Сурвалжлага: Увс нуур дэвжээний сорилго

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Увс нуур дэвжээний сорилго

Сурвалжлага: Увс нуур дэвжээний сорилго

Нар хур тэгширсэн наадмын өдрүүд хаяанд иржээ. Наадмаа угтан бөхчүүд нутаг нугаараа хэдийнээ гал болон гарч, бэлтгэлээ базааж байна.  Ардын хувьсгалын түүхт ойн түрүүг алдаж үзээгүй Увс нуур дэвжээний наадмын сорилго барилдаан, галын тахилга өнгөрсөн амралтын өдөр уламжлал ёсоор Харзтайд байрлах “Шүтээн” амралтын газар боллоо. Нар хур тэгширсэн зуны налгар, цэлмэг өдөр бөхдөө хайртай Увс нутгийн зон олон галын сорилго барилдааныг өргөнөөр үзэж сонирхсоны дотор тус аймгаас төрөн гарсан улс төр, урлаг соёл, нийгэм, бизнес, спортын зүтгэлтнүүд ч ирсэн байв.

“Том, жижиггүй “Гараад ир, ах. Ганц барилдчихъя” гээд зүгээр байлгадаггүй ганц аймаг бол Увс” гэж дархан аварга А.Сүхбат нэгэнтээ дурссан байдаг. Цэнхэр тэнгэрийн орон гэгддэг баруун хязгаарын их нууруудын хотгорыг хүчтэний өлгий нутаг гэдэгтэй маргах хүн тун ховор биз. Увс нутгаас төрсөн төрийн наадам түрүү, үзүүр бөхчүүдийн тоо, аварга, арслан тэргүүтэй улсын цолтнуудын эрэмбэ, чансаа, түүх домог үүнийг хангалттай гэрчилнэ.

Ялангуяа сүүлийн жилүүдэд Увс нуур дэвжээний бөхчүүд тогтмол улсын наадмын түрүү, үзүүрт шалгарч байгаа бахдам амжилттай.

“Шүтээн” амралтын ойр хавьд машин байрлуулах зайгүй болтлоо бөх сонирхогчид хуран цуглаж, улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн ирэх наадмын өнгийг сонжиж, өөр өөрсдийн тааврыг дэвшүүлцгээж байлаа. Увс нуурын сорилгод Увс, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд болон Тува улсын зэрэг нийт хүчит 128 бөх хүч бяр, уран мэхийг уралдуулсан юм. Гэхдээ нэг сэтгэл гонсойлгосон үйл явдал тохиосон нь П.Бүрэнтөгс аварга, С.Мөнхбат аварга, Н.Жаргалбаяр заан, Т.Баасанхүү харцага нар зодоглосонгүй, сорилго барилдааныг үзэгчдийн суудлаас сонирхсон. Н.Батсуурь аварга, Ө.Бат-Орших гарьд, Ц.Мөнхбаяр харцага тэргүүтэй бөхчүүд бусдыгаа манлайлав.

Харин хоймор асарт дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням зэрэг цагийг эзэлсэн аваргууд саатан, барилдааныг үзэн сонирхлоо. Буурал аваргын хувьд 80 дөхөж байгаа ч энэ жилийн 100 жилийн ойн наадамд ард түмнээ хүндэтгэн, 1000 бөхийн манлай болон зодоглохоо мэдэгдсэн билээ.

Асарт шавь нарынхаа барилдаж буйг анхааралтай гэгч нь ажиглаж байсан Увс нуур дэвжээний багш О.Балжинням аваргатай цөөн хором ярилцав. Тус дэвжээний бөхчүүд зургадугаар сарын 13-наас эхлэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлдээ гарчээ. Харзтайд Увс нуур дэвжээнээс гадна Баян-Өлгий, Өмнөговь, Говь-Алтай зэрэг аймгийн бөхчүүд бэлтгэлд мөн гарчээ.

О.Балжинням аварга “Бөхчүүдийн бэлтгэл тун сайн байна. Энэ жил бороо хур ихтэй, сайхан зун болж байна. Манайд даян аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аварга, С.Мөнхбат аварга гэсэн гурван аварга байна. Мөн Ө.Бат-Орших гарьд тэргүүтэй улсын цолтнууд бий. Бас өнгөрсөн жилийн наадмаар дөрөв давсан Д.Тогтохжаргал, Н.Хүрэлсүх зэрэг сайхан аймгийн арслангууд бэлтгэлээ хийж байна даа. Энэ хэд маань ирэх наадмаар сайн барилдах байх” гэв.

Энэ зун хур бороо сайтай байсан нь бөхчүүдийн бэлтгэл сургуулилалтад эерэгээр нөлөөлсөн аж. Оройдоо бороо ороод, өдөртөө нар гарч байсан нь бэлтгэл хийх аятайхан орчин нөхцөл бүрдүүлсэнийг Ардын багш О.Балжинням аварга онцолж байв.

Үд дундын үед сорилго барилдааны нэгийн даваа эхэлж, хүчит бөхчүүд дэвээ шаваагаа хийсээр, зүлэг ногоон дэвжээнээ гарч ирсэн юм. Ёстой л найман настай балчраас наян настай буурал хүртэл зодоглож, хурсан олныг цэнгүүлсэн. Даян аварга Н.Батсуурь нэгийн даваанд найм, есөн настай болов уу гэмээр бяцхан хүчтэнтэй учраа таарсан бол 1987 онд улсын заан Д.Амгаагаар тав даван улсын начин цол хүртэж байсан Л.Цэвээн 70 дөхөж байгаа хэдий ч дэвжээнийхээ сорилгод барилдаж, нутгийнхнаа баярлуулсан.

Тус сорилго барилдааныг гадаад, дотоодын олон зочин гийчин үзэж сонирхов. Тодруулбал, Японы жүдогийн алдарт тамирчид болох Сүзүки Кэйжи, Жоширо Марүяама, Санширо Мүрао, Кагэүра Кокоро, Саито Тацүрү нар ирсэн юм. Мөн “Алдар” спорт хорооны багш, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ирж, нэг, хоёрын давааг тайлбарлан хүргэсэн. Сүүлийн жилүүдэд бөхийн тайлбарыг тун чадамгай хүргэж буй тэрбээр хурсан олныг баясгаад амжсан.

Аймгийн начин Д.Цэнд-Аюуш, аймгийн заан Г.Дармаажанцан нарын барилдааны үеэр Т.Өсөх-Ирээдүй харцага “Та хоёр хаялцахгүй бол эндээс давхраар чинь хасчих гээд л байна шүү. Алив босоорой. Жаахан амаръя гэсэн юм байхгүй шүү. Цаана чинь бөхийн салбар хорооноос хүмүүс ирчихсэн, дүрмийн өөрчлөлт танилцуулах гээд байна. Та хоёр л үлдчихлээ. Д.Цэнд-Аюуш саналаараа хасагдъя гэнэ. Тийм юм байж болохгүй ээ, дүү минь. Ингээд Д.Цэнд-Аюуш анх удаагаа өөрийн хүслээр хасагдсан бөх боллоо” гэж ярьж, үзэгчдийг хөгжөөв.

Залуу харцага Б.Орхонбаяр багшийнхаа хамтаар явсан нь олны анхаарал татсан. 100 жилийн түүхт ойн наадмаар түүнийг цолоо ахиулах бөх гэж олон хүн харж буй. Энэ ч утгаараа Сэлэнгэ нутгийн залуу хүчтэн Увсын бөхчүүдийн барилдааныг үзэж сонирхон, өрсөлдөгч нараа судалж байлаа. Мөн улсын заан Н.Жаргалбаяр асарт сууж байсныг гярхай бөх сонирхогчид онцолсон. Бэртэл гэмтэл, Covid-19-ийн халдварын улмаас жил гаруй хугацаанд заал, танхимын барилдаанд зодоглоогүй түүнийг түрүү бөхийн тааварт оруулах хэцүү ч тэрбээр аймгийн начин цолтой байхдаа "Ардын хувьсгалын 100 жилийн ойд би түрүүлнэ. Аварга цол хүртэнэ" гэж багшдаа амлан захиа бичиж байсан нь ил болсон. Манлай зааны жин их хассаныг л бөх сонирхогчид ам уралдан ярьж байв.

Ийнхүү хоёрын даваа дууссаны дараа баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар комиссын албаны хүмүүс баяр наадмаар дагаж мөрдөх шинэчлэгдсэн бөхийн дүрмийг бөхчүүдэд танилцуулсан. Энэ үеэр Бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас хэдэн зүйл тодруулав. Шинэ дүрмийн онцлох заалт нь аймгийн арслан цолтой бөхчүүд улсын баяр наадмын гурав болон тавын даваанд ам авах гэнэ.

Ц.Магалжав “Долдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд бөхийн холбоо, бөхийн салбар хорооноос шинэ батлагдсан хууль, дүрэм хоёрыг бөхийн галуудаараа танилцуулж байна” гэлээ. Түүнээс Э.Оюунболд арслангийн барилдах эрх сэргэсэн эсэх талаар тодруулахад “Бөхийн холбооны удирдах зөвлөлөөс бөхчүүдэд шийтгэл ногдуулсан. Нөхцөл байдал ямар болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Баянзүрх дүүргийн шүүхээс шийдвэр гарган, тэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан биелүүлэх мэдэгдэл ирүүлж, Э.Оюунболд барилдсан. Ийм учраас өнгөрсөн зун допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн асуудлыг бөхийн холбооны тэргүүлэгчид хэлэлцэнэ. Э.Оюунболд наадамд барилдах боломж нь бүрдсэн” гэж хариулав.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат түүний хувьд энэ жил ажил ихтэй учир нутгийнхаа бөхчүүд дээр очиж, бэлтгэл сургуулилалттай нь танилцаагүй яваагаа хэлсэн юм.

Ийнхүү Увс нуур дэвжээний сорилго барилдаанд Увс аймгийн Давст сумын харъяат, аймгийн арслан Б.Сэр-Од түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, аймгийн харцага Х.Наранбаяр үзүүрлэж, их шөвөгт улсын гарьд Ө.Бат-Орших, цэргийн нэмэх начин Т.Батсүрэн нар тус тус үлдсэн юм.

Барилдаан ч дуусч, түрүү үзүүрт үлдсэн, их шөвөгт шалгарсан бөхчүүдийн бай шагналыг гардуулсаны дараа бөхчүүд оройн тоондоо жагссан. Дэвжээний бөхчүүд тэнд хүрэлцэн ирсэн дархан аварга Х.Баянмөнхийг хүндэтгэж, түүний тухай "Мөнхөд дуурсагдах хүчтэн", Монгол түмний зүрхэнд уяатай "Халуун элгэн нутаг" зэрэг дууг дуулав. Төгсгөлд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Улсын драмын эрдмийн театрын захирал, "Увс нуур" галын гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбуу, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар нутгийнхаа бөхчүүдэд амжилт хүсч, түүхт ойн түрүү бөхөөр шалгарахыг ерөөсөн юм.

Дашрамд сонирхуулахад, Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор С.Мөнхбат аварга, 80 жилийн ойгоор дархан аварга А.Сүхбат, 70 жилийн ойгоор О.Балжинням аварга, 60, 50 жилийн ойгоор дархан аварга Х.Баянмөнх зэрэг Увс аймагт төрсөн болон тус нутгийн хүргэн байсан бөхчүүд тэгш ойгоор түрүүлээд буй юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж