Наадам дөхөж, хүчит бөхчүүдийн эр бяр тэгширч, хурдын морьдын уяа сойлго эвлэж, эрхий мэргэн харваачдын оноо хараа жигдэрч байна. Энэ жилийн наадмаар Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийг хамтад тэмдэглэж буйгаараа онцлог. Мөн Үндэсний баяр наадмын тухай хуулиа шинээр баталсан хийгээд монгол туургатны бөхчүүд хилийн чинадаас ирж зодоглохоор болсон, үндэсний бөхийн үе үеийн аваргууд түмэн олноо хүндэтгэн зүлэг ногоон дэвжээ гарна зэргээр олон онцгой үйл явдал тохиож буй.
Энэ жилийн наадам Тува, Халимаг, Буриад, Өвөрмонголоос 25 гаруй бөхчүүд ирж барилдах төлөвтэй байна.
Одоогоор Тувагийн15, Халимаг, Буриадын тус бүр дөрөв, Өвөрмонголын хоёр бөх барилдах хүсэлтээ хүргүүлээд байгаа аж. Өвөрмонголоос олон бөхчүүд барилдах хүсэлтэй байгаа боловч цар тахлын улмаас хил хаалттай байгаа учир ирж барилдахгүй боломжгүй гэнэ.
Шинээр батлагдсан хууль дээр аливаа этгээдийг баяр наадамд оролцуулах асуудлыг ялгаварлан гадуурхахгүй шийднэ гэсэн заалт бий.
Хилийн чинадаас ирж барилдах бөхчүүд дотроос хамгийн анхааралт татаж байгаа нь Тувагийн алдарт аварга Аяс Монгуш. Өдгөө 49 настай тэрбээр улсынхаа наадамд 17 удаа түрүүлснээс гадена сонирхогчдын сүмогийн дэлхийн аваргад мөн хоёр удаа түрүүлж байсан том амжилттай. Эхнээсээ Тува бөхчүүд Монголд ирж бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, Тува улсын арслан Седен-Очур Кара-Сал наадмын сорилгод зодоглож, Увс нуур дэвжээний барилдаанд барилдаад амжсан билээ.
Монголд барилдах Тува бөхчүүдийн нэрс, цол
- Монгуш Аяс, Күчүтен мөге
- Түлүш Сайын-Белек, Чаан мөге
- Монгуш Айдамир, Арзылаң мөге
- Монгуш Сылдыс, Арзылаң мөге
- Кара-Сал Седен-Очур, Арзылаң мөге
- Монгуш Айдың, Арзылаң мөге
- Монгуш Алексей, Хартыга мөге
- Одай Алдын-Сай, Начын мөге
- Ооржак Кежик, Начын мөге
- Хомушку Эртине, Кожуун чергелиг Начын мөге
- Монгуш Мерген, Кожуун чергелиг Начын мөге
- Шыырап Кежик, Чаа-Хөл
- Куулар Мөнге -Эртине, Чөөн-Хемчик
- Мижит-Доржу Сайын, Улуг-Хем
- Шойдун Субудай, Улуг-Хем
Дээрх бөхчүүдийг дасгалжуулахаар Куулар Каң-Демир, Донгак Кайгал-оол, Сүктер Буян нар мөн ирж байна.
Монгол төрийн наадамд Монгол бус иргэншилтэй бөх барилдсан тохиолдол тун ховор. Харин сумдын наадамд гадаадын жуулчид сонирхон барилдсан тохиолдол олон бий. Сүүлд л гэхэд Булган аймгийн Булган сумын барилдаанд АНУ-ын иргэн Антонио Грасеффо гэх иргэн барилдсан. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Булганд сумын наадамд барилдах аз завшаан тохиолоо. Сумын заан цолтой энэ залууд өвдөг шороодлоо. Үүнээс ч жижиг бөхөд унах байсан ч энэ залууд унасан минь нэр төрийн хэрэг байлаа. Гэхдээ дараа жил…” гэж жиргэжээ.
Тэгвэл төрийн наадамд хамгийн анх гадаад бөх 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойн наадамд барилдаж байв. Манай улсад самбо бөхийн дасгалжуулагч хийж байсан Украин мэргэжилтэн Крамлак тус тэгш ойн наадамд зодоглон гурав давж, дөрвийн даваанд улсын арслан Д.Жамцад унаж байсан гэдэг. Тэрбээр “Би монгол гутал өмсөхгүй барилдвал бүх шавь нараа давна” гэж хэлсэн байдаг аж. Зарим нь түүнийг давсан гэж ч ярьдаг. Учир нь хоёр бөх хоёулаа бараг хайна туссан боловч манайхан Жамц арсланг давуулчихсан гэх яриа байдаг. Түүний шавь нар гэх хүмүүс дотор тухайн үеийн аварга арслангуудаас эхлээд сайн барилддаг бүхий л бөхчүүд байсан гэнэ.
Хилийн чинадаас ирэх бөхчүүдийг залуу бөх гэх статустай барилдуулах тул нэг, хоёрын даваанд хурсан олныг гайхшруулах олон барилдаан гарах биз. Наанадаж л манай аварга, арслангуудын аманд Тувагийн аварга, арслангууд очно гэхээр тэгш ойн наадам нэгийн даваанаасаа л дуутай, цуутай эхлэх шинжтэй. Сүүлд 2018 онд Улаанбаатар хотноо "Монгол туургатны бөхийн барилдаан" болж, Өвөрмонгол, Тува, Буриад, Монгол зэрэг улсын бөхчүүд гурван төрлөөр хүч үзсэн. Монгол үндэсний бөхийн төрөлд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм. Харин Буриад бөхийн барилдаанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын харцага Т.Бэгзсүрэн, Өвөрмонгол бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн аварга Бүрэнсайн түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн түүхтэй.
Холбоотой мэдээ