Монгол гэр хэлбэртэй, орчин үеийн гэрэлтүүлэг, дизайнтай, дуу хөгжмийн тоног төхөөрөмжтэй 100 үзэгчийн багтаамжтай ардын язгуур урлагийн анхны “Өв эрдэнэ” театр өнөөдөр /2022.07.05/ Соёлын өвийн үндэсний төвд нээлтээ хийлээ.
Монгол ёс заншлын дагуу “Өв эрдэнэ” театрын нээлтийн ёслолыг шинэ гэрийн найрын ёс заншлаар хийсэн нь онцлог байв. Соёлын өвийн төлөө олон жил ажил, амьдралаа зориулсан С.Юндэнбат найрын ахлагчаар томилогдон, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, Гавьяат жүжигчин Б.Батмэнд “Эртний сайхан” дуугаар гэрийн жавар үргээж, өндөр их үүдээ нээсэн нь энэ юм.
Улсын хэмжээнд 362 өвийн төрөл зүйлийг 11800 орчим соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч бий гэх мэдээлэл бий. Цаашид энэ тоог нэмж, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын залгамжлуулах чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцолж байв.
Өвлөн уламжлагч Б.Ганзориг нь Увс аймгийн Тариалан сумын Хотон угсаатны Шааваа овгийн 14 дэх өвлөн уламжлагч. Түүний аав Монгол Улсын батламжит өвлөн уламжлагч, Соёлын тэргүүний ажилтан Т.Балган. Өнөөдрийн үйл ажиллагаанд эдний гэр бүлийн 13, 14, 15 дахь үеийн өвлөн уламжлагчид хүрэлцэн ирээд буй. Энэ театрыг нээснээр соёлын биет бус өвлөн уламжлагчид нэг дор цуглаж, сургалтаа явуулах бүрэн боломжтой болж байгаад маш их олзуурхаж байгаагаа тэрбээр хэлж байв.
Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл:
-Соёлын өвийн үндэсний төв дотор “Өв эрдэнэ” театртай болсноор өв тээгчдэд олон сайхан боломжийг нээж өгч буй. Улсын хэмжээнд амьдарч байгаа өв тээгчдийг нэг дор цуглуулж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах чухал ач холбогдолтой гэж харж байна.
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал:
Монголчууд эртний баялаг түүх, ёс заншилтай ард түмэн. Энэ ёс заншил, оюуны асар их өв соёл маань хойч үедээ уламжлагдан үндэсний бахархал болж ирсэн. Энэ соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалж, хойч үедээ уламжлуулах зорилготойгоор нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү бага театрыг ашиглалтад оруулж байна. Энэ театрыг байгуулахад “Рио Тинто” компанийн зүгээс 440 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж, хүлээлгэн өгч байна.
Соёлын дэд сайд М.Батбаяр:
-Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 соёлын биет бус өвийн конвенцид 2005 онд нэгдэн орсон. Энэ цагаас хойш Монголд өв тээж буй хүмүүсээ сурталчлан таниулах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж буй. Соёлын биет бус өв гэдэг нь хүн төвтэй. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1189 өвлөн уламжлагч бий. Засгийн газрын шийдвэртэй шилдэг өвлөн уламжлагч 102 байдаг. Энэ өвлөн уламжлагчдын залгамж халааг үргэлжлүүлэхэд энэ “Өв эрдэнэ” театр чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Энэ барилга нь 10 жилийн өмнөөс баригдаж, 2021 онд байнгын ашиглалтад хүлээж авсан. Тэр үед театрын тохижилтын ажлыг хийгээгүй байсан юм.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат:
-Соёлын яамны харъяа Соёлын өвийн үндэсний төв маань 2021 оны зургадугаар сард “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын урд талд зориулалтын байртай болсон. Энэ үеэр тухайн барилга дотор байрлах бага театрын төсөв багтаагүй. Тиймээс нэг жилийн хугацаанд Монголын урлагийн зөвлөл олон нийтийн төрийн бус байгууллагатай хамтарч энэ театрыг ашиглалтад оруулахаар хэд хэдэн хувийн хэвшилтэй уулзсаны үр дүнд “Рио Тинто” компани хөрөнгө оруулалтыг хийсэн. Улсын хэмжээнд аймаг бүрт театр бий. Энэ театр нь ардын язгуур урлагт хамаарах өвлөн уламжлагчдад зориулснаараа онцлог. Өвлөн уламжлагчид маань үнэ төлбөргүй шавь сургалт явуулж, уран бүтээлээ тоглох бүрэн боломжтой болж байна.
Холбоотой мэдээ