Франц улсын Клэрмон-Ферран хотод ирэх аравдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Европын хамгийн томд тооцогддог мал аж ахуйн олон улсын “Sommet de l’Elevage” үзэсгэлэн болно. Францын төлөөлөгчид Монгол Улсыг тус үзэсгэлэн худалдаанд зочин орноор оролцуулах хүсэлтэй байгаагаа уламжилж, өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд урилга гардуулан өгсөн.
Мөн Монгол, Франц хоёр улсын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны бизнес уулзалт болов. Тус уулзалтад манай улсаас “Түмэн Авдар”, “Монпеллэтс”, “Сүү”, “Түмэн шувуут”, “Мөрөн Агро”, “Тайшир Өргөө”, “Мон бийф” зэрэг эрчимжсэн аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, Монголын ХАА-н хоршоологчдын Үндэсний холбоо, болон Франц-Монголын худалдааны танхимын гишүүн байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Францын талаас дээрх үзэсгэлэнгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн багийн гишүүд, зохион байгуулагчдын төлөөлөл манай улсад ирж, мал аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэв.
Олон улсын “Sommet de l’Elevage” үзэсгэлэн жил бүр нийт 180 мянган ам.метр талбайд зохион байгуулагддаг бөгөөд 30 орны 1500 оролцогч, 100 мянга гаруй жуулчин хүрэлцэн ирж, 70 гаруй үүлдрийн 2000 гаруй шилмэл малын шалгаруулалт үзэж сонирхдог байна.
Энэхүү арга хэмжээний үеэр Европын махны үхрийн аж ахуйн тэргүүлэгч форум гэгддэг “Уулархаг нутагт мал аж ахуй эрхлэх нь” зөвлөгөөн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа, фермийн үйл ажиллагаатай танилцах хөтөчтэй аялал, мал аж ахуй эрхлэхэд тулгамдаж буй дэлхий нийтийн асуудлаарх хурал, зөвлөгөөнүүд, туршлага солилцох болон хувьчилсан бизнес уулзалтууд болдог ажээ.
Манай улс Франц улстай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шат ахиулах нь чухал маш ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь, сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйн салбарт үржүүлж буй цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч шилмэл үүлдрийн малыг ихэнхдээ Франц улсаас Засгийн газрын шугамаар болон хувийн хэвшлүүд цөөнгүй импортлож байгаа аж.
“Sommet de l’Elevage” үзэсгэлэнд зочин орноор оролцох Монголын талын бэлтгэл хангах ажлын хэсгийн дэд даргаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллах юм байна.
Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал эрчимтэй яригдаж буй энэ үед дээрх уулзалт бидэнд томоохон боломж буйг илтгэв. Улсын хэмжээнд жилд дотоодын хүнсэнд 12 сая хүртэл толгой мал хэрэглэдэг. Мөн доод тал нь 12 сая толгой мал экспортод гаргах асуудал тулгамдсаар иржээ. Малын дайвар бүтээгдэхүүн, арьс ширийг орон нутагт нь боловсруулж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд өндөр технологи оруулах, гадаад зах зээлийг тодорхой болгох зэрэг шаардлага тулгарч буй талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэлсэн юм.
Зах зээл тодорхой болвол нэг талаар жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, нөгөө талаар мал аж ахуйн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалт орж ирж, экспортыг сэргээн хөгжүүлэх боломж бүрдэх билээ. Үүний үр дүнд мал аж ахуйн орлого нэмэгдэх бөгөөд энэ талаар эрчимжсэн мал аж ахуйгаар тэргүүлж буй Франц улстай хамтран ажиллах эхлэл тавигдсаныг энд онцолъё.
Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар бодлогын болон хууль эрхзүйн гэсэн хоёр төрлийн дэмжлэг үзүүлэхээр тогтжээ. Юуны өмнө татварын бодлогоор хөнгөлөлт үзүүлж дэмжих бодлого баримтлах юм байна. Бодлогын хүрээнд газар тариалангийн бүс нутаг болон хот, суурин газар мах, сүү, өндөгний хэрэгцээг хангах чиглэлээр ажиллах аж. Мөн төрөөс гадаадын ашиг шим сайтай, махны болон сүүний үхэр импортлоход дэмжлэг үзүүлэх юм байна.
Засгийн газрын түвшинд гадаадаас өндөр ашиг шим бүхий мал импортлох талаар ярьж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, мах-сүүний үхрээс гадна бусад ашиг шимтэй мал оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-ыг тодорхой хэмжээнд бууруулж, хөнгөлөх зайлшгүй шаардлага гарч буй тул төсөл боловсруулан Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн байна.
Ихэнх улс орнууд сүүний чиглэлийн нэг үнээнээс жилд дунджаар 5500-9500 литр сүү сааж, махны чиглэлийн 12-18 сарын настай өсвөр үхрээс дунджаар 320 кг, хониноос дунджаар 35 кг мах авдаг аж. Манай улс жилийн дунджаар монгол үхрээс 800 литр, эрлийз үхрээс 2200 литр сүү, үхрээс 180 кг, хониноос 18 кг мах авдаг байна.
Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сонирхол их байдаг ч олон талт хүчин зүйлсийн нөлөөллөөр дотоодын эрэлт хэрэгцээ, хэрэглэгчийн шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа ажээ.
"ДОТООДЫН СҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ"
Монголын үхэрчдийн холбооны тэргүүн Ж.БАТТӨГС:
–Сүүний кластер фермийн төсөл Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын голд, Жирмийн цагаан нуур, “Хүй долоон худаг”-т байрлах фермерүүдэд хэрэгжиж байна. Монголын анхны сүүний кластер ферм бий болгох ажил 2018 оны зургадугаар сараас эхлэн 2018 оны наймдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийж, дээрх хоёр төсөлд тус бүр 40 саалийн үнээтэй 10 өрх нийт 400 үнээтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. ХААН банк болон сүү, сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч “АПУ Дэйри” ХХК хамтран энэхүү фермер өрхүүдийг нэгтгэн, олон улсын жишигт нийцсэн загвар фермийн төслийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр болсон нь бодит ажил юм.
Фермийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад ХААН банкнаас хөнгөлөлттэй нөхцөл бүхий жижиг, дунд бизнесийг дэмжих зээл олгон хамтарч байгаа бол АПУ Дэйри ХХК фермээс бэлтгэгдсэн сүүг тогтвортой үнээр жилийн 4 улирал худалдан авч боловсруулан хэрэглэгчдэд хүргэх, “Нүүдэлчин Агро Ферм” ХХК нь хөдөө аж ахуйн мэргэжилтэн, бэлтгэн нийлүүлэгчдийг нэгтгэх замаар өртгийн сүлжээг бий болгон хөгжүүлэхээр ийнхүү зорилгоо нэгтгэсэн байдаг.
-Фермерүүдийг ямар бодлогоор дэмжих хэрэгтэй вэ?
-Фермерүүд төвлөрсөн хотын хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр тогтмол хангахад ихээхэн үүрэг хүлээдэг бас ч тэдний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа гэж бодож явдаг. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдээ улс, аймгаас хөнгөлөлт үзүүлж, аж ахуй эрхлэгч нарт бага хүүтэй зээл олгох, зарим тоног төхөөрөмжөөр хангах, газрын асуудлыг нь шийдэж өгөх гэх зэрэг асуудлыг бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй.
Үхрийн аж ахуй нь гарааны хөрөнгө оруулалт их шаарддаг их хэмжээний мөнгө яригдаж урт хугацааны дараа үр шимээ өгч эхэлдэг учраас дөнгөж эхлэлээ тавьж буй хүмүүст нэлээд хүндрэлтэй байдаг. БНХАУ-д өдөр бүр хүүхдэдээ сүү өгдөг гэтэл яагаад Монгол Улсын хүүхдүүд эко сүүгээ өдөр бүр ууж болохгүй гэж гэсэн бодолтойгоор өөрсдийгөө цэнэглэдэг дээ. Манай жижиг ферм 40 үхэртэй, “АПУ Дэйри” ХХК-д сүү нийлүүлдэг. Бид эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нарт тоног төхөөрөмжийн тусламж, сургалт үйлчилгээ, зөвлөгөө явуулдаг. Олон улсын хөдөө аж ахуйн салбартай танилцаж явахад Франц, Турк, Унгар улсын загвар их зүгээр санагдсан. Нэг айлыг 20-30 га газартай болгоод 20-40 үхэр тэжээгээд, өрхийн фермийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд л улс орны хөгжилд маш их түлхэц болох юм билээ. Аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд суурь ухагдахуун, суурь эхлэл зөв байх ёстой. Жижигхэн ажлыг ч жижиг гэж орхигдуулахгүйгээр арвич хямгач байдлыг амьдралдаа хэвшил болговол зүгээр санагддаг. Жишээлбэл, нэг ширхэг хадаас ч сугарсан байсан хадчихдаг, газар хэвтэж байвал аваад далд хийчихдэг, нэг ширхэг будаа ч байсан үхрийнхээ аманд хийчихдэг байх чухал. Иймд аж ахуйч, арвич хямгач, цагийн юмыг цагт нь хийж чадвал тэгээд л аяндаа бүх зүйл сайхан болно доо. Зөвхөн өнөөдөртөө биш урт хугацаандаа алсыг хардаг байх хэрэгтэй. Нэгэн үеийнхэн эхлүүлж, хөгжүүлж, нэгэн үеийнхэн үр жимсийг нь түүдэг гэдэг. Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй бол хүний амьдралын нэгэн үеэр яригддаг хэд, хэдэн үеэрээ үр хүүхдэдээ уламжлаад хөгжүүлж явдаг онцлогтой л доо.
МОНГОЛ УЛС НҮҮДЛИЙН, БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГАА ЭРЧИМЖҮҮЛЖ, САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
“Sommet de l’Elevage” үзэсгэлэн, худалдааг хариуцсан ТУЗ-ийн ерөнхийлөгч, хонины аж ахуй эрхлэгч Жак Шазалет:
-Монгол, Франц улсын эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хамтын ажиллагааны талаар та юу хэлэх вэ?
-Монгол, Францын энэ хамтын ажиллагаа хоёр улсын хувьд аль аль талд сонирхолтой, үр бүтээлтэй эхэлж байна. Монгол Улс хоёр том хөршийн дунд оршдог, мал аж ахуйг хөгжүүлж буй орон. Тийм учраас хөдөө, аж ахуй, тэр дундаа нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлж сайжруулах шаардлага байна гэж үзэж байна. Энэ тал дээр Франц улс дэмжлэг үзүүлэх нь эргээд танай орны хөдөө аж ахуйд, мал аж ахуйд нэмүү өртөг бүтээх, хоёр хөршөөс зарим салбараар хамаарч буй байдлаас харахад стратегийн хувьд чухал хэмээн бодож байна.
-Монгол Улс олон улсын үзэсгэлэн-худалдаанд оролцохын ач холбогдол юу байх вэ?
-Европын мал аж ахуйн хамгийн том үзэсгэлэн худалдаа “Sommet de l’Elevage” энэ оны 10 дугаар сард болно. Монгол Улс энд оролцсоноор нэг талаас хөдөө, аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт хоёр орны хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна гэж үзэж байна. Нөгөө талаар Монголын талын малчид Францын хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, тэргүүний арга барил, давуу талуудтай танилцаж, судалж суралцах, цаашид хамтран ажиллах боломжуудыг нээхэд дөхөм болно.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ