"АН-ын дараагийн лидер жам ёсоороо төрөх ёстой"

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

"АН-ын дараагийн лидер жам ёсоороо төрөх ёстой"

"АН-ын дараагийн лидер жам ёсоороо төрөх ёстой"

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН 14 дүгээр Их хурлаа хийсэн. Үүнээс нэг өдрийн өмнө УИХ дахь АН-ын бүлгээ тарааж байгаагаа зарласан. Бүлгээ яагаад, ямар зорилгоор тараах шийдвэр гаргасан юм бэ? 

-Хүн төрөлхтөн хоёрдугаар дайны дараа нэгдсэн үнэт зүйлтэй болсон. Тухайлбал, аль ч гүрэн асуудлыг хүчирхийллийн аргаар шийддэг байж болохгүй юм байна. Дайнаас хэн ч хождоггүй, бүгдээрээ хохирч үлддэг жамтай. Дээрээс нь олон сая хүний аминд халдана гэдэг байж болохгүй зүйл юм. Хүний амь нас хамгийн үнэт зүйл хэмээн дэлхий нийт тогтсон. Гэтэл энэ зарчмыг 70 жилийн дараа оросууд эвдчихгүй юү. Ингээд дэлхий хүлээж авахгүй болчхож байна. Сергей Лавровыг өөр улсад айлчилъя гэхэд хүлээж авах улс байхгүй байна. Зарим улс орнууд Лавровын нисэх онгоцонд агаарын хилээ ашиглуулахгүй гэлээ. Тэр битгий хэл ОХУ-тай ах дүү явж ирсэн Казакстаны ерөнхийлөгч “Уучлаарай Донецк, Луганскийг авсныг дэмжихгүй” гэж Петербургт Путины нүүрийг харж байгаад хэлж байна. Тэгэхээр ийм маягаар дэлхий хүчирхийллийг буруутгаж байна. Аль нэг хүчтэй том улс жижиг улс руу дайрвал дэлхий нийлээд хариуцлага ярьдаг болсон. Гэтэл ганц нээлттэй бүс нь Монгол болчихгүй юу. Монголоор дамжиж Ази, Европ руу гарах цонх нь болчихлоо. Бид энэ боломжийг ашиглах  ёстой. Гэхдээ Беларусь шиг Оросын дагуул, Оросын хэн нэгэн даргын тулгалтад ордог байж таарахгүй.

Сул талыг бид боломж гэж харах ёстой. Нэгэнт дайн биднээс хамаарахгүйгээр үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс урд хөрш, Оросыг холбосон худалдааны бүс болгох коридорыг нээх боломж байна. Энэ дайныг зогсоох гэрээ хэлэлцээрийг Улаанбаатар хотод яагаад хийж болохгүй гэж. Хөндлөнгийн улсад буюу гуравдагч оронд хийдэг. Иймэрхүү маягаар санаачилгыг гартаа авах боломж бидэнд бий. Тэгэхгүйгээр толгойгоо маажаад, яая даа, даргыг яаж аргалж явуулна гэвэл цаашдаа Монгол Улс явахгүй. Дэлхий Монголыг харж байна. Лавров юу гэж хэлж шахахыг дэлхий харж байна. Зарчим үнэт зүйлээ яривал биднийг дэлхий үнэлнэ.

-АН-ын бүлэг тарж, УИХ сөрөг хүчингүй боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ. АН цаашид яах вэ?  

-Бүлэг тарсан. Гэхдээ би эрх баригчдыг гайхаж байна. Монголд хийх ажил мундаагүй. Жишээлбэл, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Дарханы зам дээр гүйж очиж хүртэл “жижгэрлээ”. Салбарын сайд ажлаа хийж чадахгүй, Эрээний хилийг нээлгэхийн тулд сайдууд нь гүйж очдог боллоо. Монголын төр ингэтлээ жижгэрч болохгүй. Эрх баригчдад шийдэх олон асуудал байхад АН-ын бүлгийн асуудлыг яаралтай шийдэхээр сууж байгаад миний инээд хүрээд байгаа юм. Энэ хүмүүс АН-аар тоглож, гаднын гар  хөл болж ялангуяа, Лавровт гэнэтийн бэлэг барьж ийм юм хийж байгаа бол “Уучлаарай эрх баригчид аа, та нартай үзнэ шүү”. Өнөөдөр зуун жилийн түүхтэй МАН-ыг улс төрийн тэтгэвэрт гаргах цаг нь болсон. Монгол Улс залуусын орон гэж ярьдаг.

Шинэ арга сэтгэлгээ, шинэ замаар ажиллахгүй бол зуун жил явж ирсэн новширсон системээр ирээдүйн Монголыг удирдаж болохгүй. Хуучинсаг, хор хутгадаг, балиар “юм” хийдэг технологи байсаар байна. Яагаад өнөөдөр Монголыг зүрхэндээ тээхгүй байгаа юм бэ. Тэдний албан тушаал мөнх биш ээ.  Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ төрөхдөө албан тушаалтай төрөөгүй. Та нар жаахан ухаантай бай. Монголоо бод. Эрх мэдэлд шунасан шунал чинь та нарыг зуун жилийн түүхтэй чинь булшилж мэдэхээр байна.

-УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан чуулган дээр АН-ыг бүлгээ нэгтгэхийг хүсч УИХ сөрөг хүчингүй боллоо. Ингэснээр ард түмэн сөрөг хүчин болчихлоо гэдгийг онцолсон. Үүнтэй та санал нийлэх үү?

-Бид нарын нийлэх, нэгдэх асуудал Г.Занданшатарт ямар хамаатай юм. Яагаад харин оролцох гэж дуугараад байгаа юм. Хоёрдугаарт, тэд сөрөг хүчингүй болох алхмыг 2020 онд хийсэн. Сонгуулийг луйвардсан. Сонгуулийг шударгаар хийсэн үү. “Энэ” хүмүүс саналыг хагалж, өөрсдөдөө зориулсан систем хийгээд үнэмлэхгүй эрх мэдлийг авч шунасан нь үнэн. Одоо хэнээс буруу хайх гээд байгаа юм. Та нар ял ямбаа үүрлэ дээ.

Эрх баригчид хоёрхон жилийн дотор нугарч байна. Цэнэг нь дуусаад больё, бид Монголын асуудлыг авч явж чадахгүй юм байна хэмээн бууж өгч байна. Аргаа бараад хэнээс буруу хайх уу гэж толгойгоо гашилгаад Үндсэн хууль руу чихэж үзээд, эсвэл АН-руу чихсэн ийм арчаагүй үйлдэл хийж байна.  Үнэхээр бядтай юм бол энэ улсыг аваад яв л даа.

-Та намын даргын асуудлыг юу гэж харж байна. Зарим нь хуучин лидерүүдээсээ салж шинэ лидертэй болохгүй бол АН цаашдаа арчигдаж магадгүй гэсэн айдас болгоомжлолтой байгаа шүү дээ ?

-Нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашгийг харж хувийн эрх ашгаа хойш нь тавиад явах хүн хэрэгтэй байна. Шинэ үеийн манлайлал хэрэгтэй. Гэхдээ лидер гэдэг хэн нэгэн хоймортоо тавиад, урьж залаад бий болдоггүй.  Тэмцэл дундаас унаж, босч байж төрнө. Тийм лидер бол жам ёсны лидер. Харин хэн нэгэнд гоё хувцас өмсгөөд алтан титэм толгойд нь углаад магтаад байвал хэсэг байж байгаад уначихдаг. Тиймээс АН-ын лидерүүд тэмцэл дундаас төрсөн. Харин МАН бол хэн ч байсан нэгнийг оройдоо залаад, тэрийгээ тойроод “бүжиглэдэг”, даргаа шүтэж амьдардаг нам шүү дээ.  АН-ын дараагийн лидер жам ёсоороо төрөх ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг та Г.Занданшатарын үед хийх хэрэггүй гэж байсан. Яагаад тэр вэ. Таныг Үндсэн хуулийг дэмжиж байгаа гэж ойлгосон? 

-Г.Занданшатарын байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй. Г.Занданшатар 2019 онд Үндсэн хуулийг өөрчлөөд “ахиж Үндсэн хуульд гар хүргүүлэхгүй” гэж ярьсан. Улстөрчийн амнаас гарч буй үг үйлдэл нийлдэг байх ёстой. Хоёр жилийн дараа өөр юм яриад гүйдэг байж таарахгүй. Ёс суртахуун байх ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуулийн хувьсгал хийлээ, энэнээс хойш Үндсэн хуулийг өөрчлөх хэрэг байхгүй гэчихсэн. Гэтэл хоёр жилийн дараа үнэ өсөөд байна, улс орон баларлаа, ерөөсөө Үндсэн хуулийн буруу юм байна гээд өөрчилж болохгүй. Ингэвэл дараагийн бүтэхгүй, увиагүй амьтад гарч ирвэл “хоёр жилийн дотор Үндсэн хуулийг өөрчилж болж байна, дараа нь ерөнхийлөгчийн засаглалтай больё гэж тогтворгүй байдлыг бий болгоно. Дагаад шинэ үеийн популистууд гарч ирээд Монгол Улсыг самардаг, тоглодог байдал руу аваачдаг буруу жижиг тогтоож болохгүй.

Нэг зүйлийг үнэхээр гайхаж байна. Бензиний үнэ нэмэгдэхэд яагаад Үндсэн хууль буруутай гэж. Ямар ч логик байхгүй байна. Энэ бол арчаагүй төрийн буруу. Хөөрхий ардчилсан Үндсэн хууль муу хууль байгаагүй. Ямар ч байсан 30 жил Монгол Улсыг дарангуйлал руу аваачсангүй. Түүхэн үүргээ гүйцэтгэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж