Хилийн ойролцоох Белгород хот руу Украин пуужин харвасан гэж Оросын тал мэдэгдэв. Пуужин харвасны улмаас гурван хүний амь эрсдэж, олон арван байшин сүйрчээ. Мөн Москвагийн зүүн нутгийн Лисычанск хотыг эзэлсэн гэж мэдэгдсэн байна.
Aмбан захирагч Вячеслав Гладков өөрийн “Telegram” хуудастаа доод тал нь 11 орон сууц, 39 хувийн байшин, 5 байшин бүрмөсөн сүйрч нурсан гэж нийтэлсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков “Энэхүү пуужингийн дайралтыг зориудаар төлөвлөж, Оросын энгийн иргэдийг онилсон гэж онцлон тэмдэглэж байна” гэв. Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчнийхэн Украины хөөргөсөн “Точка-У” кластерийн гурван пуужинг олж, устгасан гэж мэдэгдэв.
Бараг 400 мянган хүн амьдардаг Белгород хотын нэгэн оршин суугч "Дэлбэрэлт өглөөний 03:00 цагийн үед болсон" гэж "Ройтерс" агентлагт ярьжээ. Тэрбээр "Маш хүчтэй дэлбэрэлт болсон тул огло үсрэн босч, маш их айж, хашгирч эхэлсэн" гэж хэлсэн байна. Өөр нэгэн оршин суугч "Пуужин миний гэрээс 20 метрийн зайд орших орон сууцны барилгыг оносон. Манай байшингийн бүх цонх хагарч, хаалгууд цөмөрсөн" гэжээ.
Оросын парламентын ахлах гишүүн Андрей Клишас Украины хилээс хойд зүгт 40 км-ийн зайд орших Белгород хотыг харвасан гэж Киевийг буруутгаж, хатуу хариу арга хэмжээ авахыг уриалав. Украины талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. "Ройтерс" агентлаг бие даан Оросын талын мэдүүлгийг шалгах боломжгүй байна гэжээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ