NEWS агентлаг энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа Орос, Украины мөргөлдөөний сөргөлдөгч орнууд болон дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг онцолж байна.
Олон Улсын валютын сан дэлхийн эдийн засаг энэ онд 3.6 хувиар, ирэх онд мөн 3.6 хувиар өснө гэж төсөөлөөд буй. Тус сангаас өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тайланд дурдсанаар, дээрх өсөлт нь өнгөрсөн нэгдүгээр сарын төсөөллөөс 2022 онд 0.8 нэгж хувиар, 2023 онд 0.2 хувиар муудсан төсөөлөл юм. Энэхүү төсөөлөлд Украинд болж буй мөргөлдөөн бусад улс орон руу даамжрахгүй, улс орнуудын ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ төсөөллийн хугацаанд үргэлжилж, цар тахлын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагавар 2022 оны туршид алгуур буурч арилна гэж таамаглажээ.
Украинд өрнөж буй мөргөлдөөний нөхцөл байдлаас голлон шалтгаалж, дэлхийн эдийн засгийн өсөлт өмнөх төсөөлөлтэй харьцуулахад муудаж, харин инфляци өсөхөөр байгаа аж. Дийлэнх улс орнуудын ажил эрхлэлт болон үйлдвэрлэлийн түвшин 2026 онд цар тахлын өмнөх түвшинд хүрэх төлөвтэй болжээ. Төсөөллийн хугацаанд цар тахлын сөрөг үр дагавар хөгжингүй орнуудтай харьцуулахад хөгжиж буй болон эрчимтэй хөгжиж буй орнуудад илүү хүнд байх нь. Энэ нь мөн орнуудад бодлогын дэмжлэг үзүүлэх орон зай багассан, цар тахлын вакцинжуулалт харьцангуй удаан байгаагийн илрэл юм.
ОУВС-гаас төсөөллийн тодорхой бус байдал маш өндөр байгаагийн зэрэгцээ эрсдэл нэмэгдэх чиглэлд давамгайлж байгааг онцлов. Тухайлбал, ОХУ, Украины нөхцөл байдал улам хүндрэх, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ эрс нэмэгдэх, “Тэг-Ковид” бодлогын улмаас Хятадын эдийн засгийн өсөлт хүлээлтээс ихээр саарах, цар тахлын илүү аюултай хувилбар дэгдэх зэрэг нь төсөөллийг муутгаж болзошгүй байна.
Геополитикийн өнөөгийн нөхцөл байдал нь нэгд, инфляцийг хумих, эсвэл эдийн засгийн сэргэлтийг дэмжих, хоёрт, эмзэг бүлгийг дэмжих, эсвэл төсвийн баффер хуримтлуулах гэсэн бодлогын сорилтыг улам хүндрүүлж байгааг ОУВС анхааруулж буй юм.
Харин Дэлхийн банкны шинэчилсэн төсөөллөөр Украинд өрнөж буй мөргөлдөөний улмаас Украины эдийн засаг энэ онд 45 хувиар агших төлөв ажиглаж байгаа аж. Энэ нь ОУВС-гийн (35 хувиар агших) төсөөллөөс 10 нэгж хувиар муу төсөөлөл юм. Харин ОХУ-ын эдийн засаг энэ онд 11.2 хувиар агшиж, Европ болон Төв Азийн бүс нутгийн өсөлт энэ онд өмнөх төсөөллөөс 7.0 гаруй нэгж хувиар муудаж, 4.1 хувиар агшихаар төсөөлжээ. Бүс нутгийн өсөлтийн төсөөлөл ийнхүү саарахад ОХУ, Украины эдийн засгийн уналт гол сөрөг дам нөлөө үзүүлж байгаагийн зэрэгцээ гадаад худалдаанд гарч буй саатал, түүхий эдийн үнийн болон санхүүгийн зах зээлд үүсээд буй шокууд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Түүнчлэн ОХУ-Украины мөргөлдөөн дахин хэдэн сар үргэлжлэх муу хувилбар төсөөллийн хувьд Украины эдийн засаг энэ онд -75 хувиар, ОХУ-ын эдийн засаг -20 хувиар, бүсийн эдийн засаг -9 хувиар агшиж болзошгүйг анхааруулаад буй юм.
Геополитикийн эрсдэл, үйлдвэрлэлийн зардал огцом нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, эдийн засгийн идэвхжлийг илтгэдэг дэлхийн борлуулагчдын менежерүүдийн индекс 2022 оны дөрөвдүгээр сард боловсруулах салбарын хувьд 52.2, үйлчилгээний салбарын хувьд 53.4-д хүрч, өмнөх оноос тус тус 3.6 хувь, 1.3 хувиар тус тус агшчээ.
Covid-19 цар тахлын сөрөг нөлөөнөөс шалтгаалсан нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол, геополитикийн эрсдэл, орцын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж дэлхийн улсууд, ялангуяа АНУ-д 2022 оны гуравдугаар сард инфляцийн түвшин 8.5 хувьд хүрсэн. Энэ нь 1981 оны арванхоёрдугаар сараас хойш хамгийн өндөр түвшин бол Евро бүсэд инфляцийн түвшин 2022 оны дөрөвдүгээр сард 7.5 хувь болсон нь Европын холбоо 1999 онд байгуулагдсанаас хойш хамгийн өндөр утгад хүрчээ.
ОХУ-ын хувьд 2022 оны гуравдугаар сарын байдлаар инфляцийн түвшин 16.7 хувьд хүрсэн нь 2014-2015 онд ОХУ, Крымийг авсан үеийн өсөлттэй ойролцоо түвшинд хүрсэн аж. Харин Хятадын хувьд бусад оронтой харьцуулахад инфляцийн түвшин харьцангуй бага түвшинд хадгалагджээ.
ОХУ-Украины мөргөлдөөн өнгөрсөн хоёрдугаар сараас хойш эрчим хүч, хүнсний барааны үнийг нэмэгдүүлж, инфляцийг өсгөж буй. Сөргөлдөгч хоёр орон хоёул гол түүхий эдийн нийлүүлэгч нар бөгөөд мөргөлдөөн, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ хоёул үнийн түвшин, ялангуяа газрын тос, байгалийн хийн үнийг огцом нэмэгдүүлээд буй юм. Украин, ОХУ нь дэлхийн улаанбуудайн нийлүүлэлтийн 30 орчим хувийг, наран цэцгийн тосны 70 орчим хувийг, азотын бордооны 15 орчим хувийг эзэлдэг. Үүнээс шалтгаалж хүнсний барааны үнэ мөн огцом нэмэгдсээр байна.
Цаашид өндөр инфляци удаан үргэлжлэх эсэх нь нэгд; ажиллах хүчний хомсдол, нийлүүлэлтийн хэлхээний түгжрэл хэрхэх, Төв банкууд ямар бодлого баримтлах, хоёрт; ОХУ-Украины мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, ялангуяа үүний эрчим хүч, хүнс, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх зэргээс голлон шалтгаалахаар байгаа аж. Түүхээс үзэхэд энэхүү өндөр инфляци хоёр жилээс удаан үргэлжлэхээргүй байгааг шинжээчид хэлжээ.
ОУВС-гийн төсөөллөөр геополикийн асуудлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн өсөлт болон ерөнхий үнийн өсөлтөөс шалтгаалан глобал инфляци өмнөх хүлээлтээс нэмэгдэж, өндөр түвшинд илүү удаан хадгалагдах төлөвтэй байгаа аж.
Тухайлбал, инфляци 2022 онд хөгжингүй орнуудын хувьд 5.7 хувьд, хөгжиж буй орнуудын хувьд 8.7 хувьд хүрэхээр төсөөлсөн нь өмнөх улирлын төсөөллөөс 1.8 болон 2.8 нэгж хувиар тус тус нэмэгдсэн төсөөлөл юм. Хэдийгээр эрэлт-нийлүүлэлтийн зөрүү багасч, хөдөлмөрийн зах зээл идэвхжиж эхэлснээр суурь инфляци буурах хандлага байгаа ч төсөөллийн тодорхой бус байдал маш ихээр нэмэгдсэн билээ. Геополитикийн нөхцөл байдалтай уялдан эрэлт-нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал дордох тохиолдолд түүхий эдийн үнийн өсөлтөөр дамжин инфляци улам эрчимжиж, инфляцийн хүлээлт нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж.
ОХУ-Украины мөргөлдөөний улмаас ОХУ-ын түүхий эдийн нийлүүлэлт доголдож, түүхий эдийн захад, ялангуяа эрчим хүчний бүтээгдэхүүний зах зээлд томоохон тодорхой бус байдал үүссэн нь цаашид түүхий эдийн үнийн өсөлтийг эрчимжүүлэх хүлээлт үүсгэсэн.
Барууны орнууд ОХУ-ын газрын тос, байгалийн хийгээс бусад түүхий эдэд хориг арга хэмжээ аваагүй байгаа юм. Гэвч зэс, алт, нүүрсний тээвэрлэлт, арилжаа хийхэд ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэн түүхий эдийн нийлүүлэлт доголдож, үнэ өсч буй. Тухайлбал, ОХУ-ын газрын тосны импортыг АНУ-аас зогсоох, Их Британи 2022 ондоо багтааж зогсоох, Европын холбоо 2027 он гэхэд ОХУ-ын газрын тос, байгалийн хийнээс хамаарах хамаарлаа бууруулах талаар мэдэгдсэн билээ.
Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ийнхүү улам нэмэгдэж, үнийн төсөөллийг нэмэгдүүлэв. Газрын тосны үнэ 2022 онд нэг торх нь 118 ам.доллар, 2023 онд нэг торх нь 96 ам.доллар хүрч өсөх төсөөлөл байгаа аж. Түүнчлэн тээвэрлэх, худалдах болон арилжаалах хүндрэлээс шалтгаалж зэсийн үнэ 2022 онд тонн нь 9897 ам.долларт, алтны үнэ унц нь 2231 ам.долларт хүрч тус тус өсөх тооцоололтой байна.
Эх сурвалж: МОНГОЛБАНК, BLOOMBERG, IMF, WORLD BANK, REUTERS
Холбоотой мэдээ