Хоёр сарын өмнө монголчуудыг АНУ-ын дэмжлэгтэйгээр био лаборатори байгуулсан гэж хий хоосон хардаж суусан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монголд маргааш хөл тавина. Түүний айлчлалын хөтөлбөр одоогоор нууцын байдалд, ямар ч байсан уг айлчлалыг эсэргүүцэж, хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд жагсаал зохион байгуулахаар болсноо нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нүүр номоороо зарлах болсон билээ. Үнэндээ түрэмгийлэгчид, хүчирхийлэгчдийн эсрэг жагсах нь иргэд, олон нийтэд нээлттэй, Монгол Улс ардчилсан, тусгаар тогтносон орны хувьд. Хэдэн жилийн өмнө Хятадын удирдагч Ши Жиньпин Монголд айлчлах үеэр тухайн үед Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Х.Баттулга олимпийн аварга Н.Түвшинбаярыг дагуулаад эсэргүүцэл үзүүлж байсан тохиолдол бий.
С.Лавровын энэ удаагийн айлчлалын зорилго тодорхой бус, айлчлалаар юу хэлэлцэх талаар УИХ, Засгийн газрын гишүүд ч ойлголт багатай, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэвлэлд өгсөн мэдээллээс харахад ямар ч байсан түүний айлчлалаар шатахууны үнийн талаар ярилцах болов уу гэсэн хүлээлт монголчуудад байна.
Монгол, Оросын гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн оны байдлаар 1.9 тэрбум ам.доллар. Үүний 1.2 тэрбум ам.доллар нь ОХУ-аас худалдаж авдаг шатахуунд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шатахууны хэрэглээний 90 хувийг Оросоос, "Роснефть"-ээс хангадаг. Хамгийн өндөр үнээр оросууд монголчуудад шатахуун нийлүүлж ирсэн. Авчиг ямар далд санаа, зорилготой байлаа ч С.Лавровыг шууд хөөгөөд явуулчихаж болохгүй. Гэрээ ачаад ОХУ, Хятадаас холдоод явчих боломжгүй, буфер улсын хувьд. Гээд С.Лавровын өмнө бөхөлзөх бүр ч хэрэггүй.
НЭГ
С.Лавров мэдээж зугаалах гэж Монголд ирэхгүй нь лавтай. Улс төрийн хүрээнийхний хувьд төмөр зам, эрчим хүч, махны экспорт болон байгалийн хийн хоолойн төслийг ярилцах байх гэсэн таамаглалтай сууж байна.
Өнгөрөгч зургадугаар сард Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүлээн авалтын үеэр "Россельхознадзор"-ын төлөөлөгчид Монголын компаниудад мах, махан бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалж байгаагаа мэдэгдсэн байдаг. Өмнө нь өвчтэй, шүлхийтэй гээд өч төчнөөн шалтаг дурддаг байсан улс гэнэт найрсаг загнах болсон нь олон улсын хоригт орсонтой нь холбоотой.
Оросууд Тувагийн нутгаар дайруулан Орос-Монгол-Хятадын олон улсын тээврийн шинэ зурвас /коридор/ бий болгох төмөр замын бүтээн байгуулалт эхлүүлэхээр төлөвлөж буй. Тээврийн зурвас байгуулах төсөлд Кызыл (Тува)-Курагино (Красноярскийн хязгаар) чиглэлийн төмөр замыг Монголтой залгаа хил хүртэл дуусгах ажлууд багтсан. Өөрөөр хэлбэл, Тувагийн ордуудаас уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж, Монголын нутгаар дамжуулан Хятадад зарах нь оросуудад ашигтай ч биз. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа тарифын гэрээ байгуулсан. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “Манай улс нийтдээ 30 мянган тонн жонш голдуу бараа, бүтээгдэхүүнийг Оросын төмөр замаар экспортолдог. Гэтэл манай нутгийг дамжсан транзит тээврээр 17 сая тонн бараа, бүтээгдэхүүнийг оросууд Хятад руу гаргаж байна. Өөрөөр хэлбэл, бид 30 мянган тонн дээрээ тарифын хямдрал авчхаад, 17 сая тонн дээрээ тарифын хямдралаа алдаж байна. Тэгэхээр оросуудтай хийсэн энэхүү гэрээ манайд бус Орост илүү ашигтай гэрээ болсон” гэж шүүмжилж байсан ч удаа бий.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын хилээс 267 км зайд орших Гашуунсухайтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахаас өмнө Зүүнбаянгийн төмөр замыг тавьсан нь ийм далд зорилготой байсныг хэн мэдлээ. Урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барих УИХ-ын тогтоолыг өөрчилж байгаад, урагшаа өргөн царигтай төмөр зам тавьсан.
Түүнчлэн Ерөнхий сайдын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох, харин Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбохоор тусгагдсан. Мэдээж, оросууд төмөр замын болон автр замын төсөлд оролцох сонирхолтой байгаа нь лав. Нөгөө талаас эрчим хүчний төслүүдийг гацаах, зогсоохыг оролдох биз. Олон жил монголчуудыг молигодсоны хувьд оросуудтай одоо ил шулуун хэлэлцээ хийж, шударга наймаа ярих ёстой юм. Өөрөөр хэлбэл, оросуудад ашигтай, Монголд ашиггүй наймаа хийх хэрэггүй гэсэн үг.
ХОЁР
С.Лавровын айлчлал үнэндээ монголчуудад таалагдахгүй байгаа билээ. Оросуудаас болж олон улсын эдийн засгийн хоригт орчих вий гэсэн айдас, хүйдэс бол бий. Ямар ч байсан улсаа дэнчинд тавьж, С.Лавровыг хүлээн авч буйн хувьд шатахууны үнийг тогтворжуулах асуудлыг хэлэлцэх шаардлагатай.
Хэдийгээр газрын тосны үнэ дэлхийн зах зээлд он гарсаар 80 хувиар өссөн ч оросууд хамгийн өндөр ханшаар Монголд шатахуун нийлүүлдэг. Жишээ нь, Монгол Улсад нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ зургадугаар сартай харьцуулахад 15-35 хувиар өсчээ.
УУХҮЯ болон “Роснефть" компани хоорондын хэлэлцээрийн үр дүнд өнгөрсөн 4-6 дугаар сард Монгол Улс нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллараар худалдан авч, нэг литрийг нь зах зээлд 2390 төгрөгөөр борлуулж байсан. Уг гэрээг сунгах хүсэлтийг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагуудад хүргүүлсэн ч албан ёсны хариу одоогоор ирүүлээгүй байгаа аж. Хэрэвзээ, “Роснефть” УУХҮЯ-ны хүсэлтийг хүлээж авахгүй бол шатахууны үнэ 900 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа. Хэдийгээр үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон үгүйсгэж буй ч. Тиймээс С.Лавровын өмнө хөл алдан гүйгээд байлгүй өөрсдийнхөө эрх ашгийг ижилхэн тулгах ёстой юм. Товчдоо бол шатахууны үнийн өсөлт дээр импортлогч компаниудаа дарамтлах биш С.Лавровтой л маргааш учраа олох хэрэгтэй гэсэн үг.
Холбоотой мэдээ