ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр /2022.07.05/ Монгол Улсад ирсэн. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хийсэн хэлэлцээний талаар танилцууллаа.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:
-Энэ жил Монгол, Орос улс харилцааны шинэ зууныг эхлүүлж байгаа. Өнгөрсөн 2021 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Москва, Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлсэн. Цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулж харилцаагаа идэвхжүүлж байгаад баяртай байна. Монгол, Оросын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттай урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровтой өнөөдөр санал солилцлоо.
Сүүлийн үед хоёр улсын бүс нутгийн харилцаа идэвхжиж, агаарын хил, төмөр замын тээвэрлэлт иргэдийн зорчих урсгал, худалдааны урсгал нэмэгдэж байна.
Хэлэлцээний үеэр өнгөрсөн жил хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр дээд шатны айлчлалууд, мөн томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн олон жил шийдэл хүлээгдэж буй зарим асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойлсон байгаа. Монгол, Оросын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг хурдасгах, хоёр талын баталсан баримт бичиг дээр санал нэгдэж ярилцлаа.
Монгол, Оросын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Энэхүү үзүүлэлтийг улам сайжруулах боломжтой гэж үзлээ.
Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа эрчимжиж, хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдэж, бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгаад таатай байна. Нэн ялангуяа Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсэд Оросын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрүүд барих, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход анхаарч ажиллах саналыг монголын талаас тавьсан. Мөн ачаа тээвэрлэлт, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахаар тохирлоо. С.В.Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн талаар санал солилцоход Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн ажил хуваарийн дагуу явагдаж байна.
Мөн төмөр замаар зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэй холбогдох коридоруудын асуудлыг хөндөж ярилцлаа.
УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлтийг хэрэгжүүлэх зорилгоор техникийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх ажил ахицтай байгаа. Мөн эрчим хүчний обьектуудын шинэчлэл, өргөтгөлийн хамтарсан төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ярилцлаа. Хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын газар тариалангийн техникийн шинэчлэлтийн хөтөлбөр болон монгол малыг эрүүлжүүлэх, мал сүргийг дархлаажуулах хөтөлбөрийн талаар мөн ярилцсан. Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах, тэрбум мод үндэсний хөтөлбөрийн ажлын хүрээнд хамтарч ажиллахаар тохиролцлоо. Тиймээс өнөөдрийн хэлэлцээний үр дүнд сэтгэгдэл өндөр байна.
"ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ОЛОН АСУУДЛААР БИД САНАЛ СОЛИЛЦСОН"
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.ЛАВРОВ:
-Өнөөдрийн хэлэлцээ Б.Батцэцэг сайдын хэлснээр маш амжилттай болж өнгөрлөө. Монгол, Орос улсын хооронд сайн хөршийн харилцаа олон чиглэлээр хөгжиж байна. Хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар бид санал солилцсон. Мөн 2019 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг улам илүү өргөжүүлэх хүсэлтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн.
Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал, хориг арга хэмжээг бүрэн авсны дараа манай хоёр талын хамтын ажиллагаа сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж байна.
Өнгөрсөн онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалын ач холбогдлыг өндрөөр үнэлж, бусад хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж байна. Цаашид хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн онд худалдаа 30 хувиар өссөн бол энэ оны эхний хагас жилд дахин 45 хувиар нэмэгдээд байна. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын үйл ажиллагаанд мөн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Тус комиссын ээлжит хуралдаан энэ жил Орос улсад болно.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотой асуудалд хоёр улсын байр суурь ойролцоо байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын дүрэмд тусгасан бүх дүрмийг дээдэлж, тэр дундаа тусгаар улсын эрх мэдлийг хүндэтгэж, түүнчлэн хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр хөгжүүлнэ гэдгийг мэдэгдэж байна.
Үүний хүрээнд дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, тэр дундаа АНУ болон холбоотнуудын зүгээс шийдвэрлэх асуудлыг нарийвчлан ярилцлаа. Донбасст болон Украины бусад нутгуудад болж буй цэргийн тусгай ажиллагааны үйл явцын талаарх мэдээллийг өөрийн зүгээс өгсөн. Бидний зүгээс Украинд болж үйл явдлыг хэрхэн өрнөж байгаа талаарх бүх үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсч байгаа. Харамсалтай нь, Барууны орнуудын зүгээс үнэн бодит, бие даасан хараат бус мэдээллийн эх сурвалжийг хязгаарлаж байна. Бусад олон улсын хамтын ажиллагааны асуудлын хувьд гэвэл НҮБ, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд мөн түүнчлэн Ази, Номхон далай дахь олон улсын талбарын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.
Монгол Улс ШХАБ, Европын эдийн засгийн холбоо, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн.
Монгол Улсын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглан олон улсын тавцанд хамтын ажиллагааг улам илүү нягт уялдуулах тал дээр хоёр талаас хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт Б.Батцэцэг сайдтай санал нэг байна. Мөн ОХУ-ын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй та бүхэнд талархлаа илэрхийлье.
Холбоотой мэдээ