтлалыг гол хандлагаа болгож ажиллаж байх ёстой. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр давхар дээл, янз бүрийн Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг зарим гишүүд манаь эрх баригчдад үйлчилсэн барьцаанд орсон, худалдагдсан нөхцөл байдал үүссэн байж магадгүй гэж үзээд уг шийдвэрийг гаргасан.
-АН даргаа тодруулж чадалгүй удаан явлаа. Намын даргаа хэзээ, яаж тодруулах юм бэ, танд мэдээлэл байна уу?
-Намын даргаа яаж сонгох уу гэдгийг ҮБХ, намын их хурал шийдэгдэнэ. Бүрэн эрхийг өгсөн.
-АН-ын бүлгийг тараах шийдвэр С.Лавровын айлчлалтай ямар холбоотой юм бэ. Яагаад түүнээс болж бүлгээ тараав?
-ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр Монголд айлчиллаа. НҮБ-ын 200 гаруй улс орон байдаг. Бүр тодруулбал, их гүрний дээрэнгүй үзэл бодлоор бусад улсыг тулган шаардах, бүрэн эрхэт нутаг дэвсгэрийг нь зөрчиж дайн байлдаан түрэмгийлэл хийх өнөөдрийн дэг журмаар яасан ч болохгүй. Хүчирхийллийн аргаар асуудлыг шийдэж болохгүй. Дэлхийн хүн төрөлхтөн бүгдээрээ ойлгож байна. Ийм хувь заяа манай дээр хэзээ ч давтагдаж магадгүй. Бусад улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа шиг бид бас хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. НҮБ-ын дүрэм журмын дагуу ажиллах ёстой. В.Путины түрэмгий бодлого, “гар хөл”-үүдийг дэмжихгүй, мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөд оролцохгүйг АН илэрхийлсэн. Тийм ч учраас АН-ын бүлгийг тараасан.
-УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нар таныг нэлээд хатуу шүүмжилсэн. Та бүлгийнхэнтэйгээ учир зүйгүй олж болоогүй юм уу?
-УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Ж.Батсуурьд хандан хэлэхэд тосгоноос хүүхэн явсан ч хүүхэн тосгоноос явсангүй. Үүн шиг байж болохгүй.
Холбоотой мэдээ