Наадмын дараа намарт бэлэн үү, монголчууд аа!

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Наадмын дараа намарт бэлэн үү, монголчууд аа!

Наадмын дараа намарт бэлэн үү, монголчууд аа!

Статистикийн тоон үзүүлэлтүүдийг харахад хямрал хэдийнэ хаалга тогшоод ороод ирж. Инфляци хоёр оронтоо тоо давж, төгрөгийн ханш улам унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөр бус цагаар өсч буй ч үүнд эрх баригчид нь ч, иргэд  нь ч санаа зовж байгаа юм алга.  Найр наадам, амралт зугаалга, аялал ярьсан хүмүүс л хаа сайгүй. Гэвч, зуны сар зургаа биш болохоор нэг л өдөр намар, нэг л өглөө өвөл болчихсон байх нь гарцаагүй.

Covid-19 цар тахлын хоёр жилийн хугацаанд эдийн засаг агшиж, экспорт, импорт буурсан, олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, хил дээр ачаа нь овоорсон, арилжааны банкууд нь зээл гаргаж чадахгүй, үнэндээ Монгол Улс хэзээ мөдгүй дефолт зарлахад бэлэн байна. Гэтэл  хоёр жил наадамлаж чадаагүй болоод ч тэр үү монголчууд аймаг, сумдын тэгш ой, айраг цагаа ярьсан шигээ сууж байна. Үнэндээ Монгол Улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Бүтээн байгуулалт хийж, ажлаа амжуулах улирал нь зуны хэдхэн сар. Харамсалтай нь, зун болохоор дээр, дооргүй бүгд амарч, зугаалаад ажил хийх хүнгүй болчихдог.

Төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадмаа хоёр жилийн дараа тэмдэглэхээр болсон, 100, 101 жилийн тэгш ой давхцаж байгаа гээд нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэх гэж байгаа ч бид наадмын дараа намар болдгийг марталгүй төр нь, иргэд нь ч эдийн засгийн хүндрэл, орлого буурсан, үнийн өсөлтийг мэдэж, мэдэрч төлөвлөх шаардлагатайг эдийн засагчид анхааруулж буй.

Ялангуяа дэлхийн геополитикийн нөхцөл байдал, Хятадын “тэг ковид” хөтөлбөр зэргээс шалтгаалж эдийн засгийн өсөлт саарахгүй, үнийн өсөлт хэвээр байх үед иргэд ч гэсэн хямралд бэлтгэлтэй байх ёстой.

Олон нийтийн сүлжээнд эдийн засаг нь хямарч байхад эрх баригчид нь муур, нохойны эрх, морины сэрвээ, бөхийн цол ярьж буйг шүүмжилснийг хүлээн авсан уу эсвэл дүр эсгэсэн үү. Ямар ч байсан УИХ-ын дарга нь ч үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар буурсан, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөл үүссэн учраас Үнийн өсөлтийн дарамтыг бууруулах ажлын хэсэг байгуулахаа мэдэгдсэн. Тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ 2.5 дахин, зарим нэр төрлийн бүтээгдэхүүн 39 хувь хүртэл нэмэгдсэн. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч энэ жишгээр нэмэгдсэн. Шатахууны үнэ литр тутамдаа 164 хувь буюу 1.6 дахин нэмэгдсэн нь хүнсний болон бусад бараа, бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнээр хүрч байна.

УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгой анхаарлынхаа төвд зайлшгүй байлгах шаардлагатай байгааг мэдэгдэв. Ажлын хэсэг байгуулснаараа бол монголчууд аль хэдийнэ хямралыг давчих байлаа.

Улсын хэмжээнд инфляци 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьтай гарч, Төв банк бодлогын хүүгээ нэг нэгжээр нэмэв. Инфляци өссөн шалтгаан нь шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлттэй холбоотой. Харин шатахуун, хүнс, импортын барааны үнэ өссөн нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн хоёр сард хурдтай өсөхөд нөлөөлснийг албаныхан тайлбарлаж буй. Гадаад инфляци, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаа учраас Төв банк бодлогын хүүгээ нэмсэн гэдгээ тайлбарласан. Ингэхдээ үнийн өсөлт цаашид ч хэвээр үргэлжилнэ гэдгийг тодотгосон.

Ялангуяа хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт энэ онд ч сэргэх төсөөлөл байхгүй байгааг эдийн засагчид анхааруулсаар байна.

Наадмын дараа намар. Намар хичээл, сургуулийн цаг эхэлж, тариалалт, хүнсний ногооны дотоодын хэрэгцээ, сургалтын төлбөр, хичээлийн бэлтгэл гээд хүний хэрэгцээ дуусахгүй. Гэвч хил, гаалийн нэвтрэлт, орлого буурсан энэ үед үнийн өсөлт хэвээр хадгалагдана. Дээрээс нь арилжааны банкууд цалин, тэтгэвэр, ипотекийн зээлүүд олгохгүй байгаа үед бүр л хэцүүднэ.

Биднийг наадамлаж байх зуур дэлхийн зах зээл дээрх өсөлт, бууралт хэрхэн үргэлжлэхийг ч тааварлашгүй. ОХУ, Украины асуудал хэрхэн өрнөж, ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал ч бидэнд ямар нөлөө үзүүлэх, ямар “бэлэг” барих нь тодорхойгүй байна. Тиймээс иргэд ирээдүйд ирэх хямралд одооноос эхэлж бэлтгэн, бүсээ чангалах шаардлага ч үүсч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж