Хиймэл дагуулаас авсан зургууд Хойд Солонгосын 176 мянган метр квадрат газар доорх асар том байгууламжийг илрүүлжээ. АНУ-ын судлаач Жейкоб Боглийн хийсэн дүн шинжилгээнээс үзвэл энэ том байгууламж нь олон давхар, асар урт хонгилтой аж.
20 мянга хүртэлх хүний багтаамжтай, 26 дугаар үйлдвэр гэгддэг эл байгууламж тус улсын хамгийн том далд зэвсгийн үйлдвэрт тооцогдож байна. Үйлдвэрийг гаднаас нь харахад, хэчнээн том болох нь хараахан мэдэгдэхгүй аж. Гадна талдаа уг үйлдвэр 50 орчим га талбайтай бөгөөд захиргааны байр, агуулах, ажилчдын хөлбөмбөгийн талбай зэрэг байгууламжтай. Жейкоб Боглийн дүгнэснээр, нутгийн уулсаар хүрээлэгдсэн эл үйлдвэр гаднаасаа хэвийн харагддаг аж.
Үйлдвэртэй зэргэлдээ орших толгодыг нэвтэлж орсон есөн хонгил байж болзошгүй бөгөөд яг хэдэн хонгил байгаа талаар нарийн тоо гаргаагүй аж.
Тус үйлдвэр нь өөрөө явагч их буу зэрэг сум үйлдвэрлэх үүрэгтэй. Мөн ойрын тусгалын баллистик пуужингийн эд ангиудыг үйлдвэрлэж, дараа нь угсрах зорилгоор бусад байгууламжид нийлүүлдэг. Уран баяжуулахад ашигладаг центрифугуудыг 90-ээд оны үед тус үйлдвэрт үйлдвэрлэж, хадгалж байсан гэж үздэг байна.
Ким Жон Ун 2019 онд тус үйлдвэрт зочлохдоо “Үндэсний эдийн засагт өндөр ач холбогдолтой техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэж, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж сайшаасныг “KCNA” агентлаг мэдээлжээ.
Үйлдвэрийг Солонгосын дайны дараахан байгуулсан байна. Гэвч 1991 онд томоохон дэлбэрэлт болж, дор хаяж 1000 хүн амиа алджээ. Дэлбэрэлт нэг км орчим талбайг хамарч, газар дээрх бүх байгууламжийг сүйтгэсэн аж. Илүү том дэлбэрэлт болохоос сэргийлж бүх гарцыг тухайн үед хаасан байна. Дараа нь талбайг цэвэрлэж, сэргээн засварлахад 3-4 жил зарцуулжээ.
Эх сурвалж: THE SUN
Холбоотой мэдээ