Төв Ази дахь сүүдрийн тахал

Хуучирсан мэдээ: 2022.07.06-нд нийтлэгдсэн

Төв Ази дахь сүүдрийн тахал

Төв Ази дахь сүүдрийн тахал

Covid-19 цар тахалтай холбоотой хөл хорио, хязгаарлалтууд нь дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл ихсэхэд нөлөөлжээ. Энэхүү нийтлэлд Төв Азийн томоохон орнууд болох Кыргызстан, Узбекистанд цар тахлын үеэр эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдсөн талаар онцлов.

Цар тахлаас өмнө хоёр улсад эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой дэд бүтэц байхын хувьд байсан. Гэвч энэ нь хүчирхийллийн хэргүүдийг бүрэн шийдвэрлэж чадаагүйгээр үл барам цар тахлын дараа нөхцөл байдал нь улам мууджээ. Онцгой байдлын дүрэм журам хэрэгжиж эхэлснээр, хамгаалах байрууд хохирогч хүлээн авах боломжгүй болон хаагдаж, оронд нь утсаар юм уу цахимаар үйлчилгээ үзүүлэх болсон. Узбекистанд л гэхэд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулсан 197 нөхөн сэргээх, дасан зохицох төв байсан боловч ихэнх нь цар тахлын үеэр хаагджээ. Энэ нь covid-19-тэй зэрэгцээд өөр нэг тахлыг ил болгосон юм.

Кыргызстаны хууль сахиулах байгууллагуудад 2020 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 2319 хэрэг бүртгэгджээ.

Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад даруй 65 хувиар өссөн үзүүлэлт юм. Хохирогчдын 95 хувь нь эмэгтэйчүүд байна. Цар тахлын эхний он буюу 2020 он дуусахад гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нийт тоо 8577 болжээ. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн асуудлаарх төвүүд, төрөлжсөн байгууллагуудад 9600 гаруй хүн хандсан байна.

Узбекистан улсад 2020 онд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн 14774 хэрэг албан ёсоор бүртгэгдсэний 89 хувь нь ахуйн хүрээнд байв. Эндээс харахад тус улсад эмэгтэйчүүдийн эрх орон гэртээ хамгийн ихээр зөрчигджээ.

Гэвч жендерт суурилсан хүчирхийллийн статистик мэдээлэл нь зөвхөн хэсэгчилсэн дүр зургийг л гаргаж өгдөг. Олон эмэгтэй гэр бүлийн эв нэгдэл, уламжлалт үнэт зүйлс, тэсвэр тэвчээр, нөхрөөсөө эдийн засгийн хараат байдал, бусдын дарамт шахалт зэрэг шалтгаанаас болж хүчирхийлэлд өртсөнөө мэдэгддэггүй. Узбекистан эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаанаас харахад тэдний 42 хувь нь хүүхдээ ганцаараа тэжээж хүчрэхгүйгээс болж хүчирхийллийг тэвчдэг гэжээ. Харин 38 хувь нь хүчирхийллийн талаар дуу хоолойгоо хүргэвэл олон нийтийн доромжлолын бай болно гэж эмээдэг байна.

Кыргыз эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин эрчүүдээс доогуур бөгөөд цалингийн хэмжээ нь ч бага. Узбекистан эмэгтэйчүүдийн ердөө 34 хувь нь хотод, 28 хувь нь хөдөө орон нутагт байнгын ажилтай байдаг. Тиймээс тэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд явах, хандах газаргүй байдаг аж.

Хүчирхийллийн хариуцлагыг ихэвчлэн хохирогчид өөрт нь үүрүүлэх хандлагатай байдаг. Тэр дундаа эмэгтэйчүүд өөрсдөө өөрсдийгөө буруутгах хандлагатай байдгийг 2014 онд Кыргызстанд хийсэн судалгаа харуулжээ.

Судалгаанд оролцсон 15-49 насны эмэгтэйчүүдийн 32.8 хувь нь нөхрийнхөө хүчирхийллийг зөвтгөсөн байна. Тодруулбал, хүүхдээ харж асарч чадахгүй байх, нөхөртөө хэлэлгүй гадуур гарах, бэлгийн харьцаанд орохоос татгалзах, хоолоо түлэх зэрэг тохиолдлуудад нөхрийнхөө хүчирхийллийг зөвтгөжээ. Узбекистанд мөн ижил төрлийн судалгаа явуулахад оролцогчдын 28 хувь нь 18-аас доош насны охидын хүчирхийлэлд охид өөрөө буруутай гэжээ.

ОХУ-д ажиллаж амьдарч байсан маш олон цагаач цар тахлын хорио цээрээс болж нутаг буцсан. Цар тахал дөнгөж дэгдсэний дараа бараг хагас сая узбек цагаач буцжээ. Нийгэм, эдийн засгийн хурцадмал байдал нь гэр бүлийн хүчирхийллийн өсөлтөд гол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хүмүүс тодорхой бус байдалд орж, найз нөхөдтэйгөө харьцах нь цөөрч, сэтгэлийн түгшүүр нь нэмэгдэж, хүчирхийлэлд өртсөн ч гэрээсээ зугтах боломжгүй болсон зэрэг нь үүнд багтана.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдэхийн хэрээр амиа хорлолтын тохиолдол ихэссэн. Хүүхдүүд ч ба гэр бүлийн хүчирхийлэлд өртөх болсон бөгөөд Кыргызстанд хөл хорионы эхний 10 хоногт насанд хүрээгүй долоон хүүхэд амиа хорлосон гэх харамсалтай мэдээлэл байна. Гэрийн ажил, гэрийн даалгавраас болж хүүхдээ загнаж, зодож буй эцэг эхчүүдийн бичлэг ч цахим сүлжээнд хэд хэд гарчээ. Тиймээс тус улсын эрх баригчид хүүхдүүд, эцэг эхчүүдэд цахимаар сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авсан байна.

Нөхцөл байдлаас шалтгаалаад Кыргызэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, аюул тулгарсан тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрсөн тогтоол гаргах тухай яригджээ. Гэвч энэ нь бодит ажил болоогүй юм. Эрх баригчид 2020 оны тавдугаар сар гэхэд цар тахлын эсрэг 160 гаруй хууль эрх зүйн актыг нэвтрүүлсэн атлаа эмэгтэйчүүдээ хамгаалахад хойрго ханджээ. Төр болон төрийн бус байгууллагуудаас зарим нэг хүчин чармайлт гаргасан хэдий ч энэ нь ихэвчлэн албан шахалтаар хийгдсэн гэж шүүмжлэгчид онцлов.

Covid-19-д чиглэсэн олон улсын тусламжийн нэлээд хэсэг нь хүнсний аюулгүй байдал, эмнэлгийн хангамжид төвлөрсөн. Гэхдээ сүүдрийн тахал буюу эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд чиглэсэн зорилтот арга хэмжээнүүд ч бас байжээ. Тухайлбал, Европын холбоо болон НҮБ хамтарч “Spotlight initiative” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь эмэгтэйчүүдэд түр зуурын аюулгүй орон зайг бий болгох, яаралтай тусламжийн баг, харилцах утсыг бий болгох ажлыг дэмжиж санхүүжилт олгож байв.

Узбекистан улсад 2020 онд хүчирхийллийн эсрэг тушаал шийдвэрүүд гарсан ч энэ нь механизмын хувьд алдаатай байжээ. Нөхөн сэргээх төвүүд хохирогчдыг хоёр сар хүртэл хугацаанд л байлгадаг, дараа нь эмэгтэйчүүд буцаад хүчирхийлэгчийн гарт очих ёстой болдог. Энэ нь хүчирхийллийг илүү харгис хэлбэрт шилжүүлдэг аж. Кыргызстан, Узбекистан аль аль нь уламжлалт гэр бүлийн үнэт зүйлсийг эрхэмлэдэг улс. Мөн зардал ихтэйн улмаас олон эмэгтэй хүчирхийлэгчийн эсрэг хууль ёсны арга хэмжээ авдаггүй.

НҮБ-ын шинжээчдийн бүлэг энэ оны дөрөвдүгээр сард Кыргызстанд айлчилсан. Айлчлалын зорилго нь тус улсад жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг арилгахад гарсан ахиц дэвшлийг үнэлэх байсан.

Мэргэжилтнүүд эмэгтэйчүүдийн амьдралын бүхий л талыг авч үзсэн. Ажлын хэсэг 2023 оны зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлангаа бүрэн эхээр нь танилцуулах аж.

Эндээс дүгнэхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь цоо шинэ асуудал биш хэдий ч цар тахал үүний хэв маягийг улам хурцатгажээ. Кыргызстан, Узбекистанд цар тахлын өмнө ч угаас муу ажиллаж байсан системүүд нийгмийн эрүүл мэндийн хямралын үед улам л хөлөө олохгүй дорджээ. Төр, хууль сахиулах байгууллагууд нь хууль тогтоомжоо эргэн харахын оронд жендерт суурилсан хүчирхийллийг гол төлөв соёл уламжлал, хувийн асуудалтай холбоотой гэж авч үзсээр байна.

Эх сурвалж: THE DIPLOMAT, OHCHR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж