Г.Цогтбаатар: УБТЗ, ГЕГ-тай хамтран шуурхай  ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Г.Цогтбаатар: УБТЗ, ГЕГ-тай хамтран шуурхай  ажиллаж байна

Г.Цогтбаатар: УБТЗ, ГЕГ-тай хамтран шуурхай  ажиллаж байна

Замын-Үүд дэх УБТЗ-ын Шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатартай ярилцлаа. 

-Импортын тээврийн нөхцөл байдалтай холбоотойгоор Замын-Үүдэд тодорхой тооны чингэлгийг олгох ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар та бүхэн хэчнээн чингэлгийг эздэд нь олгов. Мөн танай ангийн нөхцөл байдал, ямар зохион байгуулалтаар ажиллаж байгаа талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-УБТЗ нийт 190 орчим чингэлгийг Замын-Үүдэд олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 1-р талбайд 60, Бүс нутгийн логистикийн төвд 73 чингэлгийг эздэд нь олгохоор байршуулчихаад байна. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 20 гаруй чингэлгийг олголоо.Тээвэр зууч, ачаа хүлээн авагчид маань аль болох хурдан шуурхай, ачаа бараагаа татан авах бүрт бид дараа дараагийн чингэлгийг талбайд байршуулж, олгоод явах болно. Хүчин чадлын хувьд  1-р талбай 60 чингэлэг олгох хүчин чадалтай. Харин Бүс нутгийн логистикийн төвд нэг удаагийн олголтоор 100 чингэлэг олгоно гэж бид тооцсон. Хэрэв энэ 160 дээр нэмэх шаардлага гарвал 3-р талбайгаараа бас олгох ийм альтернатив хувилбаруудыг тооцоолж гаргаад байгаа.

-Сайншандад хувийн талбай ашиглаад олголт хийж байгаа тухай мэдээлэл бий. Тэнд олголт хэрхэн хийж байна. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Тэндхийн нөхцөл байдлын талаар надад мэдээлэл бага байна. Бидний хувьд Сайншандад хүлээн авна гэсэн чингэлгүүдийг ямар нэгэн саадгүй, шуурхай явуулна. Гэхдээ талбайн хувьд жижиг юм билээ. Бидэнд “Чингэлэг хүлээлгэн өгөхөө түр хугацаанд азнаач” гэсэн хүсэлт тавьсны дагуу бид хүлээлтийн горимд шилжсэн. Тэр утгаараа хэд хоногтоо тус өртөө рүү чингэлэг хаяглахгүй. Зөвхөн манайд олголт хийнэ гэсэн үг. Гааль, бичиг баримтын бүрдүүлэлт хийснийхээ дараа ачаа хүлээн авагчид маань манайхаас ачаагаа хүлээн авах ёстой байдаг.Тэгвэл энэ процесс нэг үеэ бодвол нэлээд жигдэрсэн юм уу даа гэж харагддаг. Яагаад гэхээр, УБТЗ, ГЕГ, Замын-Үүдийн гаалийн хамтын ажиллагааны хүрээнд аль аль байгууллага нь иргэдэд чирэгдэлгүй, хурдан шуурхай, уялдаа холбоо сайтай ажиллаж байгаагийн илрэл юм болов уу.

-УБТЗ тээвэр зуучуудаа дэмжих, тэдний тээврийн зардлыг бууруулах үүднээс хаяг солилтынхоо төлбөрийг тэглэсэн шүү дээ. Үүнд тээвэр зуучууд, ачаа хүлээн авагчид ямар сэтгэгдэлтэй байх юм бэ. Энэ нь, тэдэнд дэмжлэг болж чадаж байна уу?

-Тийм ээ. УБТЗ тээвэр зуучуудаа дэмжих үүднээс хаяг солилт болон бүх төрлийн үйлчилгээгээ байж болох хамгийн бага боломжит тарифт хүргэсэн. Жишээлбэл, Бүс нутгийн логистикийн төвд бид ачаатай чингэлэг олгоод хоосноор нь буцааж хураагаад байвал талбай маань дүүрнэ. Тэднийг өөр талбай руу зөөж байршуулахаас өөр аргагүй. Энэ хооронд гарах зардлыг байж болох хамгийн бага түвшинд байлгахын зэрэгцээ хаяг солилтоос чөлөөлөх гээд олон талын арга хэмжээ УБТЗ-аас авч байна. Зарим нэг тээвэр зууч, ачаа хүлээн авагчидтай уулзсан. Сэтгэгдэл өндөр байгаа санагдлаа. Ямар нэгэн байдлаар тайлбар тавих, гомдол санал гаргах хүн огт алга. Гэхдээ аль аль талынх нь үйл ажиллагаа 100 хувьд хүрчихээгүй. Тээвэр зуучууд, ачааны эзэдтэйгээ ярилцаж тохиролцоод шийдэх ганц нэг асуудал бий. Тиймээс зуучуудаа цуглуулж уулзахаар хурал зарласан байгаа. Ингэж тэндэнтэй нэгдсэн ойлголтод хүрч цаашид гарч болох хүндрэлээс сэргийлэх нь чухал юм.

-Хилийн тэг цэгээс чингэлэг татан авах ажлын талаар мэдээлэл өгөөч. Өнөөдрийн байдлаар хэчнээн чингэлэг татан аваад байна вэ?

-Хилийн тэг цэгээс чингэлэг татан авч эхэлснээс хойш яг өнөөдрийн байдлаар нийт 10675 чингэлгийг БНХАУ-ын талаас ачаатайгаар татан авсан. Буцаагаад 8660 хоосон чингэлэг өгсөн. Үлдсэн 2000 гаруй чингэлэг нь Замын-Үүдэд болон орон нутагт ачаанаас сулраад Эрээн гарахаар хүлээгдээд байж байна. Эднээс манай талбайд 200 гаруй нь бий. Бид БНХАУ-ын талтай өдөрт 70-80 чингэлэг татан авч байгаа. Үүнийг 100-д хүргэхээр Хятадын талтай ярилцсан. Ерөнхийдөө тэр хэмжээнд хүргэх боломжтой. Дээр дурдсан 10675 чингэлгээс төмөр замаар ердөө 1000 чингэлэг л тээвэрлэгдсэн. Бусад нь бүгд автомашинаар нийслэл хот, орон нутаг руу хүргэгджээ. Ингээд харвал, Замын-Үүдийн авто тээвэр эрхлэгчид маань огт ачаагүй хоосон зогссон уу гэвэл үгүй. Буруу ташаа мэдээллийг санаатайгаар цацсан байна лээ. Автын тээвэр хэдий төмөр замд хамааралгүй ч гэсэн УБТЗ энэ тээврийг зохион байгуулахад өөрийн талбайгаар хангаж, логистикийн үйл ажиллагааг нь зангидаж явуулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь, сум орон нутаг, цаашлаад Монгол Улсын эдийн засгийн орчныг тогтвортой хэвийн байлгахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж ойлгоход болно. Түүнээс УБТЗ үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа мэтээр зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлбарлах нь буруу. Ачаа бараагаа хилээр оруулж ирж чадахгүй, яаж боловсруулахаа мэдэхгүй байхад нь УБТЗ л талбайгаа ашиглуулан энэ бүх ачаа боловсруулалтыг хийсэн шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!                                                                                 

Ярилцсан Б. Мөрөн

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж