Ерөнхий сайдын хэлдэгчлэн “амаргүй” жилийн /2021/ төрийн албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд хүрэв. Бизнесийн орчин хумигдсан, эдийн засаг -5 хувиар агшсан, иргэд халаасаа сэгсэрсэн үзүүлэлтүүд нүүрэнд үрчлээс нэмсэн жилийг албан тушаалтнууд ажрахгүй давжээ.
Ерөнхийлөгчийн ХОМ-ийг түншвээс 1 тэрбум 694 сая 823 мянга 360 төгрөгийн хадгаламж нь яг хэвээрээ. Ядаж хадгаламжийн хүүгээр өсмөөр… Машин, мотоцикльд нь өөрчлөлт гарсангүй. Ерөнхийлөгчийн орлого харин 12 гаруй сая төгрөгөөр буурчээ. Гэр бүлийн орлого тэг.
УИХ-ын эрх мэдлийг цар тахлын хуулиар засагт шилжүүлсэн жилүүдэд УИХ-ын даргын нийт орлого 506 саяас 60 сая болтлоо буурчээ. Гэхдээ гэр бүлийн орлого нь 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт бол амаргүй жилүүдийн амжилт билээ.
Ерөнхий сайдын хувьд нийт орлого нь буурсан харагдаж буй ч гэр бүлийн орлого нь хэвэндээ, хадгаламж нь 4 саяар өссөн, 70 гаруй сая төгрөгөөр мал, сүрэг нь өсчээ.
Төрийн гурван институцийг тэргүүлэгчид нэг иймэрхүү. Ерөнхийлөгчийн орлого буурсан хэр нь хадгаламж хэвээрээ, УИХ-ын даргын гэр бүлийн орлого нэмэгдэж, Ерөнхий сайдын мал сүрэг өсч байна. Хачирхалтай нь, тэдний ХОМ-т ганц нэг тоог эс тооцвол огт өөрчлөлт гарсангүй. Бараг л бэлгэдлийн чанартай гэмээр.
Цар тахлын эхэн үеийн "Төрийн хатан эрдэнэ", Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн ашиг орлого харин анхаарал татна. Түүний орлого сүүлийн гурван жилийн турш 4-5 саяар нэмэгдсэн бол гэр бүлийнх нь орлого гэрлийн хурдаар өсчээ. 2019 онд 397 сая төгрөг болж, гэр бүлийнх нь орлого буурсан бол 2020 онд 1 тэрбум 323 сая төгрөг, 2021 онд түүнээсээ гурав дахин, гурван жилийн өмнөхөөсөө бараг 10 дахин нэмэгдэж 3 тэрбум 119 сая төгрөг болтлоо өсчээ.
Ийнхүү цааш хараад байвал энэ хямралын үед сүйдтэй доошоо орчихсон албан тушаалтнууд тун чиг ховор. Сайд нараас Соёлын сайд Ч.Номин хөрөнгө, зоориороо тэргүүлж буй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ түүний хажууд хоосноороо дуудуулах хэмжээнд. Гэлээ гээд орлого нь нэмэгдэж явна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг удирдаж байхдаа 12 сая гаруй төгрөгийн орлоготой байсан бол сайд болсон жилдээ 110 сая төгрөгийн орлоготой болсон Гэр бүлийн гишүүд нь 2020 онд 10 сая гаран төгрөг олдог байсан бол 22 сая 850 мянга болжээ.
Шадар сайд С.Амарсайханы мэдүүлгийг харвал төрд уурлан уурлан зүтгээд байх хэрэггүй төдийгүй хэдэн зуун айлыг аваад явчихуйц чадалтай хүн гэдгийг нь мэдэх болно.
Албан тушаалтнуудын эдийн засгийг хараад байвал эдийн засагт ихээхэн ахиц дэвшил гарч буй мэт эерэг төсөөлөл төрмөөр. Гэтэл эдийн засгийн үзүүлэлт, бараа эргэлт, худалдан авах чадвар, хүн амын орлого, зарлагыг харвал хасах үзүүлэлтүүд дотор муухайруулна.
Хаалгаа барьсан хувийн хэвшлийн тоо одоо хэр нь нэмэгдсээр байна.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хийсэн судалгаагаар уул уурхайн 44 хувь, банк санхүүгийн 42 хувь, үйлчилгээний 42 хувь, тээврийн салбарын 41 хувьнь ажлын байр хадгалан үлдэхэд зориулсан санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна гэж үзжээ.
Эдийн засгаа аврахын тулд Монголбанкнаас мөнгө хэвлэж, Засгийн газраас 10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлсэн ч өнөөдөр иргэдийн амьдрал, бизнесийн орчинд хэрхэн нөлөөлснийг хэн ч хэлж үл зүрхэлнэ.
Нийт иргэдийн ашиг, орлого буурсныг өчнөөн олон тоо баримтаар нотлож болох ч үнэндээ тэгэх шаардлага алга. Учир нь, амьдрал ямаршуу байгааг уншигчид өөрсдөө мэдэж буй учраас олон арван хуурай тоо хэлэх нь илүүц биз.
Харин түүний оронд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн чуулганы индэр дээрээс хэлсэн үнийн өсөлтөд анхаарлаа хандуулъя.
- Төмс кг нь 970 төгрөгөөс 2500 төгрөг болж, 158 хувь буюу 2.5 дахин;
- Лууван кг нь 2000 төгрөгөөс 4700 төгрөг болж, 135 хувь буюу 2.3 дахин;
- Ургамлын тос литр нь 4300 төгрөгөөс 9500 төгрөг болж 121 хувь буюу 2.2 дахин;
- Байцаа кг нь 3000 төгрөгөөс 5200 төгрөг болж 73 хувь буюу 1.7 дахин;
- Элсэн чихэр кг нь 2700 төгрөгөөс 3750 төгрөг болж 39 хувь;
- “Атар” талх ширхэг нь 1280 төгрөгөөс 1700 төгрөг болж, 34 хувь;
- “Сүү” ХК-ийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27хувь;
- Цагаан будаа кг нь 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж 26 хувиар үнэ нь нэмэгджээ.
Үндэсний аудитын газраас гаргасан тайлангаар, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, өндөр өртөгөөр худалдан авалт хийсэн, зохисгүй зүйлд зарцуулсан талаар өнөөдөр УИХ-ын гишүүд мэдээлэл авч, “пүү паа” гэж шударгуу дүрд тоглож байна. Гэхдээ тэрхүү төсвийн зарцуулалтын утсыг нь хөөвөл хэд нь холбогдохгүй бол оо.
Тэд яаж, бид яаж амьдраад байгааг өөрсдөө нэг бодно биз ээ. Албан тушаалтнууд ард түмний төлөө гэх аж ахуйн нэгжээс татвар нэрээр авсан сүүгээ хөөрүүлээд, загссан өрмийг нь өөрсдөө аваад, сүүг нь ойр дотныхондоо өгөөд, хусмыг нь бидэнд өгсөөр уджээ.
Холбоотой мэдээ