Сурвалжлага: Эх түүхийн, эдийн засгийн зам ба жим

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Эх түүхийн, эдийн засгийн зам ба жим

Сурвалжлага: Эх түүхийн, эдийн засгийн зам ба жим

Зам, дэд бүтэц дагасан хөгжил дэлхийн аль ч улс оронд үгүйлэгддэг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож буй. Түүхэн энэхүү бүтээн байгуулалт нь ард иргэд төдийгүй аялал жуулчлал, аж ахуй нэгжийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд онцгой нөлөөтэй. Үүний нэг жишээ бол эзэн Чингисийн өлгий хэмээн овоглодог  Хэнтий аймаг билээ. Хур бороо шаагисан зуны дэлгэр өдөр хотоос тус аймгийг чиглэв. Замын саад бартаа, энхэл догол гэх саадгүйгээр зорьсон газраа бид хүрч очлоо. Аялал жуулчлалын дотоод, гадаад жуулчдын бүс нутаг учраас авто замын бүтээн байгуулалт зайлшгүй шаардлагатай нь лавтай. Түүгээр ч зогсохгүй аймгийн төв, сум орон нутгийн суурин хөгжилд нийтээр анхаарч эхэлсэн нь өнгө нэмсэн орон сууц, удахгүй ашиглалтад орох музей, сургуулийн барилга, театрын шинэчлэлт зэргээс тод харагдана.

Хэнтий аймаг нь хөгжлөөр тэргүүлэгч аймгуудын жагсаалтыг өнгөлдөг. Нийт 80.3 мянган км квадрат нутаг дэвсгэртэй, 18 сум, 89 багтай, 25 мянга 114 өрхтэй том аймаг. Том гэхийн учир нь хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, экспортын гол нэгжүүд энэ аймагт бий.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын сэргэлтийн хүрээнд Засгийн газраас Хэнтий аймагт ойрын үед ашиглалтад оруулах гэж байгаа болон эхлүүлэхээр болсон авто зам, түүхэн аялал жуулчлалын бүтээн байгуулалтуудын өнөөгийн явцтай танилцаж, аж үйлдвэржилт, хот хөдөө, ногоон хөгжил болоод төрийн бүтээмжийн сэргэлтийн ач холбогдол, иргэдэд хүрэх үр өгөөжийг онцлон танилцуулсан юм. Эдгээр нь Хэнтийнхэн төдийгүй аймгаар дамжин өнгөрдөг иргэн бүрд хамааралтай асуудал. Дараагийн анхаарах зүйл бол дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна иргэдийн тэр дундаа малчдын амьдрал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нутгийн иргэд нь "зөвлөв".

МАЛЧИД НООСОО ҮНЭГҮЙ ӨГЧ, ЯМААНЫ МАХ 3000 ТӨГРӨГӨӨР АВАХЫГ ГУЙЖ БАЙНА

Мал сүргийн хувьд Хэнтий аймаг 2021 оны эцэст нийт 4955 мянган толгой мал тоолуулснаас 346.8 мянга нь адуу, 407.1 мянга нь үхэр, 4.1 мянга нь тэмээ, 2546.5 мянга нь хонь, 1650.4 мянга нь ямаа байна. Гэвч мал аж ахуйд дэмжлэг дутмаг байгаагаас ноосыг нь үнэгүй авах газаргүй, махыг нь 2800-3000 төгрөгөөр үнэлэх ченжгүй болсон талаар хэллээ.

Угтаа Хэнтий аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 595.5 тэрбум төгрөгт хүрч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6.2 сая төгрөг болж өссөн статистик 2021 онд гарсан. Харамсалтай нь малчдын амьдралд мал аж ахуй эрхлэхэд саад бартаа их байгааг хэлсэн юм.

Иргэн Н.ЦЭРЭНПУНЦАГ:

-Сайд дарга нар хөрсөн дээрх асуудлыг шуурхай олж харж шийдвэрлэдэг болох хэрэгтэй. Миний хувьд Хэнтий аймагт мах бэлтгэлийн үйлдвэр ажиллуулдаг хүн. Махаа Улаанбаатарт очиж томоохон зах, худалдааны төв, үйлдвэрүүдэд борлуулдаг байлаа. Гэвч 2-3 сарын өмнө үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан үйлдвэр маань хяналт шалгалтын улмаас лацдуулж, орлогогүй болж, хоёр тонн гаруй махыг хаяхад тулаад байна.

Бид малчдаас ямаа, адууны мах явуулаар очиж авдаг. 2800-3200 төгрөгөөр. Гэтэл малчид махаа өгөхөөс гадна ноосоо үнэгүй ачиж явуулах хүсэлтэй байгаагаа их хэлдэг. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй.

Махны хяналттай холбоотой өмнө нь гэрээт байсан томоохон үйлдвэрүүд мах авахаа зогсоосон. Энэ бүхэн өрөөсгөл, ташаа мэдээллээс л үүдсэн. Угтаа бол хиам, зайдас зэргийг хамгийн сайн чанарын махыг боловсруулж хийдэг. Харамсалтай нь үүнийг хэрэглэгчид мэдэхгүйгээс иргэдийн эрэлт хэрэгцээ буурч, үйлдвэр дампуурахад хүрлээ. Ямаа, адууны махыг цехүүд огт авдаггүй. Дэнжийн мянгын зах дээр л бөөндөж зардаг. Гэтэл өнөөдөр Хүчит шонхорт 3200 төгрөгөөр ямааны мах авах нэг ч лангуу алга. Тиймээс гологдоод байгаа энэ их махыг экспортоор гаргах хүсэлтэй байна. Засгийн газар дулааны аргаар боловсруулсан махны экспорттой холбоотой шийдвэртээ өөрчлөлт хийхийг хүсч байна.

ХӨДӨӨ, ОРОН НУТАГТ БИЗНЕС ХИЙХЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОГТ ОЛДДОГГҮЙ

Иргэн Б.Болдбаатар:

-Сум, орон нутагтаа сайхан амьдрах хүсэл хүн бүхэнд бий. Боломж байгаа тохиолдолд түүнийг олж харж дэмжиж байж хөгжинө. Би хөнгөн блокын үйлдвэр ажиллуулдаг болоод тодорхой хугацаа өнгөрч байна.

МАК ХХК-ийн блок үйлдвэрээсээ 310 мянган төгрөгөөр гардаг бол манайх 247 мянгаар гардаг. Харамсалтай нь барьцаа хөрөнгө байхгүйгээс зээл, тусламжид хамрагдаж үйлдвэрлэлээ өргөжүүлж чаддаггүй.

Үйлдвэрээ барьцаалах гэхээр боломжгүй гэдэг хариулт л өгдөг. Үүнээс болж үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоход ойрхон байна. Хэрэв орон нутгийнханд зориулсан тусгай нөхцөлтэй бизнес дэмжих зээл олгож эхэлбэл хотоос хөдөө рүү чиглэх иргэдийн суурьшлын урсгал нэмэгдэнэ. Иргэд ч бизнесээ эхлүүлж, санаагаа хэрэгжүүлж жуулчдыг татах, эдийн засгаа сэргээх боломжтой болно. Тиймээс жирийн иргэдэд Хөгжлийн банк шиг ирээдүйн хөрөнгийг барьцаалсан зээл олгодоггүй юм аа гэхэд тодорхой зохицуулалт хийх нь зөв.

Эдгээр болон бусад асуудлаар иргэд санал бодлоо илэрхийлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд, холбогдох сайд нар сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, Хэнтий аймагт тулгамдсан асуудлуудыг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлээд хамгийн олон санал авсан таван ажлыг шийдвэрлэхээр болов. Үүнд:

  • Хэрлэн сумын 1, 2-р багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээтэй болгох,
  • Орон сууцны ипотекийн зээлийн багцын хуваарилалтыг Хэнтий аймагт одоо байгаагаас гурав дахин нэмэгдүүлэх,
  • Багануур-Чингис хот чиглэлийн хатуу хучилттай авто замыг засварлах,
  • Хэнтий аймагт дулааны станц барихтай холбогдуулан 1, 5-р багуудын 2-р хэлхээний шугам сүлжээг үргэлжлүүлэх ажлуудыг Засгийн газраас дэмжиж, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэхээр боллоо.

ЧИНГИС ХОТ-УЛЬХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ ОРОС, ХЯТАД УЛСТАЙ ШУУД ХОЛБОГДОХ БОЛОМЖ

Аливаа зүйлд шийдэл, гаргалгаа гэж заавал байдаг. Өнөө цагт орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал. Ялангуяа, боомтын сэргэлтийн хүрээнд Чингис хот-Ульхан чиглэлийн 318.3 км авто замыг ашиглалтад оруулснаар зөвхөн Хэнтийчүүд төдийгүй зүүн болон говийн аймгууд Орос, Хятад улстай шууд холбогдох боломж бүрдэж байгаа аж. Мөн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарыг түшиглэж Хэнтий аймаг хөгжих боломжтой. Аймгууд хэдий чинээ хөгжинө аялал жуулчлал төдий дайнд өснө. Өөрөөр хэлбэл орон нутгаар брендинг хийх боломжтой.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав:

-Энэ жил Хэнтий аймагт 214.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсноос 70-аад хувь нь зам руу чиглэсэн. Тухайлбал, Өндөрхаанаас Бэрх, Бэрхээс цааш Норовлин, Норовлингоос Ульхан гээд замынхаа нээлтийг хийгээд ирлээ. Өндөрхаанаас Бэрхийн 70 км зам ашиглалтад орсон байгаа. Өнөөдрийн хувьд бид эдийн засгаа сэргээх, алсын хараа 2050-тай холбоотойгоор Хэнтий аймгаа хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна.

Аймгийн хувьд улсын татаасаар байдаг учраас өөрийнхөө төсвийг ирээдүйд хэрхэн бүрдүүлэх тал дээр хоёр төсөл танилцуулна.

Нэгдүгээрт, аж үйлдвэрийн парк байгуулах, хоёрдугаарт Хэнтий аймгийг түүх аялал жуулчлалын бүс болгохыг зарласантай холбоотойгоор томоохон цогцолборууд баригдаж 2023-2024 онд дуусахаар байгаа. Тэгэхлээр энийг дагасан менежментийнхээ талаар аялагчдаа нааш нь татах тал дээр төслөө танилцуулахаар бэлтгэж байгаа гэж ойлгож болно.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам, тээврийн салбарын чиглэлээр томоохон суурин газруудыг хилийн боомттой холбох төслүүдийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий зарим сум, суурин газрууд руу чиглэсэн хатуу хучилттай авто зам барих зорилт тусгагдсан. Энэ ажлын хүрээнд хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөн, суурин газруудыг хилийн боомттой үе шаттайгаар холбохоор төлөвлөн, зарим төслүүдийг эхлүүлээд байна. Тэдгээрийн нэг нь Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам.

Энэхүү зам нь Өндөрхаан-Батноров-Норовлин-Дорнодын Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай замын эхлэл хэсэг бөгөөд зүүн гурван аймаг Оросын дээд Ульхан хилийн боомттой холбогдож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлснээр Бэрх хот хатуу хучилттай авто замаар аймгийн төв, Улаанбаатар хоттой холбогдлоо. Хэнтий аймаг нь Их эзэн Чингис хааны өлгий нутаг тул гадаад, дотоодын аялал, жуулчлалын бүс болж хөгжих бүрэн боломжтой. Үүнд дэд бүтцийн хөгжил хамгийн чухал. Зүүн аймгууд руу чиглэсэн дэд бүтцийн хөгжил нь энэхүү зам болж байна. Хоёрдугаарт, Ульхан хилийн боомт хүртэл авто зам тавигдсаны дараа Монгол Улсын иргэд Чита муж руу хатуу хучилттай авто замаар явах бүрэн боломжтой болно. Цаашдаа Хавиргын боомтын 124 км авто замын ажлыг энэ жил эхлүүлнэ. Мөн бүс нутгийн хэмжээнд аялал, жуулчлалын өрсөлдөх чадвар дээшилж гадаад, дотоодын жуулчид саадгүй, ая тухтай зорчих, нутгийн иргэд, аж ахуйн нэгж орлогоо нэмэгдүүлэх, эдийн засгаа тэлэхийн хамт орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахад томоохон дэмжлэг болно. Тиймээс авто замаар даац хэтрүүлэн зорчихгүй байлгаж, тогтмол хяналт тавихыг орон нутгийн удирдлагуудад онцгойлон анхааруулсан юм. Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгод үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж тавьсан зорилтоо нэр төртэй биелүүлж чадсан авто замчдын ачаар цар тахлын дараа ийнхүү Хэнтийхэн шинэ замаар зорчиж эхэллээ.

Тус авто замыг цаашдаа Бэрх хот-Батноров, Батноров-Норовлин, Норовлин-Баян-Уул, Баян-Уул-Ульхан боомттой холбогдоно. Мөн Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар Оросыг Хятадтай автозамаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёр дахь эдийн засгийн коридор байгуулагдах юм. Ийнхүү түүхэн аялал жуулчлалын бүсийг дэд бүтцийн гарцаар холбосон их бүтээн байгуулалтад иргэд ам сайтай байгаагаа хэлж, төрөлх нутгаа хөгжүүлж буй төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдэд талархсан сэтгэгдлээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж