Энэ долоо хоногийн VS буландаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар онцолж байна. Тухайлбал, эрх баригч намын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулаагүй байгаа тухай хэлсэн бол АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа юм. Тэдний эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.
Ж.Сүхбаатар
УИХ-ын гишүүн
-УИХ тогтоол гаргасны дагуу гишүүд тандан судалгааны ажлын хүрээнд иргэдээс санал сонссон. Бэлэн төсөл байхгүй учраас санал солилцсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлыг төрийн түвшинд хөндөнө гэдэг их эмзэг асуудал.Намуудын тунхаг бичиг зөв зүйл. Хүний эрхийг хамгаалах, Засгийн газар УИХ-ын зохистой уялдаа, төрийн сүлдийг шинэчлэх зэргээс гажихгүй гэсэн үг. Би бичгээр 368 хүнээс санал авсан. Үүнээс 60 хувь нь дэмжихгүй, 40 орчим хувь нь дэмжиж байна.
Тухайлбал, би санаачлаад зүтгүүлээд байгаа зүйл байхгүй. Иргэдэд байр суурийн олон асуудал байна лээ. Үндсэн хуулийн асуудлаар дуугарч буй хүн бүр буруу яриагүй. Зөв ярьж байна. Хууль тогтоогчид ахуй амьдрал мэдэхгүй биш, илүү мэдэрч байгаа. Хуйвалдаад, муйхарлаад шийдэх гэж байгаа зүйл байхгүй. Манай бүлгийн байр суурь бол гишүүдийн санал нэгдсэн нөхцөл ажил явах ёстой. Энэ асуудлыг хүч гаргаад шийдэх асуудал биш. Өнөөдрийн байдлаар боловсруулсан төсөл огт байхгүй. Хүмүүс амраад явсан хойгуур Үндсэн хуулийн асуудлыг яриад шуураад өнгөрөх зүйл байхгүй.
Ч.Өнөрбаяр
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
-Г.Занданшатарын байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй. Г.Занданшатар 2019 онд Үндсэн хуулийг өөрчлөөд “ахиж Үндсэн хуульд гар хүргүүлэхгүй” гэж ярьсан. Улстөрчийн амнаас гарч буй үг үйлдэл нийлдэг байх ёстой. Хоёр жилийн дараа өөр юм яриад гүйдэг байж таарахгүй. Ёс суртахуун байх ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуулийн хувьсгал хийлээ, энэнээс хойш Үндсэн хуулийг өөрчлөх хэрэг байхгүй гэчихсэн. Гэтэл хоёр жилийн дараа үнэ өсөөд байна, улс орон баларлаа, ерөөсөө Үндсэн хуулийн буруу юм байна гээд өөрчилж болохгүй. Ингэвэл дараагийн бүтэхгүй, увиагүй амьтад гарч ирвэл “хоёр жилийн дотор Үндсэн хуулийг өөрчилж болж байна, дараа нь ерөнхийлөгчийн засаглалтай больё гэж тогтворгүй байдлыг бий болгоно. Дагаад шинэ үеийн популистууд гарч ирээд Монгол Улсыг самардаг, тоглодог байдал руу аваачдаг буруу жижиг тогтоож болохгүй.
Нэг зүйлийг үнэхээр гайхаж байна. Бензиний үнэ нэмэгдэхэд яагаад Үндсэн хууль буруутай гэж. Ямар ч логик байхгүй байна. Энэ бол арчаагүй төрийн буруу. Хөөрхий ардчилсан Үндсэн хууль муу хууль байгаагүй. Ямар ч байсан 30 жил Монгол Улсыг дарангуйлал руу аваачсангүй. Түүхэн үүргээ гүйцэтгэсэн.
Холбоотой мэдээ