Оросыг түлхэн унагах сөрөг довтолгооны төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2022.07.04-нд нийтлэгдсэн

Оросыг түлхэн унагах сөрөг довтолгооны төлөвлөгөө

Оросыг түлхэн унагах сөрөг довтолгооны төлөвлөгөө

Орос, Украины дайн эхлэснээс хойш 18 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Энэ хугацаанд геополитикийн олон чухал үйл явдал боллоо. Тодруулбал: Европын холбоо зургадугаар сарын 23-нд Украин, Молдав улсуудад нэр дэвшигчийн статусыг албан ёсоор олгосон. Дайн эхэлснээс ердөө долоо хоногийн дараа уг хоёр улс өргөдлөө гаргасан юм. Европын холбоо өргөдлийг урьд өмнө нь ийм хурдацтайгаар шийдвэрлэж байсан удаагүй аж.

Түүнчлэн Финланд, Швед улсууд тавдугаар сард НАТО-д элсэх хүсэлтээ гаргаж, улмаар зургадугаар сарын 29-нд хүсэлт нь ёсчлон биелэв. Энэ нь мөн л урьд өмнө байгаагүй хурдацтай үйл явдал болов. НАТО бэлэн байдлын хүчнийхээ тоог 40 мянгаас 300 мянга хүртэл өргөжүүллээ. Украин НАТО-д элсэн ороогүй ч тус эвслийн аюулгүй байдлын халхавч дор нэгэнт ороод ирсэн нь тодорхой болов. Владимир Путин Украин руу довтлох болсон гол шалтгаан нь НАТО-гийн тэлэлт байсан гэж “Al Jazeera” хуудаст онцолжээ.

“Украиныг Зөвлөлтийн үеийн техник хэрэгслээс НАТО-гийн орчин үеийн техник хэрэгсэлд шилжихэд бид урт хугацаанд тууштай тусална” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлсэн.

“Их-7”-гийн удирдагчид зургадугаар сарын 27-нд чуулж, Украиныг тууштай дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Оросыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаараас гарахыг шаардсан. Энэхүү уриалга нь Украины нутаг дэвсгэрийн хамгийн дээд амбицыг бэхжүүлж буй хэдий ч холбоотнууд бүгд үүнийг дэмжээгүй аж.

ОХУ-ын арми Украины Кременчук хотын худалдааны төв рүү пуужингаар довтолж, 18 хүний амь нас үрэгдсэн. Эл үйлдлийг зургадугаар сарын 28-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл буруушаав. Москвагийн эсрэг НҮБ-ын Аюулгүй байдлын тогтоолуудыг Орос, Хятад хоёр улс хориглодог тул энэхүү буруутгал нь мөн л түүхэн "мөч" болжээ. Үүнтэй холбогдуулан Албани, Франц, Ирланд, Норвеги, Их Британи, АНУ, Украин зэрэг улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нэрийн өмнөөс мэдэгдэл гаргасан.

Геополитикийн хуваагдал ийн даамжирч буйн нөгөө талд БНХАУ Орост хамгийн хүчтэй дэмжлэг үзүүлэв. “Үндэстнүүд хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, сөргөлдөөн, нэг талын хориг арга хэмжээнээс татгалзаж, хориг арга хэмжээг урвуулан ашиглахыг эсэргүүцэх хэрэгтэй” гэж Ши Жиньпин хэлсэн.

УКРАИН ЯГ Л ПҮРШ ШИГ УХАРЧ БАЙНА

Оросууд зургадугаар сарын 24-нд Северодонецкийг эзлэн авсан. Мөн зүүн Луганск муж дахь Украины хяналтад байсан сүүлчийн хот болох Лисычанскаар дайтаж байв. Харин Луганскийн захирагч Сергей Хайдай хэлэхдээ “Азовсталь гангийн үйлдвэрт болсон шиг цэргүүдээ бууж өгөхөөс сэргийлэхийн тулд Северодонецкийг орхино” гэжээ. Цэрэг эргүүлэн татах ажиллагаа хэд хоног үргэлжлэх байсан ч Оросын телеграм сувгаар “Орос улс Северодонецк болон Бахмут-Лысычанскийн хурдны замд хяналтаа тогтоолоо” гэж мэдэгдсэн. Бахмут-Лысычанскийн хурдны зам нь Северодонецк руу чиглэсэн логистикийн гол өргөн чөлөө юм.

Оросын цэргүүд зүүн бүсэд довтолгоогоо үргэлжлүүлэхээс зайлсхийж, оронд нь өмнөд бүсийг удаанаар бүслэжээ. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан Самир Пури энэ явдлыг тайлбарлахдаа “Тэд дөрөвдүгээр сард стратегиэ өөрчилсөн учир энэ нь гайхалтай удаашралтай ахиц дэвшил боллоо. Оросууд Луганскийг бараг эзэлсэнгүй. Донецкийн 50 хувь нь Украины мэдэлд байна. Украинчууд 7-8 жилийн турш ухсан олон хамгаалалтын шугамтай. Наймдугаар сар хүртэл Оросоос ахиц дэвшил хүлээлтгүй” гэжээ.

Украин сүүлийн долоо хоногт Харьков болон түүний эргэн тойрон дахь хэсгийг эргүүлэн авч, Оросын цэргийг өмнөд хэсгийн Херсон руу ухраав. Дайны эргэлтийн цэг болох тодорхой үйл явдлууд наймдугаар сараас эхэлнэ гэж Украины Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов хэлжээ. Тэрбээр “Украин 1991 оны үеийн хил рүүгээ буцна. Оны эцэс гэхэд байлдааны идэвхтэй ажиллагаа үгүй болно. Бид ойрын ирээдүйд нутаг дэвсгэртээ хяналтаа эргүүлэн авах болно” гэж хэлсэн байна.

"Зүйрлэвэл одоохондоо Украин яг л пүрш шиг ухарч байна. Тэд НАТО-гийн зэвсгийг хүлээж, энэ зуны сөрөг довтолгоонд бэлдэж байна" гэж Самир Пури тайлбарлажээ.

БЕЛАРУСЬ ДАЙНД ОРОЛЦОХ УУ?

Энэ долоо хоногт дайны тактикт гарсан мэдэгдэхүйц өөрчлөлт нь Орос Беларусийн нутаг дэвсгэрээс агаарын хүчээ ашигласан явдал байв. Тухайлбал, зургадугаар сарын 25-нд Оросын 62 пуужингаар Украины хойд, баруун, төв, өмнөд хэсэгт фронтын шугамаас алслагдсан хотуудад цохилт өгчээ. Мөн Беларусийн нутаг дэвсгэрт анх удаа "Искандер" пуужингийн батерейг идэвхжүүлсэн. Кременчук хотын худалдааны төв рүү 500 кг жинтэй хоёр пуужин харвасан үйлдэл ч үүнд багтана.

Беларусийн тусгай хүчин 4000-6000 бие бүрэлдэхүүнтэйгээр 1500 орос цэргийн хамт Украины хилийн ойролцоо бэлтгэл сургуулилалт хийж байгааг Тагнуулын дэд дарга Вадим Скибицкий хэлэв. Тэрбээр "Беларусь дайнд оролцоно гэдэг нь Лукашенкогийн дэглэм нуран унаж буйг илэрхийлнэ" гэж онцолжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн Баасан гаригт "Барууны орнуудын хориг арга хэмжээ Орос-Беларусь хоёрыг нэгтгэх үйл явцыг түргэсгэж байна" гэж хэлэв. Тодруулбал, Орос, Беларусийн бүс нутгийн чуулга уулзалт жил бүр тогтмол болдог. Энэхүү уулзалтын үеэр Путин үг хэлэхдээ барууны хориг арга хэмжээний урьд өмнө хэзээ ч байгаагүй дарамт шахалт бидний нэгдэх үйл явцыг улам хурдасгаж байна" гэжээ.

Украинтай хил залгаа хөрш зэргэлдээх холбоотнууд ЗХУ задран унасны дараа хурцадсан харилцаагаа бэхжүүлэх зорилгоор 1997 онд гэрээнд гарын үсэг зурсан. Холбооны гэрээний дагуу улс бүр тусгаар тогтносон хэвээр байгаа ч харилцан иргэддээ оршин суух болон иргэний харъяаллын эрх олгодог.

Минскийн 2020 оны сонгуулийн дараа Орос улс Беларусьд засгийн газрын эсрэг жагсаалыг дарахад дэмжлэг үзүүлсэн. Энэ үеэс хойш Лукашенко Путинтэй ойртож эхэлсэн. Улмаар хоёрдугаар сарын 24-нд Москва Украинд халдан довтлох үед Беларусийг ашиглахыг Лукашенко зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: ALJAZEERA, MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
11
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж