АНУ 18-27 км хүртэл өндөрт нисэх чадалтай бөмбөлөгт онгоцоо танилцуулав. Энэхүү бөмбөлөгөн онгоцыг Хятад, Оростой өрсөлдөхөд ашиглана. Онгоцыг эхлээд Пентагоны хяналтын сүлжээнд ашиглаж байгаад алсдаа хэт авианы зэвсгийг хянахад ашиглана гэж тооцоолж байна.
Агаарын бөмбөлгийг янз бүрийн даалгаварт ашиглах боломжтой тул Пентагоноос хөрөнгө оруулалт хийсээр байна. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд Пентагон агаарын бөмбөлөг төслүүдэд 3.8 сая орчим ам.доллар зарцуулжээ. Төсөвт зааснаар ирэх онд мөн 27.1 саяыг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Пентагоны хамгийн сүүлийн туршилт амжилтгүй болсон ч хэт авианы зэвсгийн хөтөлбөр дээр өдгөө ажиллаж байна. АНУ-ын туйлын зорилго бол Хятад, Оросын бүтээсэн хэт авианы зэвсгийг хянах, зогсоох юм.
Хятад улс өнгөрсөн онд цөмийн цэнэгтэй хэт авианы пуужин туршсан нь Пентагоныг гайхшруулжээ. Харин ОХУ-ын хувьд 2002 оноос хойш хэт авианы зэвсгийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлж эхэлсэн. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард Украин руу довтлохдоо хэт авианы пуужин харвасан нь байлдааны ажиллагаанд анх удаа ашигласан тохиолдол юм. 2002 онд АНУ баллистик пуужингийн эсрэг гэрээнээс гарсан.
Бөмбөлөгт онгоц нь олон жилийн турш мэдээлэл цуглуулах, хуурай замын хүчнийг харилцаа холбоогоор хангах зэрэг үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, 2019 онд хар тамхины наймаачдын байршлыг тогтоох зорилготой төслийн хүрээнд 25 ажиглалтын бөмбөлөг хөөргөж байв. Өдгөө энэ онгоцнуудыг цэрэг армийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.
Салхины хурд, чиглэлийг ашиглан бөмбөлөгийг зорилтот хэсэг рүү шилжүүлдэг аж. Бөмбөлөгт онгоцнууд нь уламжлалт нисэх онгоц, хиймэл дагуулын хийдэг ажлыг нөхөх боломжтой юм. Түүнчлэн зардал, цаг хугацааны хувьд хамаагүй хямд тусдаг.
Эх сурвалж: POLITICO
Холбоотой мэдээ