Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа.
-Дэлхий даяар Covid-19 цар тахал, экспортын саатал, геополитикийн хурцадмал байдлаас үүдэн амаргүй цаг хугацааг даван туулж байна. Та олон улсад 30 гаруй жил ажилласан туршлагатай хүний хувьд нөхцөл байдлын талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Сайн байна уу? Танд болон миний ярилцлагыг уншин суугаа бүх хүнд энэ өдрийн мэнд хүргэе. Covid-19 цар тахал дэлхийг маш их өөрчилж байна. Таны хэлсэнчлэн эрүүл мэнд, амь нас, боловсрол, эдийн засаг, экспорт импорт, геополитик гээд том, жижиг олон асуудалтай дэлхий нүүр тулсан. Гэхдээ ямар ч бэрхшээлийн цаана жижигхэн ч болтугай давуу тал байдаг. Би энэ талаас нь харж ярилцъя гэж бодож байна.
- Дэлхийн эрүүл мэндийн салбар үсрэнгүй хөгжлөө гэж харж байна. Хамгийн багадаа 5 жил судалгаа, туршилт хийгддэг вакциныг нэг жил гаруйн хугацаанд л бүтээлээ шүү дээ. Үүнээс өөр турших хугацаа байхгүй, яаралтай байсан хэдий ч энэ бол амжилт мөн. Мэдээж илүү сайжруулах хэрэгтэйг үгүйсгэхгүй.
- Дэлхийн улс орнууд экспорт, импорт, геополитик, хүн ам гээд бүх зүйлээрээ хоорондоо ямар их нягт холбоотойгоо дор дороо маш сайн ойлгож байна. Нэг улсын хил хаагдахад л нөгөө улсын экспортын орлого унаж, импортын нийлүүлэлт зогсдог. Үр дүнд нь аж үйлдвэрлэл, бараа материал тасалдаж, тухайн өрхийн орлогоос эхлээд улсын эдийн засаг хүртэл хямарсан. Дэлхийн 200 орчим улс орны 7 тэрбум гаруй иргэн бид нэг л гэр бүл шүү дээ.
- Хүн төрөлхтөн бид хөгжихийн хэрээр байгаль дэлхийгээ сүйтгэх болсон. Гэхдээ үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт хүн төрөлхтөн байгаль дэлхийн өмнө ямар хүчин мөхөс, сул дорой вэ гэдгээ мэдэрч байна. Ганцхан цар тахлаар дэлхийн хэдэн сая хүн жам бусаар хорвоог орхив? ХҮН гэх манай төрөл анх үүсэхдээ ногоон дэлхийд л ирсэн шүү дээ. Тиймээс эх дэлхийгээ ногоон чигээр нь байлгахын төлөө, хайрлаж хамгаалахын төлөө хүн бүр, байгууллага бүр ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй.
- Мөн хамгийн гол том өөрчлөлт бол яах аргагүй цахим шилжилт. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цахим шилжилт эрчимтэй явагдах болсон. Нэгэнт эхэлсэн байсан энэ шилжилтийг Covid-19 цар тахал илүү хурдасгаж, эрчимжүүллээ. Хамгийн энгийн жишээ дурдахад, Монголд сүүлийн хоёр жилийн хугацаанд бараа материалаа цахим орчинд байршуулж борлуулаагүй наймаа эрхлэгч байхгүй дээ (инээв.сурв).
-Худалдаа хөгжлийн банк цар тахлын хүнд үед ямар менежментээр, хэрхэн ажиллаж байна вэ?
-Худалдаа Хөгжлийн банкны хувьд цар тахлын үед харилцагчдынхаа бизнесийн нөхцөл байдалд тохируулан, уян хатан арга хэмжээнүүд авч, хамтдаа хичээн ажилласан. Түүнчлэн эдийн засаг, зах зээлд үзүүлж буй цар тахлын нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын төр засгаас болон төв банкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож, харилцагчдаа дэмжиж ажиллаж байна. Жишээ нь, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 76 тэрбум төгрөгийн “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийг ноос ноолуур, газар тариалан, мах, гурил, арьс ширний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг харилцагчдад олгосон юм. Гэх мэтчилэн цаашид ч Монгол Улсн Засгийн газраас хэрэгжүүлж буй цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгох "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг баримтлан ажиллана.
Мөн харилцагч иргэд болон байгууллагууддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү хялбар хүргэхийн тулд цахим шилжилт эрчимтэй хийж эхэлсэн. Ингэснээр цар тахлын хөл хорионы үед нэн шаардлагатай шийдвэрлэх асуудал, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ цахимаар хүргэж чадсан. Гэхдээ зөвхөн цар тахлаас болж ингэсэн юм биш. Эхэлсэн байсан цахим шилжилтээ илүү хурдасгаж, илүү сайжруулсан. Цаашид ч банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахим банкаар шийддэг болохын төлөө ажиллана. Бас нэгэн жишээ дурдахад, 2021 оны ХХБ-ны байгууллагын зах зээлийн 29.1 тэрбум төгрөгийн зээлийг харилцагч өөрөө TDB Online үйлчилгээг ашиглан авсан байна. Харилцагчийн цагийг хэмнэж, өөрөө өөртөө үйлчлэх боломжийг цахим банк л олгож байна шүү дээ.
-Та сая ХХБ цаашид банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар шийддэг болно гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-ХХБ стратегийн хувьд Олон Улсын банк, Дижитал банк, Харилцагч төвтэй банк болох гэсэн үндсэн гурван зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, банк санхүүгийн салбар өөрөө цахим шилжилтийг маш сайн, амжилттай хийхгүй бол харилцагчдаасаа хоцорно. Цаг үе өөрчлөгдөж байна, дэлхий өөрчлөгдөж байна. Намайг таван настай байхад ямар ухаалаг төхөөрөмж байлаа гээд бод доо, та. Гэтэл одоо 5 настай хүүхэд бидний үеэс илүү ухаалаг төхөөрөмжүүдийг чадварлаг ашигладаг болсон байна. Тэд бидний ирээдүй. Ингэхээр цахим суваг, ухаалаг төхөөрөмжгүй банкны үйлчилгээ төсөөлөгдөхгүй байгаа биз дээ. Мэдээж нэг өдөр л аяга хөмрөхтэй адил бүгдийг шийдэж чадахгүй. Алхам алхмаар урагшилж, сайжруулсаар л байх болно. 2021 онд ХХБ-ны хэмжээнд нийт гүйлгээний 96.7 хувь нь цахим сувгаар хийгдсэн байна. Энэ тоо цаашид зөвхөн гүйлгээ гэдгээр хязгаарлагдахгүй. Банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамруулахын төлөө ажиллана. Ингэж л бид ДИЖИТАЛ БАНК болох юм.
-Хувь хүний мэдээлэл, аюулгүй байдлын талаар сүүлийн үед нэлээд нухацтай яригдаж байна. Тэр дундаа банкны салбарт харилцагчийн мэдээлэл маш чухалд тооцогддог байх. Худалдаа хөгжлийн банк цахим банкны аюулгүй байдлын хүрээнд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Мэдээлэл, аюулгүй байдлын хүрээнд бид олон улсын стандартын дагуу ажилладаг. Миний хувьд хамгийн анх 1995 онд цахим банкны үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд гар бие оролцож явсан. Үүнээс хойш олон улсын хэмжээнд долоон банкинд цахим банкны үйлчилгээ нэвтрүүлэхэд баг хамт олноо удирдан чиглүүлжээ. Энэ ч утгаараа мэдээлэл, аюулгүй байдлын эрсдэл үүсгэхгүйгээр цахим банкны үйлчилгээ нэвтрүүлэх, хөгжүүлэх туршлагатай гэж хэлж болно. ХХБ-ны мэдээллийн систем маань өөрөө 24 цагийн хяналттай. Та манай банкны харилцагч, хэрэглэгч байлаа гэхэд таны мэдээлэл өөр газар тарахгүй. Мөн гүйлгээ бүрийг нарийн хянадаг учир хэвийн бус гүйлгээ хийгдсэн тохиолдолд заавал нягталж судалдаг. Хяналтын үйл явцыг маш ухаалаг хиймэл оюун хийдэг зэрэг олон дэвшилтэт технологи ашиглаж байна. Гэвч бид санаа амрахгүйгээр илүү хөгжүүлж, илүү аюулгүй, эрсдэлгүй байлгах талаар ажилласаар л байх болно. Ингэхдээ илүү инновацлаг, дэвшилтэт технологи ашиглан хэрэгжүүлнэ дээ.
Би Монгол Улсад ирээд, хүмүүсийн гар утас хэрэглэж буй байдал, цахим банкны өндөр хэрэглээг хараад маш их гайхсан. Ингэж төсөөлөөгүй байсан хэрэг л дээ. Олон улсын хэмжээний түвшинд, бараг хүн болгон ашиглаж, хэрэглэж чаддаг юм байна. Монгол Улсын хүн ам нэлээн залуу байгаатай ч холбоотой байх. Бидэнд асар их нөөц боломж байна. Нөгөө талаас мэдээллийн аюулгүй байдлыг улс даяараа анхаарах ёстой. Энэ он гарснаас хойш 5523 залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн гэсэн. Тиймээс хувь хүмүүс ч өөрсдөө анхаарч, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
-ХХБ-ны стратегийн гурван том зорилгын тухай та дурдлаа. Олон улсын банк болох стратегиасаа хуваалцахгүй юу. Олон нийтийн дунд ХХБ-ийг Олон улсын гэдгээр ер нь илүү мэддэг шүү дээ?
-Тийм ээ, энэ бол хэн ч маргахгүй үнэн. ХХБ 2007 оноос хойш олон улсын зах зээлд нийт 1.14 тэрбум ам.доллартай тэнцэхүйц таван удаагийн бондыг амжилттай арилжаалж, харилцагчдадаа хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулах болон худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол Улсын гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 40 орчим хувийг дангаар гүйцэтгэж байна. Энэ хүрээндээ олон улсын нэр хүнд бүхий 300 гаруй банк, санхүүгийн байгууллагатай корреспондент банкны харилцаа тогтоон хамтран ажиллаж, 16 төрлийн валютаар дэлхийн аль ч улс руу гадаад гуйвуулга хийх үйлчилгээ үзүүлдэг. Дайны энэ үед ч гадаад гуйвуулгын ямар ч гацалтгүй үйлчилгээг ХХБ хийж байна.
Түүнчлэн олон улсад буюу Токиод төлөөлөгчийн газартайгаар салбартаа тэргүүлж ажиллаж байна. Энэ тоог цаашид нэмнэ. Австрали, Вьетнамын банкууд зөвхөн дотоодын зах зээлээс гадна олон улсын зах зээл дээр ч ажилладаг. Бид ч чадна гэдэгт итгэлтэй байна.
Даяарчлагдсан энэ дэлхийд зөвхөн дотооддоо бизнес хийнэ гэдэг ойлголт алга болсон. Хэн хэзээ ч, хаана ч хүрч бизнес хийх боломжтой. Гагцхүү багахан дэмжлэг хэрэгтэй. ХХБ өөрөө олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн Олон улсын банк байснаараа харилцагчдынхаа ар тал, дэмжих дэмжлэг, түлхэх хүч нь болж чаддаг. Та бүхэн уншсан байж магадгүй. Гэхдээ би "Эм Пи Ай Консалтанс" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Гансүхийн ярьсныг жишээ болгож давтмаар байна.
“…2015 онд Монгол Улсад Японы засгийн газрын тусламжтай шинэ нисэх онгоцны буудал байгуулах ажил эхэлсэн. Үүнтэй холбоотой “Нисэх буудлын түлшний хангамжийн систем” бий болгох, хэрэгжүүлэх төслийн тендер Монголд анх удаа зарлагдсан. Тендерт оролцсон компаниуд дунд Монгол ганцхан компани байсан нь "Эм Пи Ай Консалтанс" юм. Тендерийн шаардлагын дагуу хэдий тэд шалгарсан ч санхүүжилт авахгүйгээр ажлаа эхлэх ёстой байсан. Ингээд ХХБ-д хүсэлт гаргаж, хоёр төрлийн баталгаа гаргуулсан байгаа юм. Нэг нь тендерийн урьдчилсан төлбөрийн баталгаа, нөгөө нь гэрээний гүйцэтгэлийн баталгаа. Нийт дүнгээрээ 250 сая гаруй иен буюу зургаан тэрбум гаруй төгрөгийн баталгаа юм. Ийнхүү Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлын түлш хангамжийн системийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байдаг…”
Одоо Монгол Улс ямар гоё нисэх буудалтай болсон байна, тийм ээ. Ийм л том төслийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх баталгааг ХХБ хийж чаддаг.
-Олон улсын банк гэх ойлголттой хамт Ногоон банк гэдэг үг заавал хамт явдаг. Худалдаа хөгжлийн банк Ногоон банк болох зорилт тодорхойлсон. Энэ хүрээнд “Climate 30+ Ногоон сэргэлтийн хөтөлбөр” санаачлан эхлүүлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт, үр өгөөжийн талаар ярихгүй юу?
-Маш зөв асуулт тавилаа. ХХБ нь Олон улсын банк болох стратегийн зорилгын хүрээнд НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн Монгол дахь үндэсний итгэмжлэгдсэн байгууллага болсон. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, Ногоон банк болох гэсэн зорилтуудыг тодорхойлж, эдгээрийн биелэлтийг хангахад чиглэсэн “Climate 30+ Ногоон сэргэлтийн хөтөлбөр”-ийг санаачлан эхлүүлээд байна. Ногоон зах зээлийн хувьд бид зөвхөн Монголд гэлтгүй олон улсад эдийн засгийг дэмжих, санхүүжилтийг дэмжихэд маш их боломж, потенциал байгаа гэж хардаг. Монголын нийт банкны зах зээл дээр 20 тэрбум ам.долларын зээл гаргаснаас 20.5 хувь нь ногоон эх үүсвэр, ногоон зээл байсан.
Бид Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB) болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк (IBEC)-аас тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд ам.долларын санхүүжилтээр хамтран ажилладаг. ХХБ зөвхөн 2021 онд л гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 1.29 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Зөвхөн Байгууллагын сегментийн харилцагчдад л гэхэд Тогтвортой ус хаягдлын хэрэглээ, Эрчим хүчний хэмнэлт, Бохирдлоос сэргийлэх бууруулах чиглэлийн хүрээнд нийт 29.3 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлж, 6.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Түүнчлэн Бизнесийн ногоон зээл бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээс хойш санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь нэг жилд 38.3 сая кг СО2 (нүүрсхүчлийн хий) хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад багагүй түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.
Мөн Монголбанк, Олон улсын санхүүгийн корпорац, Монголын тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн холбооноос хамтран гүйцэтгэдэг ТоС-ийн хэрэгжилтийн үнэлгээнд “A” үнэлгээ авч, 2021 оны Онцлох ТоС банк, 2022 оны Тогтвортой санхүүжилтийн Манлайлагч байгууллагаар шалгарсан амжилттай.
-Ногоон бизнес, ногоон бүтээгдэхүүн, ногоон хэрэглээ зэргийг дэмжих бүх төрлийн НОГООН ЗЭЭЛүүд хүү шимтгэл багатай, нөхцөл сайтай байдаг. Бусад зээлүүдийн хувьд ямар онцлогтой вэ? Банкууд их ашиг олохын тулд зээлийн хүүг өндөрт хадгалдаг гэсэн шүүмжлэл их гардаг.
-Ногоон бизнесийн зээлийн хувьд хүү маш бага. Иргэдэд зориулсан ногоон зээлүүд ч бусдаасаа давуу талтай. Ийм байх нь ч зөв. Бусад зээлийн тухайд ярихад, Нэгдүгээрт арилжааны банкны зээлийн хүү төв банкны бодлогын хүүгээс хамаарч тогтдог. Хэн дуртай банк нь нэмээд, эсвэл буулгаад байдаг ойлголт биш. Төв банк гэхээр тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарна аа гэсэн үг. Хоёрдугаарт, зээлийн хүү зээлийн эх үүсвэртэй уялддаг. Зээлийн эх үүсвэр нь харилцагчийн харилцах, хадгаламж зэргээс бүрддэг. Гэхдээ бид зээлээ илүү олон эх үүсвэртэй байлгахын тулд олон улсын байгууллагаас, олон улсын зах зээл дээрх бондоос гэх мэтээр өргөжүүлэн ажилладаг.
2021 оны Монгол Улсын банкны системийн нийт байгууллагын зээлийн үлдэгдлийн 3.24 их наяд төгрөг нь ХХБ-нд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн багцаар зах зээлийн 46.4 хувийг эзэлж байгаа юм. Яагаад зах зээлийн 50 шүргэх хувь нь манай зээлээр бизнесээ тогтворжуулж, өргөжүүлдэг гэж бодож байна? Бизнесийн зээлийн хүү бага, хугацаа урт, уян хатан нөхцөлтэй, хамтран ажиллахад таатай байдаг учраас шүү дээ. Тэгвэл зээлийн хүү яаж бага байж чадаж байна вэ? Дотоод, гадаадын эх үүсвэр хангалттай, найдвартай, баталгаатай байж чадаж байгаа юм. Энэ бүхэн яг л утсан хэлхээ шиг хоорондоо нягт холбоотой.
Бид цаашид зөвхөн корпорэйт зах зээл гэхгүй иргэдийн зах зээлд ч энэ боломжуудыг бий болгоно. Үүнтэй холбоотой шат дараалсан төслийн ажил ч эхлээд явж байна.
-Хоёулаа иргэдийн зах зээлийн тухай ярьж эхэлснийх үргэлжлүүлье. Иргэд ХХБ-ийг корпорэйт зах зээл рүү л үйл ажиллагаа явуулдаг гэж боддог. Таны ярианаас стратегийн хүрээнд бодлого өөрчлөгдөж байна гэж ойлголоо. Зөв үү?
-Маш зөв. Гэхдээ байгууллагын зах зээлийн манлайлагч байр суурь хэвээр байна. Өнөөдрийн том байгууллага 10, 20 жилийн өмнө жижиг дунд л байсан шүү дээ. Тэгэхээр өнөөг хүртэл явсан замаа үргэлжлүүлж, одоогийн жижиг дунд бизнес эрхлэгчдээ дараагийн супер том байгууллага болтол нь бид дэмжинэ.
Харин өөр нэг салаа зам нь бид Харилцагч төвтэй банк болох стратеги зорилгынхоо хүрээнд иргэдийн зах зээл рүү хүчтэй довтолж орно. Үүний эхлэл нь Бритто карт. Иргэд банкийг юугаар төсөөлдөг вэ? гэхээр хамгийн түрүүнд карт л байдаг. ХХБ-ны 2021 онд нэвтрүүлсэн Бритто олон улсын карт зүгээр ч нэг карт биш. Дэлхийд алдартай бразил зураач Ромеро Бриттогийн бүтээлийг оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа картын загварт буулгаснаараа онцлог. Мөн Ромеро Бритто зураачийн бүтээдэг Happy Art гэх урлагийн төрөл нь хүнд баяр баясал, аз жаргал, эрч хүч мэдрүүлдэг шидтэй. Цаашлаад нийгмийн сэтгэл зүйг ч гэрэлтүүлж чадна гэсэн үг.
Мөн иргэдийн хуримтлалтай болох дадлыг урамшуулж, дэмжих зорилготой "Хуримтлалтай Монгол" аян сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Аяны хугацаанд сар бүр харилцагчид маань урамшууллын эзэн болж байна. Тухайн улсын иргэдийн хэдэн хувь нь хадгаламжтай байгаагаар тус орны иргэдийн санхүүгийн боловсролын түвшнийг ч тодорхойлдог. Нэг сайхан мэдээ дуулгахад Монгол Улсын Үндэсний их баяр наадмын өмнө ХХБ-ны нэг харилцагч тогтмол хуримтлуулж чаддагийнхаа үр шимээр нэг өрөө байрны эзэн болох гэж байна. Баяр наадмынхаа өмнө байртай болоод гоё биш байна гэж үү? (инээв.сурв) гэх мэтчилэн олон ажил араасаа ундарна аа. Түрүүн хэлсэнчлэн бид харилцагч төвтэй банк зорилгынхоо хүрээнд төсөл хэрэгжүүлээд эхэлсэн. Дэлхийн том 100 гаруй банк ашигладаг “Teminos” систем гэж бий. Энэ төсөл нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээнд банк дэд бүтцээ сайжруулна. Би өөрөө төслөө удирдан чиглүүлж ажиллах юм.
-Нийслэлд инфляцийн түвшин өнгөрсөн сард өмнөх сартай харьцуулахад 1.4 хувиар нэмэгдэж, 16.2 хувьтай гарлаа. Танай банкны үйл ажиллагаанд инфляцийн дарамт мэдрэгдэж байна уу? Ер нь хямралын үед эрсдэлийн ямар менежменттэй ажиллах вэ?
-Инфляцийн хүндрэлийн асуудал зөвхөн Монгол Улсад биш, АНУ, Австрали, Финланд, Европын орнууд гээд олон улсад яригдаж байна. 1980-аад оны үед ч инфляцт нэлээн өндөр байсан. Ямар ч хүнд нөхцөлийг бид даваад л гардаг. Энэ удаад ч чадна гэдэгт итгэлтэй байна. Монголчууд харин ч илүү тэвчээртэй, хатуужилтай санагдсан шүү.
Банкны хэмжээнд хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах, зээлээ хянах зэрэг тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Бид бизнесийн харилцагч, иргэн, жижиг дундын харилцагч нартаа санхүүгийн зөвлөгөө өгч, тодорхой хэмжээнд туслаад ажиллаж байна. Иргэдийн хувьд зардал төсвөө илүү хянах, гэр бүлийн хөрөнгөө яаж илүү үнэ цэнтэй байлгах вэ гэдэг талаар ажиллах ёстой. Монгол Улсад дотоодоос бус, импорттой холбоотой, гадаад хүчин зүйлээс хамаарсан инфляцт байна. Монгол, Австрали улс газар доорх баялгаараа адилхан. Австралийн хувьд литиум, зэс, хий гэх мэтээрээ баялаг тул Европт нийлүүлээд, инфляциа тодорхой хэмжээнд тогтоон барьж чадаж байна. Тиймээс азтай. Монгол Улсад ч бас энэ боломж бий шүү дээ.
-Монголын банкуудын ашиг, өгөөжийн түвшин олон улсынхаас бага гэж эдийн засагчид ярьдаг. Энэ талаар таны дүгнэлт ямар байна вэ?
-Маш сайн асуулт байна шүү. Тантай уулзахаас өмнө би хүмүүстэй энэ сэдвээр яг ярилцаж байлаа. Та маш оновчтой, зөв ажиглаж харсан байна. Хөгжиж буй улс орнуудтай харьцуулбал ашгийн хувьд ойролцоо. Харин хөгжингүй улсуудын банкны хувьд активын өгөөж, өөрийн өгөөж нь илүү өндөр байдаг.
Монголд өрсөлдөөн ихтэй. Хүн ам багатай улс хэр нь маш олон банктай. Мөн банк бус санхүүгийн байгууллага ч олон. Давуу тал нь нэлээн эрүүл өрсөлдөөнтэй гэж би дүгнэсэн. Банк зүгээр л хүүгийн ашиг олоод, гараа дэлгээд суудаг байгууллага биш. Зээлийн хүү нь харилцах, хадгаламжийн хүүтэй уялдаатай. Бид харилцагчдадаа хадгаламжийн хүүгийнх нь өгөөжийг төлнө. Хамгийн том зардал нь энэ. Хоёрдугаарт, чанаргүй зээл орж ирнэ. Ялангуяа Монгол Улсад энэ асуудал бусад улс орон, тэр дундаа Австралитай харьцуулахад маш өндөр. Хүмүүс банкны зээлийн бүтээгдэхүүнээ зөв сонгож авах ёстой. Мөн зээлийн хүүгийн дарамтад өртөх эрсдэлээ маш сайн тооцоолох хэрэгтэй байна.
-Монгол Улсын нөлөө бүхий ТОП-5 банк нээлттэй хувьцаат компани болж, хувь эзэмшлийн төвлөрлөө бууруулахаар ажиллаж байна. Худалдаа хөгжлийн банкны хувьд энэ ажил ямар шатандаа явна вэ? Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд хүсэлтээ өгсөн үү?
-Банкууд зургадугаар сарын 30-нд IPO гаргаад, нээлттэй болох ёстой байсан. Гэвч УИХ-аас тухайн хугацааг сунгасан. Нэг хугацаанд бүх банк тодорхой эх үүсвэр татаад, IPO гаргаад, хөрөнгө татахад амжилтгүй болох магадлал өндөр гэж үзсэн. Хугацаа сунгаснаар бүх банк IPO-гоо амжилттай гаргах боломжтой. Хувьцаа эзэмшигч нарт ч илүү үнэ цэн, үр дүн авчирна гэж үзсэн.
Манай банкны хувьд IPO гаргахад бэлэн, бэлтгэл ажил бүрэн хангагдсан байсан. Гэхдээ хугацаа сунгасан нь ухаалаг алхам гэж үзэж байна. Яагаад гэвэл, Монголын дотоодын үнэт цаасны зах зээл ч тэр, олон улсын үнэт цаасны зах зээл ч тэр нэлээн тогтворгүй байна. Тиймээс тодорхой хугацаанд тогтворжсоны дараа IPO гаргах нь зүйтэй. Австралийн бүх банк IPO хийгээд, нээлттэй компани болсон. Австрали “Рио Тинто”, “BHB” гэх мэтчилэн маш олон уул уурхайн том компанитай. Гэсэн хэдий ч үнэт цаасны зах зээлийн 20 хувийг нь банк эзэлдэг. Энэ нь эрүүл үзэгдэл. Банк илүү тогтвортой үйл ажиллагаа явуулж, өндөр өгөөжтэй байдаг учраас хүмүүс хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг гэсэн үг. Мөн тэтгэврийн сангаар дамжуулан үнэгүй IPO авах ч боломжтой. Бид ямартай ч эхлээд IPO-гоо гаргаад, нээлттэй компани болоодохъё. Дараа нь харин үргэлжлүүлээд, олон улсын сайн жишгүүдийг нэвтрүүлээд явна гэдэгт итгэлтэй байна.
-Монголын банкны салбарт үйл ажиллагаа явуулахад хэр их хүндрэл бэрхшээл тулгардаг вэ? Хууль, эрх зүйн орчин хангалттай гэж үздэг үү?
-Би Монгол Улсад ирээд яг хоёр сар болж байна. Тийм учраас хууль эрх зүйн орчны талаар мэргэжлийн хэмжээнд хэлж чадахгүй ч Австрали, Сингапур зэрэг бусад улсуудтай харьцуулбал харилцагчаа хамгаалсан, мөнгө угаах, терроризмыг дэмжих, санхүүжилттэй тэмцэхтэй холбоотой, эрсдэлийн үүдийг хаасан гэх мэт бүх хууль эрх зүйн зохицуулалт байна. Илүү нээлттэй, инновацлаг байгаа нь ч ажиглагдсан. Энэ бол давуу тал. Зөвхөн банк гэлтгүй, банк бусууд, финтекүүд бүгд л маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна.
Гэхдээ банк хооронд эх үүсвэрээ зээлэх, зээлдүүлэх зах зээл хөгжөөгүй байна. Уг нь хууль, дүрэм журмын зохицуулалт бол байдаг юм байна лээ. Гэхдээ ашиглалт нь бага санагдсан. Мэдээж банк хоорондын итгэлцэл, итгэлцэл үүсэхэд юу нөлөөлөх вэ гээд олон зүйл яригдах байх. Яг өнөөдөр биш ч гэсэн ирээдүйд хөгжөөд явах боломжтой гэж харж байна.
-Монгол Улсын банкны салбарт дэлхийд танигдсан нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын компаниар санхүүгийн тайлангаа үнэлүүлдэг жишиг тогтоод олон жил болж байна. Худалдаа хөгжлийн банкны хувьд хөндлөнгийн аудитын ямар компаниар санхүүгийн тайлангаа үнэлүүлж байна вэ?
-Бид олон улсын “Big 4” буюу хамгийн том дөрвөн аудитын компанийн нэг “Ernst & Young (EY)-ээр санхүүгийн тайлангаа үнэлүүлдэг. Олон улсад нэр хүндтэй компанийн үнэлсэн санхүүгийн тайланд харилцагчид 100 хувь итгэж, санаа амар байж болно. Худалдаа, хөгжлийн банкны 2021 оны жилийн тайлан вэбсайтад байршсан. Уншигч та бүхэн манай албан ёсны вэбсайт руу хандаж, тайлантай танилцаарай.
-Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Би ч бас Бритто картаа үргэлж ашигладаг танай харилцагч. Үйлчлүүлдэг банкныхаа Ерөнхийлөгчтэй уулзах таатай байлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Дараагийн ярилцлагаа ирэх арван сард товловол ямар вэ? Та гурван сарын дараа Монголын талаар илүү их мэддэг болсон байх болов уу?
-Манай банкны харилцагч байгаад маш их баяртай байна. Танд ч бас амжилт хүсье. Дараагийн удаад дуртайяа ярилцах болно. Маш их баярлалаа. Удахгүй Монгол түмний хүсэн хүлээдэг Үндэсний Их Баяр наадам болох гэж байна. Эрийн гурван наадам үзэхийг би ч тэсэн ядан хүлээж байна. Та бүхэн сайхан наадаарай.
Холбоотой мэдээ