"Кью Эс Си" ХХК-ийн хийсэн ТЭЗҮ-ийг төр ашиглаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

"Кью Эс Си" ХХК-ийн хийсэн ТЭЗҮ-ийг төр ашиглаж байна гэв

"Кью Эс Си" ХХК-ийн хийсэн ТЭЗҮ-ийг төр ашиглаж байна гэв

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд "Шинэ сэргэлт-Монгол ган” хэлэлцүүлэг өнөөдөр/2022.07.04/ болж байна. Энэ үеэр “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нартай ярилцав.


“Кью Эс Си” компанийн захирал Э.ШИЖИР:

-Манай компани “Монгол ган” төслийг хэрэгжүүлэхээр 2014 оноос хойш тасралтгүй ажиллаж, 2021 оны есдүгээр сард техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ батлуулсан. Ямар нэгэн тодорхой бодитой шаардлагагүй гэнэтийн шийдвэрээр концессын гэрээг цуцалсан. Үүнээс хойш гангийн үйлдвэр барихад ямар асуудал байна вэ, үүнийгээ тодорхой ярилцъя гэж хандсан. Гэтэл концессын гэрээг цуцалсанаас хойш энэ асуудлаар тодорхой уулзалт хийсэнгүй. Өнөөдөр “Шинэ сэргэлт-Монгол ган” төслийн хэлэлцүүлэг болох гэж байна гэсэн. Угтаа концессын гэрээний дагуу өнгөрсөн жил ТЭЗҮ-ээ батлуулсан юм. Үүнээс хойш инженерийн нарийн зураг дизайнаа шалгаруулах байдлаар ажил эрчимтэй явж байсан ч зогсонги байдалд орсон. Харин одоо ажил дахиад хэлэлцүүлгийн шатанд орсон нь жаахан харамсалтай байна. Энэ хэлэлцүүлэгт оръё, дуу хоолойгоо албан ёсоор хүргэе гэсэн ч танхимд эргэн оруулахгүй гэж байх шиг байна. Яг л бидний бэлтгэж, хянаж байсан танилцуулгыг энэ хүмүүс ярилцаад сууж байна. Оруулахгүй гэлээ. Ямар ч байсан ярьж байгаа асуудлуудыг нь сайн сонсъё. Цаашдаа бид гангийн үйлдвэрээ барьж байгуулна гэсэн зорилгодоо хэвээр үлдэнэ. Энэ үүсээд буй асуудлын талаар бидэнтэй ярилцах байлгүй дээ гэсэн бодолтой байна.

-Танай боловсруулсан гангийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг төр ашиглаад байна гэж ойлгож болох уу?

-Өнгөрсөн жил бидний гүйцэтгэж, батлуулсан тэр ТЭЗҮ-ийн дагуу л хэлэлцүүлэг болж байна. 2021 оны есдүгээр сард батлагдсан ТЭЗҮ дээр байсан технологийн асуудлыг одоо ярьж байх шиг байна. Урьд нь шууд ангижруулсан төмөр болоод шууд ангижруулсан төмрийн технологиор явбал дараа нь цахилгаан нуман зуух буюу эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий технологийн шугам ашигладаг. Энэ бол Монголд эрчим хүчний эх үүсвэр хүрэлцээгүй, эрчим хүчний төслүүд яваагүй байгаа учир энэ хэлбэрээрээ цааш үргэлжлэх боломжгүй гэж үзээд, домайн зуух буюу цахилгаан эрчим хүчний хувьд хэмнэлттэй аргаар, гэхдээ нэмэлтээр коксын үйлдвэр нэмж барихаар тусгасан юм.

-Засгийн газар энэ асуудалд оролцох хүртэл танай компаниас ямар ажлууд хийсэн байсан юм бэ?

-Ерөнхийдөө уул уурхай, металлургийн цогцолбор гэсэн томоохон төсөл бий. Энэ төсөл нь олборлолтоос эхлээд эцсийн ган бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагын ажлуудыг бид гүйцэтгэх юм. Олборлолтын тоног төхөөрөмж, баяжуулах үйлдвэр түүнд шаардлагатай дэд бүтцийн ажлууд, дараагийн шатны баяжуулах ажил гэх мэт зүйлс шат дараалалтай байгаа юм. Монгол ган цогцолбор нь энэ уул уурхайн металлургийн төслийн эцсийн шатанд хийгдэх чухал хүчин зүйл нь.

-Танай компани Хөгжлийн банкны зээлээ төлчихсөн. Одоо дахиад Засгийн газартай хэлэлцээр хийе гэж байгаа юм байна. Нөгөө талаас хариу ирүүлсэн үү?

-Хоёр талаасаа энэ төслийг цааш нь хэрэгжүүлэхийн тулд ямар нөхцөл байдал, шийдэл, гарц хэрэгтэй вэ гэдгийг ярилцъя. “Кьс Эс  Си”-ийг оруулахгүй гэсэн шийдвэр гарч магадгүй. Тэгвэл бидний өмнө оруулсан 800, 900 сая, тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт яах юм бэ? Энийг л шийдэж, гаргалгаагаа гаргая гэж хандсан. Гэтэл одоо болтол бидэнтэй уулзаж, ширээний ард суугаагүй байна. Ерөнхийдөө шүүхийн шатны процесс л албан журмаар явагдаад байгаа юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ:

Аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тавигдаж буй үндсэн асуудлуудын нэг нь Монголд гангийн үйлдвэрлэл хөгжүүлэх. Нэн ялангуяа Дархан, Сэлэнгэ, Булганы бүс нутагт иж бүрэн гангийн цогцолбор үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтыг Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсний үндсэн дээр гангийн үйлдвэрлэлийг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр болж буй хэлэлцүүлгээр өмнө хийгдэж байсан ТЭЗҮ, судалгаанууд дээр тулгуурлан “Монгол ган” цогцолбор байгуулах ТЭЗҮ-ийн судалгааныхаа үр дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг маягаар санал бодлоо хуваалцах форум зохион байгуулж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрөө санаачлаад, энэ төслийг энэ ондоо багтаан хэрэгжүүлж эхлэхээр танилцуулгыг хийлээ. Энэ танилцуулгаар бид жилд 350-400 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай, технологийн хувьд мини домайн зуухны технологиор цогцолбор үйлдвэрлэх байгуулах төслийг танилцуулж байна. Энэ нь хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа. Тодруулбал, аргалж, хорголж, домайн зуух, дэд бүтэц, логистик зэрэг бүрэлдэхүүн хэсэгтэй. Бид судалгааны үр дүнд эрчим хүч, логистикийн асуудалд их ач холбогдол өгч байна. Энэ үйлдвэрийг байгуулахад эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай. Бидний судалгаагаар жилд 70 мегаватт эх үүсвэр шаардлагатай. Үүнийг өнөөгийн Дархан цахилгааны станцад өргөтгөл хийх хэлбэрээр шийдэж болох хувилбарыг бид танилцуулж байна. Мөн жилд 200 мянган тонн кокс, 400 мянган тонн аргалж, 600 мянган тонн хорголж үйлдвэрлэх гэсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дамжлагатай. Энэ ажлыг 2022 онд эхлүүлбэл 2025-2026 онд 100 хувь энэ үйлдвэрийг ашиглалтад оруулна.

-Энэ шинээр боловсруулсан төсөл юм уу, эсвэл өмнө нь боловсруулсан төслийн агуулга уу?

-Энэ олон жилийн судалгааны үр дүн гэж ойлгож болно. Өмнө төсөл хэрэгжүүлсэн компани энэ үйлдвэрийг барих судалгаа буюу ТЭЗҮ дээр тодорхой хэмжээнд ажиллаж байсан зүйлүүд бий. Ялангуяа Канадын мэргэжлийн байгууллагатай хамтран судалгааны ажлуудыг хийж байсан. Энэ бүх өмнө нь хийж байсан судалгаанууд дээр үндэслэн бид яг Монголд тохирох техникийн шийдлийг гаргаж ирж байгаа юм.

-“Кьс Эс Си” зээлээ төлчихсөн. Одоо талууд яах юм бэ? Хэлэлцээрийн ширээний ард суух санал тавьсан байна шүү дээ.

-Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлийн тодорхой хувийг төрийн өмчийн болон төрийн компаниуд авсан. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барих, дэд бүтэц бий болгоход тодорхой хэмжээний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орсон асуудал бий. Сая Худалдаа хөгжлийн банк гэхэд 200 орчим тэрбум төгрөгийг төллөө. Энэ бол том зургаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авсны үр дүн гэж харж болно. Ямар ч байсан өр төлбөр барагдаж байна. Одоо бол төсөл хэрэгжүүлж байсан этгээдээс хэлэлцээрийн ширээний ард суун ажлаа дүгнэе гэдэг санал хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Засгийн газар холбогдох түвшинд ажиллаж байна. Ойрын үед тодорхой үр дүн гарах байх.

-Та бүхний танилцуулж буй энэ төсөл өмнөх компанийх нь боловсруулсан төсөл юм биш үү? Ингэхдээ хувийн хэвшлээсээ зөвшөөрөл авсан юм уу?

-Шууд хэлэхэд ТЭЗҮ-ийг хийхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мөнгө гарсан шүү. Энэ ТЭЗҮ-ийг 250 мянган ам.доллараар хийсэн юм байна лээ. Энэ ТЭЗҮ-ийг бид тодорхой түвшинд нь шинэчлэх ажлыг хийж байна. Тиймээс энэ ТЭЗҮ-ээр 100 хувь явж болохгүй юм байна лээ. 250 мянган ам.доллар бага мөнгө биш биз дээ? Нэгэнт мөнгө зарсан ажил, бид авах юмаа авна. Судалгаа, технологи гэдэг зүйл нь олон улсын түвшинд судлагдсан, 3-4 төрлийн технологи байна. Үүнээс Монголд тохирох технологийг нь л сонгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж