“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг боллоо

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг боллоо

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зарласан, 2022 оны IX сард Нью-Йорк хотод болох “Хувьсаж буй боловсрол” /Transforming education/ сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх зорилгоор энэхүү үндэсний хэлэлцүүлгийг Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн манлайлал, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын дэмжлэгтэйгээр үе шаттай зохион байгуулж байна.

Үндэсний хэлэлцүүлэг нь ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготой.

“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийн салбар хэлэлцүүлгийг 2022 оны зургадугаар сарын 16-29-ний өдрүүдэд эрдэмтэн судлаачид, хүүхэд залуус, ТХБ II төсөлд хамрагдаж буй 6 аймгийн 30 сургуулийн багш, удирдлага, хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн, аж ахуйн нэгж байгууллагынхны оролцоог ханган зохион байгуулсан. Нийт таван салбарт хэлэлцүүлэгт 500 орчим хүн оролцов. Тэд:

  • Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт
  • Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль
  • Амьдрал, ажил хөдөлмөр, тогтвортой хөгжлийн төлөөх суралцахуй ба ур чадварууд
  • Багш, багшлахуй болон багшийн мэргэжил
  • Боловсролын санхүүжилт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв

2030 ОН ГЭХЭД АЖИЛ МЭРГЭЖЛИЙН 50 ХУВЬ НЬ ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ШИЙДЭГДЭНЭ

Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.ИТГЭЛ:

-Хувьсаж буй боловсрол өөрөөр хэлбэл transforming education энэ чиглэлийн хувьд авч үзвэл олон зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалж байна. Цаг уур, цар тахал, түүнчлэн 2030 он гэхэд ажил мэргэжлийн 50 хувь нь хиймэл оюун ухаанаар шийдэгдэнэ гэх мэт зүйлүүд байгаа учраас боловсролыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзэж байна.

Үндэсний хэлэлцүүлэг нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Боловсролын үйл ажиллагааны тасалдлын олон талт нөлөөллийн / хоол тэжээл, охид хөвгүүдийг хамгаалах, эрүүл мэнд, сайн сайхан байдал, сурлагын хоцрогдол, сургууль завсардалт, элсэлт хийгдэхгүй байх гэх мэт/ нотолгоонд тулгуурлан, боловсролын салбарыг цар тахлын нөлөөллөөс ангижруулж, сэргээхэд чиглэсэн зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх арга замыг тодорхойлох
  2. Цар тахлын үед боловсролын чиглэлээр авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, инновацын үр дүнд олж авсан сургамж, мэдлэг ойлголтод тулгуурлан, боловсролын бодлого, үйл ажиллагааны практикт шинэ сэтгэлгээ, арга барил, сургалтын нөөцийг нэгтгэх замаар боловсролыг амжилттай хувирган өөрчлөхөд чиглэсэн хөшүүрэг, тэргүүлэх ач холбогдолтой арга хэмжээний багцыг тодорхойлох
  3. 2030 он гэхэд гаргасан байвал зохих ахиц дэвшлийг хурдасгах хүсэл эрмэлзэлтэй байх зорилгоор үндэсний боловсролыг хөгжүүлэх зорилтууд болон жишиг үзүүлэлтүүдийг хянаж үзэх буюу тодорхойлох
  4. Боловсролд зориулагдах төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, нөөцийн хуваарилалтыг илүү тэгш болгож ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх, боловсролыг дотоодын тогтвортой санхүүжилтээр хангах шинэлэг, салбар дундын нэмэлт механизмуудыг тодорхойлох
  5. Боловсролын үнэлгээ, өгөгдөл мэдээллийн найдвартай тогтолцоог бий болгох замаар нотолгоонд суурилсан бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах арга замыг дээшлүүлэх

НҮБ-ын суурин зохицуулагч ТАПАН МИШРА:

-Аливаа өөрчлөлтийг хийхэд тийм амар биш. Энэ бол ердөө хэлбэр өөрчилсөн шинэчлэлт биш бүхэл бүтэн системийн өөрчлөлтийг хийх гэж байгаа учраас бүгд хамтдаа нэгдмэл нэг алсын хараатай байж, Монгол улс дэлхийд өөрсдийгөө жишиг болгох хэмжээнд боловсролын салбар дахь шилжилтийг үр дүнтэй хийн, ирээдүйн иргэдийг төлөвшүүлэхөд хувь нэмрээ оруулахын тулд энэ хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Г.ТЭМҮҮЛЭН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж