Эдийн засгийн энэ хүнд цаг үед иргэдэд ихээхэн дарамт үүсгэж, стресс депрессийн бас нэг шалтгаан болж буй мөнгө хүүлэлтийг таслан зогсоох арга хэмжээ авах зайлшгүй шаардлага нийгэмд тулгарч буй. Цөөхөн монголчууд биенээ шулж мөлжихийн “дон”-той болсон уу гэлтэй өдөр өдрөөр мөнгө хүүлж, нэгнээ эргэж гарах гарцгүй болгон мухардалд оруулж буй таагүй мэдээлэл тасрахгүй байгаа юм.
Банкнаас зээл авах шаардлага хангадаггүй, голдуу хувиараа жижиг лангуу ажиллуулдаг иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлж, өдөр тутмын орлогоос нь эргэн төлөлтөө татах байдлаар өрийн дарамтад оруулдаг. Ийм байдлаар их хэмжээний өрөнд орсон, “Хархорин” зах дээр наймаа эрхэлдэг, 20 настай бүсгүй амиа хорлосон харамсалтай хэрэг ч гарч байв.
Монгол Улсад 2000 оноос "Өдрийн зээл" гэх үйлчилгээ эхэлжээ. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг хувь хүмүүс улсад ямар ч татвар төлөхгүйгээр жилдээ 120-360 хувийн ашиг олдог байна. Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгтэй ажлын гараагаа эхэлсэн мөнгө хүүлэгч ганц жилийн дотор мөнгөө 220-460 сая төгрөг болгож өсгөсөн тохиолдол ч бий аж.
“Хархорин” захын 20 худалдаа эрхлэгчээс авсан асуулгын хариултаас үзэхэд, тэдний 8 нь өдрийн зээл авч байжээ. Өдрийн зээл нь сарын 10-30 (зарим газар бүр 40 хувь) хувийн хүүтэй, зээлийн хүүг бодохдоо үндсэн зээл, сарын хүүг нэмээд 30, эсхүл 22 хоногт хувааж, өдөр бүр төлөх мөнгөн дүнг тооцдог байна.
Жишээ нь, нэг сая төгрөгийг 12 хувийн хүүтэй зээлсэн гэж бодвол 1 сая 120 мянган төгрөгийг 30, эсхүл ажлын 22 хоногт хувааж, өдөр бүрийн дүнг гаргаж, өдөр бүрээр төлүүлнэ. Мөн хугацаандаа төлж чадахгүй бол зарим тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцдог байна.
Гэрээ байгуулахдаа нотариатаар баталгаажуулж, лангуу түрээсэлсэн бичгийг хавсарган, нотариатын зардлыг зээлдэгчээр төлүүлдэг, дарамтлах, нэр хүндэд нь халдах, гэр, ажил дээр нь байнга очих, утсаар тасралтгүй залгах байдлаар зээлдэгчийн бусад эрхэд халддаг ажээ.
Нэг орчихвол “живдэг” гэх энэхүү зээл барьцаагүй, авахад хялбар байдгаараа онцлогтой аж. Монголын худалдаачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Солонгын мэдээлснээр, сая төгрөг 25 хоногийн хугацаатай, 10 (дээд тал нь 30 хувь) хувийн хүүтэй авлаа гэж бодоход маргаашаас нь 44000, 66000 төгрөг төлж эхэлдэг. Авсан зээлийн төлбөрөө 16:00 цагаас өмнө төлөөгүй тохиолдолд 17:00 цагаас хойш цаг тутамд 7000 төгрөгийн анз (алданги, торгууль) тооцдог байна. Өдрийн зээл нэг удаа авсан бол хар тамхинд орсонтой адил байдалд хүрдэг аж. Зээлээ төлж чадахгүйд хүрвэл дараагийн хүнээс зээл авах байдлаар өрийн торонд ордог байна.
Монголын худалдаачдын холбооноос холбогдох байгууллагуудад тус зээлийг хаах арга хэмжээ авч өгөхийг удаа дараа хүссэн ч ямар нэгэн хариулт авч чадаагүй өнөөдөртэй золгожээ.
“Хүсэл ихэдвэл хясал ихэснэ” гэдэг. Төрийн түшээд Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах хуулийн төсөл өргөн барьж, өдгөө УИХ-ын түвшинд яригдаж буй нь сайшаалтай юм.
ЗАМБАРААГҮЙ, ЗОХИЦУУЛАЛТГҮЙ ЯВЖ ИРСЭН ЛОМБАРД, ХУВИАРАА ЗЭЭЛ ОЛГОГЧДЫГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛНА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт баялаг бүтээгч хувийн хэвшлийг дэмжсэн Арилжааны багц хууль боловсруулахаар тусгасан. Уг зорилтын хүрээнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийн төсөл батлагдвал иргэн, эсхүл компани бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулах тохиолдолд хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэх ажээ.
Байнга, ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн иргэн, хуулийн этгээдийг бүртгэлжүүлснээр замбараагүй, зохицуулалтгүй явж ирсэн ломбард, хувиараа зээл олгогчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үйл ажиллагаа явуулах нөхцөл, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах шаардлагыг тодорхойлох юм байна. Ингэснээр тус үйл ажиллагаа мэргэжлийн болж, улмаар тэдгээрийн үйлчилгээг авч буй иргэд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчихөөс урьдчилан сэргийлэх боломжтой болох нь.
Ялангуяа “Өдрийн зээл” болон хүүг урьдчилан авахыг хориглосноор иргэд санхүүгийн хүндрэл, цаашлаад дарамт шахалт, гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх бөгөөд хэрэглэсэн хугацааны хүүг өгөх, хэрэглээгүй байхад урьдчилан хүүг өдрөөр өгч, санхүүгийн дарамтад орохоос “аврах” зохицуулалтууд тусгагджээ.
Мөн барьцааны зүйлтэй холбоотой хулгай, зээлийн гэрээгээр халхавчилсан залилангийн хэрэг маргаан буурахад эерэгээр нөлөөлнө гэж хууль санаачлагчид үзсэн байна. Татвар шударгаар төлөгдөх нөхцөл боломж бүрдэж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд ФАТФ-ийн зөвлөмжийн дагуу мэдээлэх үүрэг бүхий этгээдээр тодорхойлох, улмаар далд эдийн засаг, мөнгө хүүлэлттэй тэмцэж, гүйлгээ, хөрөнгийн эх үүсвэр, мөнгөний эргэлт, татвар төлөлтөд хяналт тавих нөхцөл бүрдэж, эдийн засгийн гэмт хэргээс сэргийлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэж тооцжээ.
Үүний зэрэгцээ иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хэрэглэгчийн эрхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх механизм бий болсноор бичил санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдэх юм байна.
МОНГОЛД 1000 ОРЧИМ БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа ба үүнээс 872 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээрээс нэг эзэнтэй боловч 30-40 салбартай барьцаалан зээлдүүлэх газар цөөнгүй байгаа ажээ. Харин Татварын ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзвэл, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжээс 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад мэдээлснээр, нэг аж ахуйн нэгж барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас гадна гурваас доошгүй өөр үйл ажиллагаа эрхэлдэг, мөн нэг аж ахуйн нэгж 10 гаруй үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн тохиолдол цөөнгүй байгаа ажээ.
Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас гадна амралтын газар, барилга, барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, дэлгүүр, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл зэрэг салбарын үйл ажиллагаа давхар эрхлэх нь түгээмэл. Иймээс эдгээр 294 аж ахуйн нэгжийн зөвхөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас олсон орлого, түүнд төлсөн татварыг тодорхойлох боломжгүй байдаг байна.
Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн тоо, нэгдсэн бүртгэл тодорхойгүй, 1000 орчим аж ахуйн нэгжээс 294 нь татвар төлсөн гэж буй боловч зөвхөн зээлийн үйл ажиллагаанаас олсон орлого, тус орлогоос төлсөн татварыг ялгаж тодорхойлох боломжгүй.
ЦЕГ-ын мэдээлэлд дурдагдсан 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газраас үлдсэн 600 гаруй аж ахуйн нэгж огт татвар төлөөгүй бөгөөд үүний улмаас нийт зээлийн хэмжээ, бичил санхүүгийн зах зээл дэх мөнгөн эргэлт, татвар төлөлтийг бодитой тогтоох боломжгүй байна.
Ломбардууд зээлийн хүүг дураараа нэмэгдүүлж, өндөр түвшинд барьж, анз тооцож, цөөн хоногийн хугацаатай өндөр хүү, алдангитай зээл өгч, мөнгө хүүлж, иргэдийн барьцааны эд зүйлийн үнэлгээг багаар тогтоодог. Мөн барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх, барьцаанд авах эд зүйлийг төрөлжүүлж зааснаар хулгайн гэмт хэргийн тоо нэмэгдэхэд нөлөөлөх зэргээр иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хэвээр байгаа билээ.
Холбоотой мэдээ