"Ц.Элбэгдоржийн туршлагыг олон улсын ардчилагчид үнэлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

"Ц.Элбэгдоржийн туршлагыг олон улсын ардчилагчид үнэлсэн"

-Олон улсын Ардчилсан холбооны хуралд та оролцоод иржээ. Цар тахлаас болж хоёр жил өнжсөн уг чуулганаар олон улсын ардчилагчид ямар асуудалд онцгой анхаарав. Бас ямар зочид төлөөлөгчид оролцсон бэ?

-ОУАХ-ны Дээд хэмжээний уулзалт, Гүйцэтгэх Зөвлөлийн хурал, эмэгтэйчүүд болон залуучуудын байгууллагын хурлууд зэрэг боллоо. Энэ бүгдийг нийлүүлээд ОУАХ-ны форум гэж нэрлээд байгаа юм. Энэ удаагийн хурлын онцлог гэвэл Covid-19-өөс болж хоёр жилийн дараа биечлэн уулзсан, мөн Европын төвд дайны гал ид дүрэлзэж буй үед болсноороо их онцлог байлаа. Тийм ч учраас бараг бүтэн өдрийн хуралдаанаар Украины эсрэг ОХУ-ын хийж буй дайнтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Мөн энэ асуудлаар тусгайлан тогтоол гаргасан. Тус улсын Ерөнхийлөгч асан Порошенко, Ерөнхий сайд асан Тимошенко зэрэг Украины төр, нийгмийн зүтгэлтнүүд хуралд биечлэн оролцож үг хэлсэн.

-Украины эсрэг Оросын өдөөсөн дайныг эсэргүүцэж, Ерөнхийлөгч асан Элбэгдорж хуралд урилгаар оролцож, үг хэлсэн байсан шүү дээ?

-Тийм, Украины эсрэг явагдаж буй дайнтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Украинд дээд боловсрол эзэмшсэн, тэнд гэр бүлтэй болж, анхны үрээ тосч авч байсан хүний хувьд Украины талаар маш сайхан, халуун дотно үг хэлсэн. Энэ нь нийт төлөөлөгчид, тэр дундаа Украины төлөөлөгчид таалагдсан. Тэд маш их сэтгэл хөдөлж байгаагаа нуугаагүй, хариу талархал илэрхийлж байгаа харагдсан. Ялангуяа түүний хэлсэн “… Энэ дайн бол нийт хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл-эрх чөлөөний эсрэг дайн, Украины ард түмний чөлөөт ардчилсан замаар хийсэн сонголтыг нухчин дарах гэсэн дарангуйлагчийн өдөөсөн дайн. Энэ дайнд Украин ялах ёстой, ялах ч болно….” гэсэн үг хуралд оролцогчдын халуун дэмжлэгийг хүлээн авсан.

-Ази, Номхон далайн баруун төвийн үзэл баримтлалтай АН-ын даргаар Ц.Элбэгдорж ажиллахаар болсон гэл үү?

-ОУАХ-ны ээлжит форум уг нь 2021 онд болохоор төлөвлөгдөж байсан боловч цар тахлын улмаас хойшлогдсоор байгаад сая болж, удирдах бүрэлдэхүүндээ зарим нэг өөрчлөлт оруулж баталлаа. ОУАХ-ны Ерөнхийлөгчөөр Канадын 22 дахь Ерөнхий сайд асан С.Харпер улиран сонгогдсон. ОУАХ нь бүсүүдийн холбоодууд болж хуваагддаг бүтэцтэй. Бүс бүрээ төлөөлсөн дэд Ерөнхийлөгч сонгогддог. Ази, Номхон далайн бүсийг төлөөлж Ц.Элбэгдорж ажиллахаар боллоо. Энэ нь манай Ардчилсан намын нэр хүнд, байр суурийг харуулж байгаа үзүүлэлт, нөгөөтэйгүүр ОУАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Кристиан Картнерын хэлснээр Ц.Элбэгдоржийн олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд, нөлөө, түүний баруун төвийн үзэл баримтлалыг тууштай хамгаалан тэмцэж ирсэн туршлага бидэнд хэрэгтэй гэж хэлсэнтэй холбоотой.

Б.БАТ  

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж