"С.Лавровыг Монголоос өөр хүлээж авах улсгүй болтлоо жижгэрлээ"

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

"С.Лавровыг Монголоос өөр хүлээж авах улсгүй болтлоо жижгэрлээ"

"С.Лавровыг Монголоос өөр хүлээж авах улсгүй болтлоо жижгэрлээ"

Ардчилсан намын зүгээс өнөөдөр/2022.07.05/ УИХ-ын дарга болон Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ.


Ардчилсан намын  төлөөлөгч Д.ЭРДЭНЭСУВД:

-Ардчилсан намын 14 дүгээр Их хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1115 төлөөлөгч танхимаар болон цахимаар оролцлоо. Бид хоёр асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг тодорхойлсон. Монгол Улсын эдийн засаг гүн хямралд орж, төгрөгийн ханш тасралтгүй унаж гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрлээ. Нэг хүнд ноогдох гадаад өр 10 мянган ам.доллар боллоо. ДНБ-ийн хувь буурч, хүнсний болон өргөн хэрэглээний бараа, шатахууны үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдлээ. Ийнхүү улс орны амьдрал доройтож байхад УИХ нь хууль тогтоох үйл ажиллагаагаа хэт улстөржүүлж, боломжийг намаараа бүлэглэн завшсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцохоос зайлсхийж, хууль тогтоож, хувийн өмчийг булаахаас өөр дорвитой арга хэмжээ авсангүй.

Мөн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ-ыг тараах буюу УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах шаардлагыг олонхоороо бид хурлаараа дэмжлээ.

Хоёрдугаарт, Ардчилсан нам бүтцийн байгууллагуудынхаа бүрэн эрхийн хугацааг батламжиллаа. Үүнд үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа мөн дотоод сонгуулийн хороо болон үндсэн дүрмийн хорооны гишүүдийнхээ бүрэн эрхийг батламжилж, бүтцийг шинэчиллээ. Үндэсний бодлогын хорооноос гаргасан шийдвэрийг батламжилсан. Тус хорооны 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан “Ардчилсан намын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мөн болохыг батламжилсан 36 дугаар тоот тогтоолыг их хурлын төлөөлөгчид олонхоороо дэмжиж баталсан. Үүнд хэрэгжилт, тавихыг ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярт даалгасан.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Хоёр албан бичиг гаргасан. Нэг нь Ерөнхийлөгчид хандан хориг тавьж өгөөч гэж байгаа юм. Сая  Ардчилсан намын бүлэгтэй холбоотой асуудалд эрх баригчид олонхоороо түрээд хуйвалдааны аргаар хууль баталсан. Мэхт мэхэндээ гэж үг байдаг. Ардчилсан намын бүлгийн асуудалд хутгалдах гэж хууль баталсан боловч эрх баригчид Д.Тогтохсүрэн даргад зориулсан хууль баталчихсан. Ардчилсан намын бүлэг угтаа анх 11 гишүүнтэй байсан. Явцын дунд гурван гишүүн дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн. Ингээд бүлэг найман гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байсан. УИХ-ын тухай хуульд бүлэг наймаас доошгүй гишүүнтэй байх ёстой. Ингээд явж байтал хуйвалдааны хууль хэлэлцэгдээд эхэлсэн тул УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ бүлгээс гарах шийдвэр гаргаснаар бүлэг долоон гишүүнтэй болж, Ардчилсан нам бүлэггүй, бүлэг байгуулах боломжгүй болсон. Явж явж УИХ-д бүлэгтэй ганц нам нь МАН болсон. Энэ хууль өөрөө Д.Тогтохсүрэнд ухсан нүх л болж үлдэж байна. Ийм л юм өрнөсөн. Зарчим эвдэж хууль хийхээр ингэдэг юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нэгдүгээрт ямар ч хууль шийдвэрт хориг тавих онцгой эрхтэй. Энэ эрхийг хэнтэй ч хуваалцдаггүй. Зарим буруу ойлголт байна. УИХ-ын дотоод үйл ажиллагаатай зүйл дээр Ерөнхийлөгч хориг тавьдаггүй юм гэж. Дураараа Үндсэн хуулийг тайлбарлаж байна. Ерөнхийлөгчийн хориг тавих онцгой эрхт хэн ч халдахгүй. Ямар ч УИХ хязгаарлах эрхгүй.

Тиймээс Ерөнхийлөгчид хандан энэ хуйвалдааны аргаар баталсан энэ хуульд хориг тавиач гэж хүсч байна. Дээрээс нь хуулийн хориг тавих хугацаа ажлын тав хоног.

Хоёрдугаарт, УИХ-ын даргад албан шаардлага хүргүүлж байна. Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа дуусах хүртэл энэ хуулийг ямар нэгэн байдлаар үйлчлүүлэх, мөрдүүлэх, хэрэгжүүлэх боломж байхгүй гэдгийг нь сануулж байна.

Хэрэв хууль зөрчиж, Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхт халдвал УИХ-ын дарга өөрөө Үндсэн хууль зөрчсөн гээд огцрох ёстой. Энэ хоёр бичгийг өнөөдөр албан ёсоор хүргүүлнэ.


-ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалыг танай нам юу гэж харж байна вэ?

-Бид сая намын их хурлын үеэр ч үүнийг ярьсан. Аливаа том гүрэн буруу бодлого явуулбал амархан бууран доройтдог гэдгийг олон зүйлээс харж байна. Саяхан их наймын нэгт тооцогдож байсан, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг байсан ОХУ удирдагчдынхаа харлаган бодлого, түрэмгийлэл, хүчирхийллээс болж дэлхийн том гүрэн бус жижиг улс боллоо ш дээ. Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров гэдэг хүн дэлхийн аль ч улсад айлчилж, ОХУ-ын бодлогыг илэрхийлдэг цонх байлаа. Гэтэл өнөөдөр Монголоос өөр хүлээж авах улсгүй болтлоо жижгэрлээ. Бусад бүх улс руу явах хил нь хаалттай. Ийм л байна. Удирдагчдын буруу бодлогын төлөөсийг ард түмэн л үүрч байна. Оросын ард түмнийг өрөвдөж байна. Энэ зовлонг ард түмэн нь л үүрнэ. Энэ Лавровын ирж буй шалтгааныг Монголд тулгалт ирж байгаа юм болов уу гэж хардаж байна. “Бензиний үнийг чинь бууруулж өгье, хариуд нь халаасны улсуудаа багтаадаг эдийн засаг хамтын ажиллагааны янз бүрийн холбоо, клубт оруулах гэж шахаж магадгүй. Энэ рүү бид орж болохгүй. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой. Түүхээ ч харсан бид эдгээр улсуудад хууль дүрэм журам юу байдгийг зааж ирсэн улс.

Хэзээ ч халаасанд нь байгаагүй. Үндсэн хуулиа барьсан ч Монгол Улс бол үнэхээр нээлттэй, ардчилсан, бүхий л улстай нээлттэй харилцдаг улс. Ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг, ёс суртахуун, үнэт зүйлийг дээдэлдэг улс байвал бид Орос, Хятад, Япон, Америк байсан ч ялгаагүй харилцна. Түүнээс биш хүчирхийллийн аргаар хөрш орнуудаа дээрэлхдэг, жижиг улсуудыг дээрэлхдэг байвал энийг бид дэмжихгүй. Ер монгол хүний хандлага, соёл ч тийм. Дээрэлхүүлээд байгаа хүнийг өмгөөлдөг ёс зүйтэй ард түмэн. Украины ард түмний зовлон явж явж Монголын зовлон. Бид нарыг асуудал цаанаа нэг.Тиймээс энэ дээр дуугүй байвал эргээд Монголын зовлон бид нар дээр бууна. Энэ зарчмуудыг бид дэмжихгүй байгаа. Манай намын үнэт зүйл хүчирхийлэл, дайныг дэмждэггүй. С.Лавровын айлчлал манайд ямар нэгэн тулгалт хийхвий гэж хардаж байгаа.

Мөн Б.Батцэцэг сайдад хандан хэлэхэд С.Лавровд яаж загнуулах бол, яах бол гээд толгойгоо маажаад сууж байж магадгүй. Сайдаа битгий санаа зов. Таны ширээн дээр ярих ёстой бодлого чинь байгаа. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал гэж бий.

Энэ дээр Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой байна, аль нэг хүчирхийллийн талд орохгүй гээд зарлачихсан байгаа ш дээ. Б.Батцэцэгээс өөр хэн ч гадаад хэргийн сайд байсан үүнийг л ярьж, тайлбарлах ёстой. Энэ байр сууриа тодорхой илэрхийлээсэй гэж хүсч байна. Элчин сайд Азизов нь ирээд Монгод бүх сайд, дарга нарыг загнаад нүүр рүү цаас шидэж болохгүй. Кремлийн удирдагч нар Монголын удирдагч нартай ингэж харьцаж ирсэн. Монголын төлөө боссон Ерөнхий сайд бүрийг цаазалж байсан түүх бий. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол ардчилсан Монгол. ЗХУ-ын дарамтад байсан хуучны Монгол биш. МАН МАХН байхдаа 32 мянган номч мэргэдээ, жирийн монголчуудаа махны машинаас нь хамгаалж чадаагүй юм. Тийм учраас үүний төлөө бид тэмцэнэ. Хоёр улсын харилцаа тэгш эрхтэй л байх ёстой.

-2024 оны сонгуулиар С.Эрдэнэ дарга нэр дэвших үү?

-Одоо нэр дэвших эсэх нь тодрох болоогүй ш дээ. Ардчилсан нам өөрсдийн нэр дэвшигчдээ тодруулдаг журамтай. Энэ журмаараа шийдэгдэнэ. Шалгуураа л хангаж байвал Ардчилсан намын гишүүн хэн ч нэр дэвших эрхтэй. Үндэсний бодлогын хорооны гишүүд нэр дэвшигчдээ тодруулдаг журамтай. Энэ асуудал шийдэгдэх болоогүй. Энэ дэвшинэ, тэр дэвшихгүй гэсэн зарчим аливаа намд байх ёсгүй.

-С.Эрдэнэ даргын халдлагад өртсөн талаар?

-Бид гадна талдаа хүчирхийллийг дэмжихгүй гэчихээд дотооддоо өөхшүүлдэг байж болохгүй. Монголчууд биеийн хүчээр нэгийг, билиг оюунаар мянгыг дийлнэ гэдэг ухаантай ард түмэн. Хүчирхийллийн, булчингийн аргаар асуудлыг шийдэж болохгүй. Буруу жишиг. Нам өөрийн дүрэм зарчимтай. Түүнээс өмнө намын асуудал гэхээсээ илүүтэйгээр хууль хяналтын байгууллагуудын шалгаж мухарлах асуудал. Тэд хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж