Улс төрийн алба хаагчид ашиг сонирхолгүй байх ёстой
Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. Төрийн албаны тодорхой албан тушаалд томилогдох этгээдэд мэдэгдэл гаргахгүй гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх талаар гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.НАРАНБААТАР:
-Энэ заалтыг дэмжиж болохгүй. Энэ заалт батлагдвал төрийн албанд томилогдож байгаа хүмүүсийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэх дүгнэлтийг АТГ-аас авах боломжгүй болж байгаа юм. Хувийн эмнэлэгтэй хүн Эрүүл мэндийн сайд болох бололцоо бүрдэж байна. Ингэснээрээ ашиг сонирхлын зөрчил үүсч, төрийн албанд авлига хээл хахууль цэцэглэнэ. Улс төрийн алба хаагчид хамгийн ёс зүйтэй, ашиг сонирхолгүй байх ёстой. Доор нь томилогдох нь төрийн жинхэнэ алба хаагчдаас энэ мэдүүлгийг авч байгаа. Дээр нь байх улс төрийн албан тушаалтнууд илүү ёс зүйтэй байх ёстой учир үүнийг дэмжихгүй байна.
УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:
-АТГ зөвхөн ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг л нягтлах ёстой байгууллага. Гэтэл сүүлийн үед томилох эсэхийг шийддэг төрийн албаны шаардлагыг тавьдаг боллоо. Тиймээс энэ заалт орж ирж байгаа юм. Тэрийг нь бодвол үүнийг дэмжмээр байна. Нөгөө талаараа улс төрийн олон албан тушаалтнууд, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс томилогдвол нийгэмд ямар байх вэ? Б.Энхбаяр гишүүний тайлбарлаж байгаагаар яг адилхан хоёр өөр хүн дээр АТГ хоёр өөр дүгнэлт гаргаад байгаа юм. Нэг жижигхэн хувийн эмнэлэгтэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар томилохоор болвол ашиг сонирхлын зөрчилтэй гэчээд дараа нь бүр том эмнэлэгтэй хүнийг зүгээр гэж гаргаад байна. Энэ бүгдийг нь бодохоор дэмжмээргүй байна. Н.Наранбаатарын гишүүний адилаар үүнийг дэмжихгүй байна. Мэдүүлэг авахгүй томилно гэдэг буруу.
УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:
-Миний гаргасан саналыг гишүүд дэмжихийг хүсье. Монгол Улсын Үндсэн хуультай нийцэхгүй гэж би энэ саналыг гаргасан юм. Сонгууль яах гэж зохион байгуулдаг юм бэ? УИХ-д олонх болсон нь л Засгийн газраа байгуулах гэж л сонгууль болдог. Орон нутагт яах гэж сонгууль болдог юм бэ? Олонх болсон нь л засаг даргаа шийддэг. Ард түмний энэ сонголтыг хуулийн байгууллагын нэг дарга засварлаад байгаа юм. Ямар сайдтай ажиллах нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Ямар тамгын газрын даргатай ажиллах нь мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Гэтэл АТГ ашиг сонирхлын зөрчлийг хянах зүйлээ хэтийдүүлж, олонх болсон улс төрийн хүчин Засгийн газраа бүрдүүлэх ажилд оролцож ирсэн. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхт халдварлаж ирсэн. Сүүлдээ ард түмний сонголтыг мэдэж эхэллээ. Энэ бол хонгил. Хонгилын түлхүүр. Олонх болчихоод Засгийн газраа яаж байгуулах эсэхээ хонгилын эзэнд, хуулийн байгууллагын нэг даргад атгуулаад суух юм уу? Энэ асуудлыг би хөндөж байгаа юм.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдэгдэнэ л гэсэн заалт байна. Өмнө 2016 оны заалт нь хууль тэгш бус байдлаар хэрэгжүүлсэн холбоотой зөрчлийг хуультайгаа шууд холбох нь учир дутагдалтай. Энэ заалт буруугаар ойлгогдох нөхцөл үүсч магадгүй. Мэдэгдлийг бол улс төрийн албан тушаалтан гаргана. Мэдэгдлийн дагуу эрх бүхий албан тушаалтан өөрөө томилох эсэхээ шийднэ. Энэ хүн ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүү гэдгээ гаргах хэрэгтэй. Мэдэгдэл гаргахыг хориглоно гэдэг өөрөө их том цоорхой юм бишүү. Үүнийгээ дахин нягтлаач. Ингээд 62.8 хувийн саналаар энэ санал дэмжигдсэнгүй.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад хэд хэдэн удаа ирж байсан. Манай Гадаад харилцааны яамны ажилтнуудын буруугаас ч юм уу эсвэл өөрөө манай улсад хүндэтгэлгүй ханддагаас болсон уу жийнсэн өмдтэй онгоцноос буудаг байсан. Харин одоо костюм өмсөж, зангиа зүүгээд, гутлаа тослоод ирдэг болсон байна. Энэ нь ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу гэж харж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд айлчилж буйтай холбогдуулаад эрчим хүчний хараат бус байдал, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын хувь эзэмшил зэрэг асуудлаа ярилцаж шийдмээр байна. Гэвч миний ойлгосноор ШХАБ-д ор, Евро Азийн худалдааны байгууллагад элс гэдэг зүйлийг ярьж буй юм байна. Энэ нь бүрэн эрхт улсыг 30 жилийн өмнөх шиг Кремлийн нөлөөнд оруулчих вий гэдэг болгоомжлол төрүүлж байна.
УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна
УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна. Дараах асуудлыг /2022.07.05/ хэлэлцэнэ.
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
“Их хуралдай” танхим