Зам гүүрийн эвдрэл буудайн тээвэрлэлтэд саад болж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Зам гүүрийн эвдрэл буудайн тээвэрлэлтэд саад болж болзошгүй

Намар намрын ургац хураалт улсын хэмжээнд холбогдох бүхий л яам, тамгын газар, байгууллагыг хамарсан томоохон ажил болдог. Энэ жил тариа буудайны ургац сайн байгаа ч түүнийг хураах техник технологи, машин механизм, хөрөнгө санхүү тариаланчдад хангалтгүй байгаа гэнэ. Тиймээс буудай тээвэрлэх ажлыг  нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэж холбогдох албаныхан үзэж байна.

Өмнөх жилүүдэд улаан буудайг тариалангийн компаниуд өөрсдөө тээвэрлэдэг байсан бол энэ жил худалдан авч буюу компани болон улс өөрөө үүнийг хариуцахыг  “Ургацын далай” холбооноос санал  болгосны дагуу энэ асуудлыг  ХХААХҮ-ийн сайд ирэх долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэхээ мэдэгджээ.  Манай улсад цаг агаарын байдал өмнөх жилүүдийнхээс эрс ялгаатай болж байгаа гэдгийг Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс онцолж буй. Энэ сарын 20-28-ныг хүртэлх хугацаанд цаг агаар дулаан байх бол 29-30-ны өдрүүдэд уулархаг нутгаараа нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Есдүгээр сард хур тунадас олон жилийн дунджийн орчим байх боловч эрс хүйтэрч болзошгүй байгаа. Өнгөрсөн жилийн  есдүгээр сард  нойтон цас унаж,  хүчтэй  шуурсанаас тариагаа цасанд даруулсан явдал бий. Мөн газар тариалангийн бүс нутгуудад зарим зам, гүүрийн эвдрэл нь буудайн тээвэрлэлтэд саад учруулж болзошгүй байгаа гэнэ.

Тиймээс ургац хураалтад зам, тээвэр, үнэ хөлсний асуудлыг яаралтай шийдэж ирэх сарын 25 гэхэд ургац хураалтыг дуусгах нь чухал  болоод байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж