Талын урлан: Тэнгэр газар уулзах цэг

Хуучирсан мэдээ: 2022.07.05-нд нийтлэгдсэн

Талын урлан: Тэнгэр газар уулзах цэг

Талын урлан: Тэнгэр газар уулзах цэг

“…. Тэнгэр “ярьдгийг” би мэдсэн. Цаг хугацаа, хором бүр шинээр үүсэн бүтэх тул ирээдүйн талаар бодох шаардлагагүйг ухаарсан. Илүү бүрэн, илүү цогц, илүү энгийн оршихуйг өөртөө нээлээ. Цаг наргүй ажил, хатуу хөтүү нөхцөл, цаг наргүй ажил, байгальтай дасах зохицохуй, айдас, наран ургахтай уралдан босож, жаргахтай зэрэгцэн нойрсох хэмнэлийг ажигласан. Хөвөө хязгааргүй газар нутаг, талд бэлчих мал сүрэг, хотлоороо айлсах нэгдмэл, зочломтгой зан чанарыг олж харсан… Мөн хүн, амьтан, байгаль нэгэн цул болохуй, хүмүүний өгөх, авах бас талархах ёсыг ойлгосон” гэж Агнес Дюбарт ярьж байна.

Францын Лилль хотод төрж өссөн, “Талын урлан” уран бүтээлчийн солилцооны хөтөлбөрийн анхны оролцогч Агнес Дюбарт 2009 оноос уран бүтээлээ туурвин, эх орондоо бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдээ толилуулжээ.

Тэрбээр энэ удаад Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорин хотын “Эрдэнэсийн хүрээ” урланд байрлан, зургаан долоо хоногийн турш монгол өв уламжлал, ёс заншил, түүхэн соёлтой танилцан төрсөн сэтгэгдлээрээ уран бүтээл туурвисан юм.

Гэрт амьдарч, мориор аялж, малчин айлд зочлон тэдний өдөр тутмын аж амьдралд оролцохдоо харж, мэдэрч, олж нээснээ тэрбээр “Тэнгэр газар уулзах цэг” үзэсгэлэнгээр танилцуулж буй.

Нүүдэлчин ахуй, соёл, заншлыг сэтгэлийн толиндоо тусган цаасан дээр буулгасан, уран бүтээлчийн дотоод сэтгэлийн дуудлага, оршихуйн талаар эргэцүүллийг, бас яг одоо тохион буй хором мөчийн дахин давтагдашгүй чанарыг дэлгэх график болон өрөг урлагийн 20 гаруй бүтээлийг толилуулах юм.

Ташрамд, Францын “Институт Франсез”, Улаанбаатар дахь Францын Элчин сайдын яам, ХААН Банк, “Улаанбаатарын Аллианс Франсез” ТББ, “Эрдэнэсийн хүрээ” төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Талын урлан” нь олон улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой бөгөөд Франц, Монголын соёлын харилцааг бататгах чухал ач холбогдолтой хөтөлбөр билээ.

ХААН Банк цамхгийн 3-р давхарт ХААН галерейд 2022 оны 7-р сарын 7-27-ныг дуустал нийтийн хүртээл болох  “Тэнгэр газар уулзах цэг” уран бүтээлийн үзэсгэлэнд та бүхнийг урьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж