Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.07.05/ 2023-2024 оныг монголд зочлох жил болгож буй Засгийн газрын тогтоол батлагдсан талаар болон бусад цаг үеийн асуудалтай холбоотой шийдвэрийг танилцууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-2021 онд Ой судлал хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлагийг байгуулахтай холбоотой асуудлыг УИХ-аар оруулж 2022 оны зургадугаар сарын 3-нд Засгийн газраар батлуулсан. Энэ тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр ойн сантай холбоотой төслүүд хөдөлж эхлэхээс гадна ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагч цалинтай ажиллахаар боллоо. Дараагийн чухал шийдвэр бол 2023-2024 оныг монголд зочлох жил болгож зарлаж байна. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан нэг сая жуулчин хүлээж авах бэлтгэлийг хангана. Цар тахлын дараагаар үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой жуулчдын тоог нэмэх шаардлага үүссэн. Мөн монголыг дэлхий нийтэд таниулах хэрэгтэй болж байгаа.
Тиймээс БОАЖЯ-наас Монгол Улсын гадаад улсуудад сурталчлах хүрээнд нэгдсэн цахим платформыг албан ёсоор нэвтрүүлж байна.
Одоогийн байдлаар он гарснаас хойш 73 мянган жуулчин ирсэн статистик гарсан. Өнгөрсөн хугацаанд монгол аялал жуулчлалын стратеггүй явж ирсэн. Үүнийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Платформд бүхий шаардлагатай мэдээллүүдийг багтаана. Платформыг англи, хятад, орос, испани, солонгос, монгол хэл дээр нээнэ. Цахим систем рүү гар утас, цахим хэрэгслээр шууд нэвтрэх боломжтой. Мөн “VisitMongolia” аппликейшнийг нээгээд байна.
2019 онд монгол 579 мянган жуулчин ирж байсан бол энэ жил дээрх тоог хоёр дахин нэмэх зорилт дэвшүүлсэн.
-Хортон шавж устгалын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хортон шавжийн устгалын ажил тавдугаар сарын 10-наас долдугаар сар хүртэл үргэлжилдэг. Хор цацсанаас хойш 21-30 хоногийн дараа байгаль сэргэлт эхэлдэг. Тиймээс хортон шавж устгалын тухайд 650 орчим сая төгрөгийг хор цацах онгоцны зардалд зарцуулж байгаа. Шавж устгалд нийт хоёр тэрбум төсөвлөсөн. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж ойн хөнөөлт шавжийг устгах зэрэгт хугацаанд өөрчлөлт орж байгаа зүйл бий.
Байгалийн нөөц ашиглалтын төлбөр аймгууд авдаг. Энэ мөнгийг аймгууд зориулалтын бусаар зарцуулсан байна.
Тухайлбал, Баянхонгор аймагт хэрэгжилт тэг түвшинд байна. Тиймээс яам хяналт шалгалтыг тавьж ажиллаж эхэлсэн.
-Энэ жил нийт хэчнээн мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөж байна вэ?
-Монгол Улс цар тахлыг давж гарсан таван улсын тоонд багтсан. Гэхдээ Covid-19 буураагүй орнууд бий. Тэгэхлээр тухайн улс орноос ирэх жуулчдад энэ асуудал хамааралтай. Хэдийгээр жуулчныг тоог нэмнэ гэж тооцоолж байгаа ч зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалж тоо өсөх эсэх нь эргэлзээтэй.
ГАЗАР НУТГАА БАРЬЦААЛЖ ХЯТАДААС ЗЭЭЛ АВНА ГЭДЭГ ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Монгол Улсын Засгийн газар газар нутаг барьцаалж их хэмжээний зээл авах гэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Энэ бол 100 хувь улс төрийн агуулгатай ташаа мэдээлэл гэдгийг анхааруулж байна. Засгийн газрын өрийн менежмент сүүлийн гурван жилд сахилга баттай байснаар үр дүнд хүрсэн. 2016-2017 онд засгийн газрын гадаад өр хямралын хэмжээнд хүрсэн. Үүнээс хойш гадаад өрийн менежментэд анхаарснаар өрийн эрсдэл тогтворжиж, зээлжих зэрэглэл нэг шатаар ахисан.
Өнгөрсөн тавдугаар сард Монголын засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн нь ийм хүнд үед том амжилт. Зургадугаар сарын 30-ны байдлаар Хөгжлийн банкны баланс мөн үр дүнтэй гарсан.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарласнаас хойш таван сарын хугацаанд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж чадсан. Энэ хэмжээгээр тус банкны өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс бид хамгаалж чадсан. Зээлжих зэрэглэл тогтоох агентлагаас балансыг мөн хэвээр тогтоосон. Ингэснээр 2023 оны есдүгээр сард төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөгийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр чанаргүй зээлүүдээ төлөх боломжууд нэг алхам урагшилж байна. Тэгэхлээр ойрын хоёр жилийн хугацаанд тогтвортой байнэ гэсэн үг. Нэмж авах өрийн талаар Засгийн газраар батлуулсан. Ямар зээл авах эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг. Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа бонд гаргасан. Дахиж нэмж нэг ч бонд гаргахгүй. Анх гаргасан Чингис бондоос бусад зургаан бонд нь Чингис бондынхоо өрийг төлж ирсэн. Бид зөвхөн урт хугацаанд хөгжлийн зээлийг авна. Үүнээс гадна дотоодын зах зээлээ тэлэхээр анхаарна.
Өнөөдрийг хүртэл авсан зээлийн ашиглалт маш хангалтгүй байгаа. Манай импортыг дэмжихгүй зээл авахаас бүрэн татгалзана.
Сүүлийн гурван жилд гадаад өрийн сахилга батыг сайн сахисан. Гадаад өрийг нэмэгдүүлэх, энэ талаар УИХ-д танилцуулсан зүйл огт байхгүй. Цаашид зээлийн хэмжээ гэхээс илүүтэй ашиглалт дээр анхаарна.
Холбоотой мэдээ