Согтууруулах ундааны татварыг 50 хувиар нэмэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундааны татварыг 50 хувиар нэмэх үү?

Согтууруулах ундааны татварыг 50 хувиар нэмэх үү?

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Тус хуулийн төсөлд архи, согтууруулах ундаа худалдах насны хязгаарлалт 21 байсныг 19 болгон бууруулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, 19 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдвал тэрхүү байгууллагыг торгох, мөн тусгай зөвшөөрлийг цуцалдаг байхаар тусгасан байна.

Өмнө нь 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдахыг хориглоно гэж заасан ч үүнийг баримталдаггүй, араас нь хөөцөлддөггүй, согтууруулах ундаа худалдан авч байгаа хүний бичиг баримтыг шалгадаггүй. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох аж.

Үүний зэрэгцээ согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэхээр тусгажээ. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг эхний жил нэмнэ. Энэ удаа нэлээн өндөр буюу бараг 50 хувиар нэмээд, дараа жилээс бага хатуулагтай архи, ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмэх аж. Ингэснээр согтууруулах ундааны зохистой хэрэглээ нэмэгдэнэ гэж үзжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн мэдээлснээр, 2021 онд 25.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 19 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Согтуурсан үедээ хүний амь бүрэлгэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар автомашин жолоодох, гудамж талбайд танхайрах гэх мэт гэмт хэрэг, зөрчил үйлддэг. 2021 онд согтуугаар үйлдсэн 76 мянган зөрчил бүртгэгдсэн байна.

2004 оноос хойших тоог харахад, архины 184 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 26 болж буурчээ. Спиртийн 12 үйлдвэр зургаа болж, шар айргийн 35 үйлдвэр 12 болсон байна. Хэдийгээр үйлдвэрлэгчдийн тоо буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ буураагүй аж. Манай орны согтууруулах ундааны хэрэглээ дэлхийн дунджаас өндөр. Цаашдаа архины зохистой хэрэглээ бий болгох үүднээс татварын бодлогоор үнийн өөрчлөлт хийх, худалдах газрын тоо, байршлыг өөрчлөх гэх мэт хэд хэдэн зүйлийг төсөлд тусгасан байна. Түүнчлэн архинд донтсон этгээдийг эмчлэх асуудлыг хаяж болохгүй учир архинд донтсон хүмүүсийг эмчлэх боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг ч тусгажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж