“Монцемент” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

“Монцемент” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

“Монцемент” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

“Хөтөл цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар “Монцемент” үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, шуудайны нийлүүлэлтийн хомсдолд орсон гэж мэдээлсэн. Биднийг дээрх мэдээллийг тодруулахаар “Монцемент” үйлдвэрийг зорин очиход үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байв.

Тус үйлдвэр ид бүтээн байгуулалтын буюу өвлийн улиралд цементийн уутны нөөцөө урьдчилан хангаж, өөрсдөөс шалтгаалах бүхий л бэлтгэл ажлаа гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл зах зээлд цементээ тасралтгүй нийлүүлсээр буй юм байна.

НЭГ ШУУДАЙ ЦЕМЕНТИЙГ 15270 ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛЖ БАЙНА

“Монцемент билдинг материалс” ХХК-ийн Үйл ажиллагааны захирал Ц.ХАЛИУН:

-"Монцемент" үйлдвэр шуудайны нийлүүлэлтийн хомсдолын улмаас хаалгаа бариад байна гэсэн мэдээлэл гарсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна. Ганц нэг удаа зогссон тохиолдол байв уу? 

-Монцемент үйлдвэр хагас жилийн байдлаар нэг ч удаа зогсолт хийгээгүй. Цементийн уут, сэлбэг, бараа материалын хувьд тасалдал огт үүсээгүй. Өнөөдрийг хүртэл гурван ээлжээр цемент үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулж, харилцагч нартаа захиалгын дагуу нийлүүлсээр байна.

-Нэг шуудай цемент үйлдвэрээс ямар үнээр гарч байна вэ? 

-“Монцемент” үйлдвэрээс нэг шуудай цемент 15270 төгрөгөөр борлуулагдаж байна. Манай үйлдвэрийг цементээ 25 мянган төгрөгөөр борлуулж байна гэсэн ташаа мэдээллүүд гарсан. Цементийн үнэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. “Монцемент” цогц үйлдвэрийн хувьд Дорноговь аймгийн Өргөн суманд цементийн гол түүхий эд болох клинкерээ үйлдвэрлээд, түүнийгээ хагас вагоноор зөөвөрлөж, үйлдвэр дээр авчирдаг. Манай үйлдвэр цагт 120 тонны хүчин чадалтай хоёр тээрэмтэй. Тээвэрлэж авчирсан клинкерээ эцсийн бүтээгдэхүүн болгож, хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

-Вагон хангалт саарсан ч хувийн хэвшлээс өндөр үнээр вагон түрээслэж буй талаар дууллаа. Энэ талаар тодруулъя? 

-Өнгөрсөн гуравдугаар сараас хойш "Улаанбаатар төмөр зам"-аас хагас вагоны хангалт саарсан. Бидний хувьд өөрийн ээмшлийн вагонтой хэдий ч хүрэлцдэггүй тул "Улаанбаатар төмөр зам"-тай хамтарч ажиллах шаардлагатай байдаг. Хоногийн 30 хагас вагон захиаллаа гэхэд түүний тал нь байх жишээтэй. Хагас жилийн гүйцэтгэлээс харахад, "Улаанбаатар төмөр зам"-аас хагас вагоны хангалт -48 хувийн гүйцэтгэлтэй буюу 48 хувь дутуу биелэгдсэн байна гэсэн үг.

Вагон саарсан асуудлаар "Улаанбаатар төмөр зам", Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа хандсан. Өнгөрсөн зургадугаар сарын дундуур "Улаанбаатар төмөр зам"-ын удирдлагуудад энэ асуудлыг тавиад, вагон хангамжийг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд вагон хангалт харьцангуй сайжирч, ямар нэгэн сааталгүйгээр вагон татах, өртөөд хоорондын улдаа холбоог сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Хувийн хэвшлийн хувьд ганцхан "Улаанбаатар төмөр зам"-ыг хараад суулгүй, вагон түрээслэдэг хувийн хэвшилд хандаж, өндөр өртгөөр вагон түрээслэх зэргээр өөрсдийн зүгээс авч болох бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

-Улаанбаатарын энэ үйлдвэрээс хоногт хэдэн тонн цемент гарч байна вэ? 

-3000 тонн цемент гарч байна. Дорноговь аймгийн Өргөн сумын үйлдвэр зүүн аймгуудын цементийн хэрэгцээг ерөнхийд нь хангадаг. Улсын томоохон бүтээн байгуулалтын төслүүд ид өрнөж байна. Түүнд бид гар, бие оролцож байна. Өргөн суман дахь үйлдвэрээс 1200-1500 тонн орчим цемент гардаг. Нийтдээ 4000-4500 тонн орчим цемент үйлдвэрлэж, борлуулалт хийж байна. Үйлдвэрлэл тасралтгүй 7/24-өөр явагдаж байна.

-"Монцемент" үйлдвэр сэлбэг хэрэгсэлгүй болж, техник нь зогссон гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? 

-Ийм ташаа мэдээлэл гарсан. Манай үйлдвэрийн тээрэм 24 цаг тасралтгүй ажиллаж байгааг та бүхэн харж байна. Ямар нэгэн тасалдал үүсээгүй. Бид одоо аль болох жижиглэн худалдан авагчдад хүрэх зорилгоор ажиллаж байна. Шуудтай цементийн борлуулалтыг нэмэгдүүлэх, нөгөө талаар бүтээн байгуулалтын ид улирал учраас задгай цементийг тасалж болохгүй. Ихэнх бүтээн байгуулалт  нь задгай цементээр явдаг зуурмагийн үйлдвэрүүд рүү явж байна. Тиймээс бид бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор задгай цементийг тасалдуулахгүй байхыг зорьж ажиллаж байна.

Бид цементийн хомсдол үүссэн цагаас эхлэн "ченж" буюу харилцагчийн гараар дамжуулахгүйгээр 5, 10 тонны хэрэгтэй, жишээлбэл бетон үйлдвэрлэл ба жижиг хэрэглээтэй харилцагч нараа цементээр ерөөсөө таслаагүй. Аль болох захиалгыг нь гүйцээхийг зорьж ажиллаж байна. Вагон хангалт сайжирвал үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Өнөөдөр (2022.07.05) Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, "Улаанбаатар төмөр зам"-ынхантай уулзсан. Бид хувийн хэвшлээс өндөр үнэтэй вагон түрээслэж байна. Хэрэв "Улаанбаатар төмөр зам" вагон хангалтаа сайжруулчихвал нөөц болон хүчин чадлаа илүү нэмэгдүүлэх бүрэн боломж байгаагаа илэрхийлсэн.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж