Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авсны дараахан даргаар нь томилогдож очсон Л.Наранбаатар нэг шуудай цементний үнийг 15 мянган төгрөг болгож буйгаа зарлажээ.Чингэхдээ нэг хүнд таван тонноос ихгүй байхаар хязгаарлалт тогтоосон гэнэ. Авчиг, түүний “мэргэн шийдвэр” цементний үнийг барих даанч боломжгүй. Үнийг өртөг, зардал, эрэлт нийлүүлэлт нь тогтоодог болохоос Л.Наранбаатар энтермаймент хийгээд барьчихдагүй болохыг баялаг бүтээж үзсэн хүмүүс бол ойлгох байх. Тэр тусмаа цементийн үнэд цохилт өглөө гэж баярлах нь эртдэнэ. Үйлдвэр нь өртөг зардлаа нөхөж чадахгүй аваас дараа нь алдагдлаа яаж нөхөх гэж байгаа юм бүү мэд. Оймсоо хэн нэгэн рүү шидэх биш оймсоо гозолзуулах дээрээ тулбал яана.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 10 гэрээт борлуулагчтай хамтрах гэнэ. Гэрээт борлуулагчид журмыг зөрчиж нэг төгрөг нэмэх юм бол торгууль тавих хатуу болзолтой гэв. Ийм хатуу болзолыг зөвшөөрч, Хөтөлийн цементийг зарах хүн бол авлига өгөх, авах магадлал өндөр. Эрх баригчид наашаа харахдаа төр нүүрс ухаж, диллер хийж, цэцэг тарих албагүй гэсэн мөртлөө цаашаа харахдаа хэлсэн, ярьснаа мартчихдаг бололтой.
Өнгөрсөн гуравдугаар сард Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд авах шийдвэрийг Засгийн газраас гаргасан агаад энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэвлэлийнхэнд дуулгахдаа бараг л эзэнгүй хаягдсан үйлдвэр олсон утгатай зүйл ярьсан. Эзэнгүй үйлдвэр ч гэж хаана байх билээ, тэр тусмаа тийм том үйлдвэрээ “хог” шиг хаячих тэнэг хүн энэ хорвоо дээр лав байхгүй.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төрд очсон л гэнэ. Үнэндээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авснаар ард түмний өмч болчихоогүйг, төрийн өмч бол ялсан намын, томилогдсон даргын шахаа шантааж, авлигын үүр уурхай болдгийн олон жишээг бид мэднэ. “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт”-ийг 110 сая ам.долларын барьцаанд тавиад түүнийг нь “ард түмний өмч”-өөс төлсөн явдал ч бий.
ХҮНИЙ НОХОЙ ИДЭХЭЭР ӨӨРИЙН НОХОЙ ИД
Өчигдөр “Шинэ сэргэлт-Монгол ган” хэлэлцүүлгийн үеэр “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир ингэж ярьжээ. “Манай компани 2021 оны есдүгээр сард техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ батлуулсан. Ямар нэгэн тодорхой бодитой шаардлагагүй гэнэтийн шийдвэрээр концессын гэрээг цуцалсан. Гэтэл бидний бэлтгэж, хянаж байсан танилцуулгыг энэ хүмүүс ярилцаад сууж байна” гэж.
“Кью Эс Си” компани Хөгжлийн банкнаас авсан 191 тэрбум төгрөгөө төлж барагдуулсан болохыг өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд мэдээлсэн. Атал ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ““Кью Эс Си” компани 200 орчим тэрбум төгрөгийг төлсөн.
Энэ бол том зургаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авсны үр дүн гэж харж болно. .Одоо бол төсөл хэрэгжүүлж байсан этгээдээс хэлэлцээрийн ширээний ард суун ажлаа дүгнэе гэдэг санал хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Засгийн газар холбогдох түвшинд ажиллаж байна” гэх маягтай тайлбар хийжээ.
Түүнчлэн “Кью Эс Си”-гийн боловсруулан ТЭЗҮ-гээр “Монгол ган” цогцолбор барихаар болсноо ч нуусангүй. Нөгөө М.Энхсайханыг террорист гэж хорьчхоод боловсруулсан ТЭЗҮ-ээр нь Тавантолгойн цахилгаан станцыг нь барихаар болсон гэдэг шиг. ТЭЗҮ боловсруулна гэдэг дурын хүний, тэр тусмаа А.Ариунболд мэтийн хуульчдын хийдэг ажил огт биш. УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн болохоороо уг албан тушаалд очсон байх. Түүнээс ШӨХТГ-т дарга хийхээс металургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх нь тэс өөр. Том төслийг стратегичид л хийдэг болохоос хуульчид хийдэггүй байх л даа.
“Монгол ган” цогцолбор байгуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлжээ. Монголд орос, хятад хоёр орж ирдэггүй юм бол төрийн дээрэм, тонуулаас айгаад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх нь юу л бол. Орж ирснийг нь айлгаж, дарамтлаж байгаад хөөгөөд явуулчихсан даг. Тэгээд ч монголчууд хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Үндэсний компаниуд нь бид хийж чадна гээд байхад өөр хөрөнгө оруулагч хайх шалтгаан юун. Монголчууд айлаас гуйхаар авдраа уудал гэдэг. Бүр хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэх нь ч бий. Үнэндээ төрөөс томилогдсон хоёр “том” даргын үг үйлдлээс харахад бизнес эрхлэх нь энтертаймент үзүүлэхээс өөр гэсэн зөвлөгөөг өгье.
Холбоотой мэдээ