АН-ын XIV их хурал болж байна. Энэ үеэр АН-ын гишүүн Д.Алтанхуяг, тус намын дарга С.Эрдэнэтэй санал зөрсөн тул тайзан дээр гарч түүний биед халдаж, танхайрсан юм. Улмаар хурлын уур амьсгал ширүүслээ. Хурлын явцын талаар АН-ын сонгогдсон дарга М.Тулгатаас тодруулав.
-АН-ын XIV их хурал болж байна. Сая дотор хурлын уур амьсгал ширүүсч С.Эрдэнэ даргын биед халдсан асуудал гарлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ удаагийн хурлаар намын хуучин дарга С.Эрдэнэд АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг олгохыг хэлэлцэх асуудалд оруулсан байна лээ. Үүнийг бидний зарим залуусын зүгээс эсэргүүцэж байна. Үр дагаврыг бодож шийдэх ёстой асуудал юм. Үндсэндээ нийгэмд “хуучин даргаа дахиад баталчихлаа” гэдэг мессеж явах юм. Энийг сайтар хэлэлцэх нь зүйтэй. Тэгэхийн тулд хурлын уур амьсгал маш чухал. Хурлын дарга тэргүүлэгчдийг дүрмийн дагуу ҮБХ-ны хурлаар баталсан байдаг. АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр өөрөө мэдээгүй байхад нь асуудлыг өөрчлөөд огцом оруулсан. Үүнээс болоод маргаан өрнөсөн. Тиймээс их хурал хүчин төгөлдөр мөн үү гэдэг эрсдэлийг үүсгэх юм.
-АН хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Гэтэл тайзан дээр бүдүүлэг үйлдэл гаргаж байгаа нь хэр зохистой вэ?
-Тэр асуудалд тухайн хүний үгээ, хэлэх үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Гэхдээ хүч хэрэглэх байдлаар асуудалд хандах нь буруу. Тийм болохоор улс төрийн хариуцлагатай сонгуульт гишүүний хувьд хүндэтгэлтэй хандах, хамгийн гол нь хурлын үр дүн, зөв шийдвэр гаргахын төлөө ухаанаа уралдуулах ёстой.
-ҮБХ-ны гишүүдийг батламжиллаа. Цаашдаа процесс яаж өрнөх вэ. АН-ын шинэ даргын асуудал хэзээ яригдах вэ?
-Даргын асуудлыг ойрын хугацаанд шийдэх нь зүйтэй. Өнөөдрийн хурлаас дараагийн их хурлаа товлох, намын даргыг сонгох хурлыг товлох зэрэг асуудлыг шийдэх нь зүйтэй.
Гэтэл өнөөдөр хуучин даргаа намын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх олгохыг хэлэлцэх асуудалд оруулсан байна. Батлагдах эсэхийг мэдэхгүй. Зохион байгуулалттай батлахыг үгүйсгэхгүй. Хурлын зохион байгуулалтаас авхуулаад асуудал эхэлчихлээ. Угтаа бол АН-ын хувьд өнгөрсөн сонгуулиудад ЕНБД Ч.Өнөрбаяр, Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгууль гэх зэргээр төрийн байгууллагатай харьцаад ирсэн. Мөн гуравдугаар сарын 31-ны өдөр УДШ-д намын дүрэм шинэчлэгдэн батлагдах хүсэлтийг Ч.Өнөрбаяр дарга өгсөн. Бид төрийн байгууллагатай харилцаанд хүндрэл үүсээгүй. Гэтэл заавал өмнөх дүрмээр огцорсон даргыг батлахаар улайран зүтгэж байгаа нь миний хувьд тун сэжигтэй санагдаж байна. Манай төлөөлөгчид хурлаас гарах шийдвэр, юуг дэмжиж, юунд гараа өргөхөө ухамсарлаж хариуцлагатай хуралдаа оролцох хэрэгтэй.
Холбоотой мэдээ