“Ц.Нямдоржийн хүү их том байна аа, том толгойтой чамд хууль үйлчилдэг үү”

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Live“Ц.Нямдоржийн хүү их том байна аа, том толгойтой чамд хууль үйлчилдэг үү”

18 : 21
2022-7-6

Онгоцны түлш 410 ам.доллараар хямдрах боломжтой

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:

-Шатахуун хямд байх талаар асууж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын “Роснефт аэро” компаниас онгоцны түлшийг одоогийн дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллароор хямдруулж авах мөн, зуучлалын хөлс буюу нийтдээ 410 ам.долларыг хямдруулж авах, хямдруулж авсан хэмжээгээр 2023 оны тавдугаар сар хүртэл нийлүүлэх хэлцлийг хийсэн. Тэгэхээр онгоцны түлш тонн тутамдаа 410 орчим ам.доллароор хямдарна. 2019,2020,2021 онуудаас харахад олон улсын зах зээлийн үнээс 187-225 ам.доллар буюу олон улсын зах зээлээс үнэтэй байна. Тиймээс онгоцны түлш 410 ам.доллароор хямдрах боломжтой.

Тэр үед 1110 ам.доллар байсан шатахууныг 840 ам.доллароор гурван сарын хугацаатай авсан. Өнөөдөр ОХУ-ын жижиглэнгийн үнээс манайх 500 орчим төгрөгөөр хямд байна.

“Роснефт аэро” компанитай онгоцны түлшний асуудлыг ярилцаж байгаа. “Роснефт аэро” бол Роснефтийн охин компани. Тэгэхээр бид АИ-92 –ийг үргэлжлүүлэн хямд авах саналыг тавдугаар сард тавьсан. Саналын хариу одоогоор ирээгүй байна. Хэлцлийг үргэлжлүүлж хийнэ. Өнөөдрийг хүртэл агаарын түлшийг зуун хувь ОХУ-аас авч ирсэн. 2005 оноос Роснефт аэро компаниас авсан. Бид ОХУ-аас бусад улсаас шатахуун авах боломж байхгүй. Зуун хувь шатахууныг ОХУ-аас авдаг. Нөгөө талын нийлүүлж буй компани өөрчлөгдөхгүй.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Түлш шатахууныг хараат байгааг ойлгож байна. Цаашдаа Монгол Улс яах вэ. Хайгуулын талбай дээр ажил хийгдэж байгаа юм уу. Нөөцөө нэмэгдүүлэх тал дээр яах вэ. Мөн хавар газрын тосны үйлдвэрийг дэмжих шийдвэр гаргасан. Монгол Улсад хайгуул хийх өрөм байдаг уу. Газрын тос үйлдвэрлэх бүтээгдэхүүний явцад боловсон хүчний асуудал яах вэ. Хэр бэлтгэгдэж байна вэ.

16 : 03
2022-7-6

"С.Бямбацогт оо чи ямар хүмүүс оруулаад ирсэн юм бэ"

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Та хоёр өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллагад хэлэлцүүлэгт оролцож хариулт өгч байна. Та хоёр шүүх хурал дээр явж байгаа юм шиг хариулж байна. Гэхдээ би та хоёрыг ойлголоо. Та хоёр бол “кармааны” улсууд юм байна. Ийм шүүгч дээд шүүхийн шүүгч болох нь байна. Ийм арчаагүй. Хувь хүний үзэл бодол байхгүй. Хуульчийн ёс зүйн төлөвшил байхгүй. Хуульчид ингэж хандаж байвал яаж Монголын төр цэвэр байх вэ. Ийм хүмүүсийг яах гэж оруулж ирсэн юм С.Бямбацогт оо чи. Чи Үндсэн хуулийн Цэц дээр очоод юу хийсэн. Одоо ийм хоёр хүн оруулж ирлээ. Ховдынх уу, гарал үүслийн сайн судалж үзэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Ц.Даваасүрэн надаас ямар хүмүүс оруулаад ирсэн юм гэж асуулаа. Би хариулъя. Өөрт нь таалагдахгүй хариулт өгөх юм бол хууль бус хүн, чадваргүй тэнэг болж харагддаг. Өөрт нь таалагдсан хариулт өгвөл шударга болж харагддаг. Шүүхийн тухай хуулиа унш. Энийг би оруулж ирээгүй. Шүүхийн тухай хуулийн дагуу хэнээс ч хараат бусаар сонгон шалгаруулалт явуулж нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүсийг шалгаруулсан юм байна лээ. Үүнийг хуулийн дагуу УИХ-д танилцуулах үүрэгтэй. Би танилцсан. Шүүхийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг хийсэн. Хоёулаа шүүхийн байгууллагад олон жил ажилласан байна лээ. УИХ-ын гишүүн микрофоноо ашиглаад өөрт нь таалагдахгүй бол шүүмжилдгээ болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Ер нь энэ хоёрын байгаа байдлыг харахад яг С.Бямбацогт шигээ байна. Үндсэн хуулийн Цэц дээр С.Бямбацогт “шал” тэнэг юм ярьсан. Тогтолцоо гэдэг үгийг 2019 онд авч хаячхаад тэрийг яриагүй. Шийдээд өгөөч гэж Цэцээс гуйсан. Тэгээд ард иргэдийн сонгох эрхийг алга болгочихлоо. Тэгчхээд хачин юм яриад байна. Чиний үнэн нүүр царайг хүмүүс ойлгодог болчихсон. Өнөөдөр төрийг үймүүлж байна. Энэ хоёр нөхөр дээд шүүхийг үймүүлэх нь байна. Шүүх процесс энд явагдаагүй.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Та хэд хараат бус байна гэдгийг юу гэж ойлгож байна. Хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Ямар хангамжтай байдаг вэ? Би 2015 онд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа шүүгчдийн цалинг жишигт аваачсан. Тэр үед нийгэм ойлгодоггүй, эсрэг байсан. Хүн болгон хардах эрхтэй. Тухайлбал, та Хэнтийнх юм байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь Хэнтийнх. Тэгэхээр хараат бус байж чадах уу. “Их засаг” сургуулийг төгссөн юм байна. Тус сургуулийн үүсгэн байгуулсан хүн УИХ-д байгаа. Хөгжлийн банкинд Н.Баярмаа ажиллаж байсан юм байна. Та ахлах хуульчаар ажиллахдаа Хөгжлийн банкны “хулгайн” хаагуур өнгөрөв өө. Үндсэн хуулийн Цэцийн талаар ярихад маш сайн хараат бусаар ажиллаж байна. Зориудаар гадна дотнын явуулга хийж Солонгост Б.Одбаярыг "онигоо" болгосон байж магадгүй.

Нэр дэвшигч Н.БАЯРМАА:

-Анхан шатны шүүгчийн цалин 2.7 сая төгрөг байдаг. Ерөнхийдөө гар дээрээ 2.2 сая төгрөг авдаг. Саяхан Шүүхийн шинэтгэлийн шинэ хууль батлагдсанаар нэмэгдэл нэмэгдсэн. Төрийн албаны ажилласан жилийн нэмэгдэл, мөн докторын зэрэгтэй холбоотой нэмэгдэл ороод гурван сая гаруй төгрөгийн цалин авч байна. Би 1978 онд Хэнтий аймаг төрсөн. Хэнтийд сургуулиа төгсмөгцөө оюутан болсон. Миний хүүхэд нас Хэнтийд өнгөрсөн. Өөр асуудал байхгүй. Мөн жил хүрэхгүй хугацаанд Хөгжлийн банкинд ажилласан. Шийдвэр гаргах түвшинд байгаагүй.

Нэр дэвшигч Д.Батбаатар:

-Хараат бусаар ажиллаж чадна гэж бодож байна. Шүүгч хийх хугацаанд хууль дээдэлж ажиллах хүсэл эрмэлзэлтэй явж ирсэн. Хөндлөнгийн хараат бусаар хэрэг маргааныг шийдэж чадна. Хараат бус байх баталгаа бол цалин хөлс юм. Үндсэн цалингийн хэмжээ шүүхэд өөрчлөгдөөгүй. Шинэ хуулиар нэмэлт цалин нэмэгдсэн. Миний хувьд үндсэн цалин 3 сая, 60 хувийн нэмэгдэлтэй цалин авдаг. Н.Учрал гишүүнтэй харилцаа холбоо, нөлөөллийн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Ш.РАДНААСЭД:

-Д.Зүмбэрэллхам даргаас асууя. Та бүхэн томилогдсоноос хойш нийт хэчнээн шүүгчийг сонгон шалгаруулаад байна вэ. Миний мэдэж буйгаар 699 шүүгч Монгол Улсын хэмжээнд ажиллах ёстой. Өнөөдөр 510 юм уу 506 шүүгч ажиллаж байна. 190 шүүгчийн орон тоо дутуу байна. Найман сарын хугацаанд хэдэн хүнийг томилсон бэ.

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Д.Зүмбэрэлхамаас асууя. Яагаад тэтгэвэрт гарсан шүүгчдээ тэтгэвэрт гаргахгүй байгаа юм бэ. Тэтгэвэр авах насанд хүрсэн хэчнээн шүүгч байгаа юм бэ. Шүүхийн нэр хүнд хангалтгүй байна. “Салхитын мөнгөний орд” гээд баахан шүүгчид нэр хүндгүй болсон. Шүүгчид мөнгөгүй хүнд ялгавартай ханддаг. Тиймээс анхан шатны болон давах шатны шүүгчдийн гаргасан шийдвэрт хяналт тавьдаг уу. Анхан, давах шатны шүүхэд хууль завхарч байна. Олон иргэн хохирч байна. Сахилгын хороо байгуулаад таван шүүгчид хариуцлага тооцсон юм байна. Үнэхээр хангалтгүй байна. Сахилгын хороо анхан шатны шүүхэд хяналт тавих хэрэгтэй. Ийм түвшинд ажиллаж байхад бид хэнд итгэх юм бэ.

15 : 41
2022-7-6

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулав

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг танилцуулж байна. Уг танилцуулгыг ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам хийлээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Дэмбэрэлийн Батбаатар нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй.

Yндэс угсаа: Халх, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсролын байдал:

-1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль,

-1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр,

-2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-1999-2000 онд “Хүчит шонхор” ХХК-д байцаагчаар,

-2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,

-2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагчаар,

-2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаар,

-2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр,

-2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр,

-2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,

-2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нямдоогийн Баярмаа нь1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй.

Yндэс угсаа: Халх, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсролын байдал:

-1984-1994 онд Хэнтий аймгийн Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургууль,

-1994-1998 онд МУИС-Хууль зүйн сургуульд эрх зүйч, бакалавр,

-1998-1999 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,

-2010-2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,

-2022 онд Япон Улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багшаар,

-2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөхөөр,

-2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр,

-2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульчаар,

-2014-2015 онд Монгол Улсын хөгжлийн банкны Хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар,

-2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,

-2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байна 

14 : 55
2022-7-6

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан горимын санал хэллээ

УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН:

-2022 оны зургадугаар сарын 27-ны өдөр Цэц хуралдаж, сонгуулийн тухай хуульд халдлаа. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн сонгох зарчимд хуйвалдааны хууль бусаар халдаж байна гэх үндэслэлтэй байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлттэй холбогдуулаад шинээр үүссэн нөхцөл байдал гэж үзээд УИХ Сонгуулийн хуульд пропорциональ буюу нам дугуйлдаг боломжийг нь хангахын тулд дээрх шийдвэрийг гаргасан гэж хурлын материалаас харагдаж байна. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гэж заасан нь УИХ-аар дэмжигдээгүй. 1992 оны хуульд мөн дэмжигдээгүй. Сонгуулийн пропорциональ тогтолцоо байж болохгүй, улс төр, намуудын төлөвшил ямар байгаа билээ гэж гишүүдийн 2019 онд пропорциональ тогтолцоог дэмжээгүй.

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-Эрүүл мэндийн сайдын дүгнэлт нэлээн сэтгэл зовоосон тоо харагдаж байна. Эрүүл мэндийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангаар нийтдээ 561.2 тэрбум төгрөгийг 635 алдаа илэрч, нийт зөрчил нь өмнөх оны мөн үеэс 192 тэрбум төгрөгөөр өссөн. Эрүүл мэндийн даатгалын санд 315 тэрбум төгрөгийн алдаа илэрч өмнөх оны мөн үеэс 56.3 тэрбумаар өссөн, НДС-д 133.1 тэрбум төгрөгийн алдаа илэрч нийт зөрчил нь өмнөх оным мөн үеэс 97.6 тэрбумаар өссөн. Эрүүл мэндийн салбар улсын төсвийг зориулалтын дагуу зарцуулж чадаж байгаа юм болов уу. Жил дараалан аудитын хязгаарлалттай дүгнэлт аваад байгаа албан тушаалтан, байгууллагад хэн ямар хариуцлага хүлээлгэх юм бэ. УИХ саяхан Төсвийн хэмнэлтийн хууль батлаж 300 гаруй тэрбум төгрөг хэмнэж түүгээр цэцэрлэгийн хүртээмж сайжруулна гээд төсвөө бид хэмнэсэн. Гэтэл өмнөх оныхоос эрүүл мэндийн салбарын хэтэрсэн өр нь 316.1 тэрбум төгрөг болсон байна.

УИХ-ын гишүүн Т.АЮУРСАЙХАН:

-Эдийн засагт хүндрэл үүсээд байгаа нь албан тушаалтнуудын хариуцлагын асуудлаас их болж байна. Бүх юмыг цар тахал, гадаад нөхцөл байдал руу чихэх боломжгүй. Албан тушаалтан хариуцлагагүй, дээр нь зарим томилгоо оновчтой биш байна. Хуулиас дээгүүр гишгэдэг асуудал байж болохгүй. Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр сонсч байгаа байх. Хоёр талын харилцааны энгийн гадаад харилцаа ярихаар хуралдааны дундуур шивнээд шахам ярьж байгаа. Тэгэхэд ярьж байгаа өнгө аяс чинь таалагдахгүй байна гээд утсаа шидчихэж байна. Хууль үйлчлэхгүй болохоор тэгдэг юм уу. ТНБД Засгийн газрын өмнө ажлаа хариуцдаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхаа өмнө хариуцна гэж юу байдаг юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж буй хуулийг зөрчиж байгаа шүү. Аль нэг нь ажлаа хийх боломжтой. Ийм том толгойтой. Одоо ингээд хэрэлдээд сууж байна. Төрийн ажлыг эцгийнхаа өмнө хариуцахаар ийм том болдог юм байна л даа. Бүхний дээгүүр яваад сурчихсан. Сургалтын төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж байгаа. Тэгээд таван жилд төрд ажиллахаар цайруулчихдаг журамтай гэнэ. Ямар сайхан юм. Бүх залуус өөр шиг чинь болмоор байна. Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох хуулийн зохицуулалттай. Тухайн үед болдоггүй байсан гээд чи хэрэлдээд байгаа. Тэрбум гаруй төгрөгийг чи шалихгүй мөнгө гэж ярьдаг том болчихсон. Чи ярь за юу. Худлаа юм ярьж байна уу. УИХ-ын дарга хүн хүүгээ ийм бизнестэй очно шүү гээд тухайн үед болдог байсан. Одоо болохгүй л дээ.

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад очиж ажилласан. 2017 онд Зайсанд байсан хүүхдийн хорихыг Баянзүрх дүүргийн Хонхорт шилжүүлсэн. ХЭҮК-ынхон хорих ангид очиж ажиллаж үзсэн үү. Хэдийгээр гэмт хэрэг үйлдээд ялт шийтгэл эдэлж байгаа боловч шийтгэл дээрээ давхар шийтгүүлж байгаа мэт орчин нөхцөлд хүүхдүүд амьдарч байна. Модон тагз гэж хэлэгддэг, хэзээ мөдгүй нурах гэж байгаа нөхцөлд хүүхдүүд хүмүүжиж байна. Тэнд 110 дугаар сургууль гэж бий. Багш нар тэнд дутмаг байна. Хүүхдийг ийм хэцүү нөхцөлд амьдруулмааргүй байна. Сайд нарыг хорих ангийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаарай гэж хүсч байна.

13 : 40
2022-7-6

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын тов дарааллыг  хүргэж байна. УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр хуралдаад завсарлах юм.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНХААНА
14.00

 

ЛХАГВА ГАРАГ /2022.07.06/

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Газрын багц хуулийн төслүүд /Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлГазрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлКадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлНийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөлМонгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх//

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы хаалт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж