Э.Бат-Үүлийн тэмцэл, С.Лавровын санаархал!

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийн тэмцэл, С.Лавровын санаархал!

Э.Бат-Үүлийн тэмцэл, С.Лавровын санаархал!

Монголд нэг өдрийн айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “Найрсаг харилцаатай  Монгол Улсын дотоод хэрэгт гадны нөлөө тусгахгүйн тулд ОХУ, Хятад  хоёр бүгдийг нь хийнэ” гэж биднийгээ сүрдүүлжээ. Нэг зөнөг Иваныхаа санаархлыг нөгөө зөнөг нь дамжуулж буй нь энэ юм. Ёстой л “Чи битгий хуц аа” гэлтэй.

Монгол тусгаар тогтносон ардчилсан улс. Бид өөрийн төр засагтай, удирдагчтай. Гол нь удирдагчид маань захын Иванаар загнуулаад суулгүй, туурга тусгаар улсын эзэн гэдгээ түүнд мэдрүүлээд явуулах ёстой юм.

С.Лавров  “Монгол Улсын ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал зөвлөмжийг хэлсэн” болохоо хэвлэлийнхэнд дуулгаснаас харвал оросууд Шанхайн ломбардад монголчуудыг шахаж оруулах эртний хүслээ ахиад л тулгасан бололтой. Энэ санаархлаа экс Ерөнхийлөгч Х.Баттулгаар золтой гүйцэлдүүлчихээгүй юм. Тэгэхээр улсаа Шанхайн ломбардад тавих эсэх нь У.Хүрэлсүхээс шалтгаална гэсэн үг.  Товчдоо бол шатахуунаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо солих эсэх нь, мөн Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн Монголыг дараагийн Беларусь болгох үгүй нь У.Хүрэлсүхийн ухаан болоод эр зоригоос хамаарна.

Монгол төвийг сахьсан орон. Нөгөө талаар ШХАБ-д ажиглагчийн байр суурианаас ханддаг. Энэ байр сууриа хадгалж үлдэх нь Монголын тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэнтэй ялгаагүй юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээс харахад манай талаас Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсэд Оросын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрүүд барих, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход анхаарыг гуйсан бололтой.  Мөн ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажил хуваарийн дагуу явагдаж байгааг С.Лавровт “уламжилжээ”.  Цаашлаад төмөр замаар Монголын зүүн болон баруун хэсгээр ОХУ, Хятадтай холбогдох,  эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх, Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах гэх мэт асуудлуудыг С.Лавров, Б.Батцэцэг хоёр хэлэлцсэн байна. Авчиг энэ бүхэн Монгол ашигтай юу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж буй. Учир нь төмөр замаар Монголын зүүн болон баруун хэсгээр ОХУ, Хятадтай холбогдох нь оросуудад ашигтай. Тарифийн хамгийн хямд, хөнгөлөлттэй нөхцөлөөр Тувагийн нүүрс, зэсийг урагш нь гаргах гэсэн оросуудын санаархал. Оросууд Монголын газар нутгаар ачаа тээвэрлэлт эрхлэхдээ тарифын 50-60 хувийн хөнгөлөлтийг 25 жил эдэлнэ. Нөгөө л Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед хийгдсэн гэрээ.

Монголын Оюутолгойгоос дутахгүй шахам нөөцтэй Удаконы ордоос урагшаа зэсээ зарахын тулд манай газар нутаг дээгүүр дамжуулахад бид тарифын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн үг. Мөн Тувагийн Элегестийн нүүрсийг Монголоор дамжуулан зарах нь тээвэрлэлтийн зардал бага тусна. Хариуд нь бид нүүрсээ 4000 км замаар тээвэрлэж, Владивостокоор гуравдагч хөрш рүү гаргахаар Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа тохирчихсон юм даг.

Хамгийн сүүлд гэхэд л Тува улсыг Красноярскийн хязгаартай холбохоор төлөвлөж буй "Кызыл-Курагино" төмөр замыг Хятад, Монгол руу ачаа тээвэрлэхэд чиглүүлнэ гэж “Енисейн Сибирийн хөгжлийн корпорац”-ын ерөнхий захирал Сергей Ладыженко ТАСС агентлагт мэдээлсэн. Тэгэхээр төмөр замаар Монголын зүүн болон баруун хэсгээр ОХУ, Хятадтай холбогдоно гэдэг Орост ашигтай, Монголд хохиролтой байж магадгүй. Удаконы зэсийн, “Элегестийн нүүрсний төсөл бол манай Оюутолгой, Тавантолгойн гол өрсөлдөгч байх биз. Урагшаа нарийн царигтай төмөр замыг Х.Баттулгаар гацааж, өргөн царигтай төмөр зам барьсны зорилго ердөө л энэ байсан. Үндсэндээ, Монголыг бодсондоо ч “монгол ялчихаагүй” юм.

Эрчим хүчний төслүүдэд хамтрах ажиллах оросуудын гол сонирхол нь Тавантолгойн цахилгаан станц.  Уг цахилгаан станц барих тендерт ОХУ-ын нэг компани оролцож буйг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлж байсан. Төслийн санхүүжилт нь 808.2 сая ам.доллар агаад 15 хувийг Монголын Засгийн газар, 85 хувийг тендерийн ялагч хариуцах юм. Тендерийн ялагчаас гарсан мөнгийг Оюутолгойн ирээдүйн орлогоос төлнө гэж тусгаж өгсөн, үүнд л оросууд шунаж байгаа болов уу. Үнэндээ Монголын бүх л эрчим хүчний төслүүдийг оросууд манай эх орончдын тусламжтайгаар гацааж, нурааж ирсэн шүү дээ.

Монгол, Оросын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсныг С.Лавров ч, Б.Батцэцэг ч онцолжээ. Үнэндээ үүний ихэнх нь монголчуудын худалдаж авдаг шатахуун шүү дээ. Баярлаад байх статистик биш гэсэн үг.

С.Лавровын эзэрхүү, дээрэнгүй энэ бүхэнд Э.Бат-Үүлийн өгсөн хариулт нь. “Монголыг яагаад ч Оросын суганы үс болгохгүй. С.В.Лавров тэгж бодож байгаа бол санааны гарз. Монгол эрх чөлөөтэй, нэр төртэй орон”. Харин Монголын эрх баригчдад өгсөн анхааруулга нь “Дөрвөн Ерөнхий сайд болон өчнөөн төрийн зүтгэлтнийг аваачиж цаазалсныг битгий мартаарай. Хэрвээ бид Оросын суганы үс болбол ийм хувь заяаг та нар бас хүлээнэ шүү” гэж. Үнэндээ Э.Бат-Үүл шиг С.Лавровын өөдөөс салаавч өгч чадах нь хэд билээ.

Түүний хэлснээр үнэхээр өнгөрсөн 30 жил монголчууд эрх чөлөөнийхөө амтыг мэдэрч яваа. Гээд энэхүү эрх чөлөөгөө Орос ах нарын ач гэж боддог монголчууд цөөнгүй. Тэдний гар хөл болж, улс орноо хорлогдог эх орончид гудамжинд ч төрийн ордонд ч, МАН-ын цагаан байранд ч бий.  Энэ л жинхэнэ айдас, хүйдэс.  Үнэндээ С.Лавров биш тэдний гар хөл болдог, захиалга, даалгавраар нь ажилладаг монголчууд илүү аюултай. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай гэж үг бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ТэнэглэлТэнэглэл
41
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж